“Бөгжний эзэн”, “Карибын тэнгисийн дээрэмчин” зэрэг кинонд тоглож, дэлхий даяар алдаршсан Их Британийн нэрт жүжигчин Орландо Блумын ярилцлагыг хүргэж байна.
Тэрбээр алдартай жүжигчин төдийгүй халамжит хань, сайн аав, хөгжилтэй нэгэн юм.
-Та дунд сургуульд байхдаа уран зураг, баримлын авьяастай байсан гэсэн. Тэгснээ яруу найраг, утга зохиол оролдох болсон. Харин яаж яваад жүжигчин болов оо?
-Бага байхад миний нийлдэг хүүхдүүдийн дунд нэг хөөрхөн охин байдаг байлаа. Тэр охин бүгдэд нь таалагддаг байв. Бид цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн тэмцээн зохиож, түрүүлсэн нь тэр өдрийн турш түүний найз банди болдог байсан. Харамсалтай нь би маш их хичээсэн ч нэг ч удаа түрүүлж байгаагүй ээ. Тиймээс би Супермэн болоод түүнийг ямар нэгэн аюулаас аварч байна гэж мөрөөддөг болсон. Ингээд янз бүрээр төсөөлөөд, түүндээ өөрийгөө оруулаад боддог байлаа. Нэг удаа би Супермэн бол зохиомол дүр юм гэдгийг мэдсэн. Тэгээд л “Би жүжигчин болно” гэж бодох болсон. Мэдээж үүнийг биелүүлэхээс өмнө олон жил өнгөрч, өчнөөн таатай үйл явдал тохиолдсон.
-Өдгөө таныг манай гарагийн хамгийн сайхан залуугаар нэг бус удаа зарлачихсан болохоор охин бүр таны анхаарлыг татахын тулд 100 метрт гүйхэд ч бэлэн байгаа. Харин та өөрт тань талтай хандаж байгааг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Би хайрыг хайрладаг. Энэ бол хамгийн гайхамшигтай мэдрэмж. Дурласан үед тухайн хүнээ нэг мөч ч бодохгүй байж чадахгүй бөгөөд зүрх жигд бус цохилж, шүлэг бичих ч юм уу, цонхноос үсэрмээр болдог.
-Таны хувьд тэгж үсэрснээс шүлэг бичсэн нь дээр санагдана?
-Би эмэгтэйчүүдэд маш хүндэтгэлтэйгээр ханддаг. Би дээрээ нэг эгчтэй болохоор зарим найз залуу нь түүнд хэрхэн хандаж, яаж зовоож байсныг мэднэ. Ер нь бүсгүйчүүдэд эцгийнх нь нүдний өмнө ичихээргүйгээр хандах ёстой. Тиймээс би уулзсан охиныхоо эцгийн байр суурин дээр өөрийгөө тавьж, шалгаж үздэг. Өдгөө миний хайрыг хамгийн их татсан хүн бол хүү минь байна. Мэдээж ээжийнх нь дараа орно. Үүнийг заавал бичээрэй. Тэгэхгүй бол өнөө шөнө би нохойныхоо үүрэнд хонох хэрэг гарна шүү. (Инээв).
-Бүсгүйчүүд хүүг тань хараад хүүхэлдэй шиг хэмээн өхөөрддөг. Ер нь ч Флинн хүүтэйгээ хамт зугаалж буй гэрэл зураг тань энд тэндгүй гардаг шүү. Та маш сайн аав гэдэг нь харагддаг?
-Одоохондоо миний гайхуулж чадах юм гэвэл түүний живхийг солих нь надад маш их таалагддаг. Түүний насан дээр үүнээс илүү юм хэрэггүй.
-Зураг авалт, үсрэлт, харайлтын сэдэв рүү оръё. Та хэзээ ч билээ нэг удаа “Бөгжний эзэн” киноны баатрын дүр муурнаас санаа авсан болохоор энэ амьтны хөдөлгөөнийг бүрэн сурахын тулд удаан хугацаанд ажиглалт хийсэн гэсэн?
-Үгийг тань тасалж буйд уучлаарай. Магадгүй та надаас одоо яагаад дөрвөн мөчөөрөө бууж сураагүй юм бэ гэж асуух гээд байна уу. (Инээв).
-Та энэ талаар өмнө нь ярьж байсан шүү дээ?
-Би маш олон удаа азгүй байдлаар унаж, нэг ч бүтэн яс үлдээгүй. Анх гурван давхраас унахдаа нуруугаа хугалсан. Үүнээс гадна хоёр хөл, гар, хуруунууд, хавиргануудаа хугалсан гээд гайхуулаад байвал их юм бий. Гавлын ясаа бүр гурван удаа цуулсан гээч. Тиймээс намайг аз дайрчээ гэж хааяа боддог. Үл мэдэгдэх нэгэн шалтгаанаар би хувь заяаны хайртай хүн болсон бололтой.
-Ямар ч аз дайраагүй л байна шүү дээ?
-Үүнээс хойш амьд төдийгүй, хөдөлж, идэвхтэй ажиллаж байгаа нь аз биш гэж үү?
-Мэдээж энэ үүднээс авч үзвэл үнэхээр тийм юм байна. Маш өөдрөг үзэл байна. Ер нь та өөдрөг үзэлтэн үү?
-Тийм ээ, үргэлж л тийм байсан. Магадгүй өөдрөг үзэл намайг нуруугаа хугалсны дараа тэргэнцрээс салахад тус болсон байх. Үүнд аз ч их нөлөөлсөн гэж боддог. Би заримдаа энэ дүрд хэрхэн тоглох болсон, яагаад надад итгээд тоглуулах болов гэж боддог. Тэгэхээр зүгээр л намайг аз дайрсан байдаг. Хэрэгтэй газраа, тохирох мөчид байсан нь хэрэг болсон байх. Дүр нэг л байхад түүнд тохирох жүжигчин өчнөөн бий шүү дээ. Эдгээр олон жүжигчний нэгэнд л аз дайрахад дэлгэцнээ гарах боломжтой гэсэн үг.
-Авсан гавьяа шагналууд тань бас л тохиолдлын аз уу?
-Магадгүй. Бодоод үз л дээ. Хичнээн олон кино шагнал авахын тулд өрсөлддөг, хичнээн жүжигчин адилхан хөдөлмөрлөчихөөд ганцхан нь гавьяа шагнал хүртдэг билээ. Тэгэхээр энэ ч бас аз биш гэж үү?
-Тэгэхээр та өөрийн гаргасан амжилтаар тийм ч бардамнадаггүй юм байна гэж ойлголоо?
-Би авсан бүх шагналаа ээждээ өгдөг. Тэр шагналуудаар маань бахархаж, ханан дээрээ, гэр бүлийнхээ зургийн хажууд өлгөдөг.
-Нэг л шагнал тэнд байдаггүйд та баяртай байдаг байх?
-Та “Оны хамгийн муу жүжигчин” шагналыг яриад байна уу? Энэ шагналд намайг хоёр ч удаа нэр дэвшүүлж байсан. Нэг нь “Трой”, нөгөөх нь “Элизабеттаун” киноны дүрээр нэр дэвшсэн юм шүү. Харин энэ удаа аз дайраагүй болохоор авч чадаагүй ээ. (Инээв).
Э.Мөнхзаяа
ugluunii sonin