Монгол орныг тахийн уугуул нутаг гэдэг. Тийм болохоор ховордож устсан энэ амьтныг хамгийн түрүүнд харсан хүмүүс нь монголчууд болж таарна.
Тухайн үед шинжлэх ухааны нээлт, патент гэдэг юмнаас хол хөндий байсан учраас энэ зэрлэг адууг монголчууд өөрсдөө тоож мэдсэнгүй.
Харин яагаад орос хүнээр овоглогдох болсон нь сонин. Аялж, тэнэхийн донтой оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн Н.М.Пржевальский гэгч тэртээх XIX зууны эхэнд төв Азийг судлах гэж монголоор аялахдаа манай тахийг олж үзчихээд би адууны өвгийг оллоо гээд дэлхий дахинаа зарлачихсан гэдэг. Түүнээс хойш тахийг “Пржевальскийн адуу” гэж түүхэнд тэмдэглэгджээ.
Учир нь зэрлэг энэ адууг өөрийн нэрээр нэрлэх болсон тэрхүү орос эрдэмтэн тахийг анх удаа шинжлэх ухааны дансанд оруулсан гавьяатай хүн гэж хэлж болно. Өнгөрсөн зуунд Монголын говийн зэрлэг тахь устаж Улаан номд орсон удаатай. Соёлт хүмүүсийн санаачилгаар дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд байсан цөөн тахийг уугуул нутагт нь авчирч өнөөдөр Хустайн нуруунд олон тоо толгойгоор үржиж өсөөд байна.
Монголд байдаггүй “хэцүү нэрт”-д орсон усан цэргийн цамцыг санагдуулам хар цагаан судалтай Африк тивийн тахийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Сонирхуулж хэлэхэд энэ амьтан цагаан дээр хар судалтай юу эсвэл хар дээр цагаан судалтай юу гэдгийг эрдэмтэд өнөөг хүртэл хэлчихэж чадаагүй гэх. Олон зуун жилийн өмнө Африк тивд алаг тахинаас их юм байгаагүй гэдэг.
Тэгвэл энэ тивд цагаан арьстнууд ирснээс хойш ихээхэн ховорджээ. Одоо энэ амьтныг ӨАБНУ, Кени, Танзанийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэдэн зуугаар нь харж болох гэнэ. Тэд сүргээрээ амьдардаг бөгөөд бие гүйцсэн тахь нь нэг сүрэг болж насан туршдаа үнэнч хэвээрээ явна. Ямар ч сүрэгт харьяалагдахгүй ганц бие тахь ч байдаг гэнэ. Учир нь тахь болгоны эрээн судал нь хүний хурууны хээ шиг өөр өөр байдаг аж.
Алаг тахь нь адуу илжигтэй төстэй бөгөөд зөвхөн орилохдоо илжиг шиг гэнэ. Гадаад төрхөөрөө адуутай төстэй олон зүйл байдаг гэх юм билээ. Хамгийн гол нь маш хурдан эцэж цуцахгүй давхидаг гэнэ. Манай тахийн ийм нэгэн хамаатан хаа холын Африкт байна. Болдогсон бол хамаатнуудыг уулзуулахсан. Даанч ховордсоор байгаа нь харамсалтай.
Н.Лхагва