НҮБ-ын Олон улсын өдрүүдийн хуанлид 100 гаруй баяр байдгийн дотор Биологийн олон төрөл янзын өдөр (тавдугаар сарын 22), Гепатит өвчинтэй тэмцэх өдөр (долдугаар сарын 28), Төрөлх хэлний өдөр (хоёрдугаар сарын 21), Оюуны өмчийн өдөр (дөрөвдүгээр сарын 26) зэрэг тэмдэглэлт өдрүүд багтдаг.
2013 оны 3 сарын 20-нд дэлхий нийтээрээ анх удаа Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэв. Аз жаргал руу тэмүүлэх нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийг нэгтгэдэг нэгэн их хүсэл болдог гэсэн үзэл санааг дэмжихийн тулд 2012 оны 6 сард НҮБ энэ өдрийг аз жаргалын өдөр болгон баталжээ. Анх удаа учир олныг тэр болгон хамарч чадаагүй ч, дараа жил илүү өргөн цар хүрээтэй болох биз ээ.
Яагаад заавал 3 сарын 20 гэж? Яагаад гэвэл энэ үед өдөр шөнө тэнцдэг өдөр билээ. Бараг дэлхийн бүх газар энэ үед өдөр шөнөтэй тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн билэгдэл болох юм гэж тооцоолсон байна. Харин манай улсад 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг билээ.
Хүн бүр аз жаргалыг өөр өөрөөр төсөөлдөг билээ. Хэдийгээр 3-р сарын 20-ны өдөр өнгөрсөн ч гэсэн 24tsag.mn сайтын хамт олноос та бүхэндээ аз жаргалыг хүсэн ерөөж, хүмүүсийн аз жаргалтай агшныг харуулсан зургийн цомгыг бэлэглэж байна.
2012 онд НҮБ 3 сарын 20-ны өдрийг аз жаргал руу тэмүүлэх нь манай гарагийн хүмүүсийн хувьд нэг ижил хүсэл байгаасаа гэсэн үзэл санааг дэмжих зорилгоор Олон улсын аз жаргалын өдөр (International Day of Happiness) болгон тунхаглажээ.
Мөн түүнчлэн энэ өдрийг батлагчдын бодлоор энэ баяр хүн төрлөхтөний гол зорилгын нэг нь аз жаргал гэдгийг харуулахыг уриалж байгаагаас гадна үүнтэй холбогдуулан бүх улс орнуудыг хүн бүрийн аж амьдралыг сайжруулахад хамаг хүчээ чиглүүлэхийг уриалж байгаа билээ.
НҮБ түүнчлэн дэлхий нийтийн анхаарлыг эдийн засгын хөгжил тэгш, бүх нийтийг хамарсан байх ёстой гэдэгт хандуулахыг оролдож байгаа билээ. Үүний үр дүнд улс орнуудын ядуурлын төвшин буурч, эдийн засгын өсөлт тогтвортой болох ажээ.
Үүнээс гадна НҮБ манай гарагийн хүмүүсийг бүгдийг нь аз жаргалтай болгохын тулд нийгмийн болон экологийн хөтөлбөрөөр эдийн засгын өсөлтийг дэмжих хэрэгтэй гэж баталж байна.
Олон улсын аз жаргалын өдрийг батлах санаачилга жижигхэн уулын орон болох Бутанаас (Bhutan) гарсан нь их сонирхолтой юм.
Бутаны вант улсын оршин суугчид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс бөгөөд иргэдийн аж амьдралыг хэмждэг нийт үндэстний аз жаргалын коэффициентээр (Gross National Happiness Index) бол энэ улс хамгийн сайн нь юм.
Нийт улсын жаргалын коэффициент гэдэг энэхүү ойлголтыг мөн Бутаны 4 дэх ван анх санаачлан дэлгэрүүлжээ.
Түүнчлэн хүмүүсийн аж амьдралын болон дэлхийн янз бүрийн орнуудын хүрээлэн байгаа орчны байдлыг тодорхойлохын тулд 2006 онд Олон улсын аз жаргалын индекс (Happy Planet Index) гарган баталжээ.
Философи, ёс суртахуун, сэтгэл судлал, мөн шажны номлол зэрэг шинжлэх ухаанууд аз жаргал хэмээх үзэгдлийг судалдаг бөгөөд физиологчид аз жаргалыг “аз жаргалын гормон“ хэмээгддэг эндорфин, серотонин, дофамин зэрэг гормонуудтай нарийн холбон судалдаг байна.
Мянга мянган жилийн турш аз жаргалын тухай ойлголт яруу найрагчид, зураачид, хөгжимчид, жүжигчдын бүтээлд өргөн орон зайг эзэлсээр ирсэн билээ. Мэдээж хэрэг, баяр хөөр, гуниг зовлонгоор дүүрэн амьдралыг туулж яваа хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй Аз жаргалтай заавал учрах болно.
Энэ жил “Аз жаргалын зам” ТББ-аас энэ өдрийг “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Уг өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн захидлын талархан хүлээн авч аз жаргалын захидлын давалгааг хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Мөн тус өдрийг угтаж зарласан эссе бичлэг, гар зургийн уралдааны материалыг байгууллага дээрээ болон “Зар мэдээ” сонины байранд тус тус хүлээн авч байгааг зохион байгуулагчид нь хэллээ. “Аз жаргалын зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан, “Манай орон дэлхийн аз жаргалын жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг. Уг индексийг тухайн орны хүчилтөрөгчийн хэмжээ, дундаж наслалт, гэр бүл салалт, ДНБ гэх мэт 40 төрлийн үзүүлэлтээр дүгнэж гаргадаг. Сонирхуулахад уг жагсаалтыг Бутан улс тэргүүлдэг. Манай орны хувьд стресс ихтэйгээс гадна аливаа зүйлийг сөрөг өнцгөөс нь хардаг хүн цөөнгүй байдаг. Аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг тул сэтгэлгээгээ эерэг болгож өөрчлөх хэрэгтэй” гэв. Энэхүү тэмдэглэлт өдрийг олон улсад өндөр ач холбогдолтой тэмдэглэдэг бөгөөд эерэг сэтгэлгээний давалгааг дамжуулан түгээдгээс гадна аз жаргалын дууны жагсаалтыг хүртэл гаргадаг аж.