«Гэгээн Муза 2011» урлагийн дээд шагнал гардуулах ёслолын оны тайзны шилдэг зураачийн шагнал хүртсэн «Домогт Ану хатан» жүжгийн зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр «Шүүдэр» продакшнаа байгуулаад удаагүй байгаа бөгөөд «Ану хатан» түүхэн романаа кино болгохоор зорьж, зураг авалтын ажлаа эхлүүлээд байна. Энэ нь «Шүүдэр» продакшны анхны бүтээл. Зохиолч маань өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллаад завгүй байгаа ч манай сонины уншигчдыг хүндэтгэн, бидний саналыг хүлээн авч, чин сэтгэлээсээ хөөрөлдсөн юм.
-Таныхаар зохиолч гэдэг мэргэжил мөн үү?
-Мөн. Гэхдээ авьяас шаарддаг мэргэжил.
-Таныг хурцалдаг зүйл юу вэ?
-Хийж бүтээх тэмүүлэл. Би бас их хор шартай хүн.
-Таны бодлоор эмэгтэй хүний хамгийн хэрэгтэй хийгээд хэрэггүй зан чанар юу вэ?
-Эмэгтэй хүн өөрийгөө болон бусдыгаа дорд үзэх үзэлтэй эвлэрдэггүй байгаасай гэж боддог. Хүний аль муу чанарыг эмэгтэй хүйстэй холбож ярихыг хэзээ ч битгий зөвшөөр. Өөрийнхөө оршихуйг хамгаалж чаддаг, амьдралын зорилготой байвал сайхан.
-Өөрийнхөө зургаар номоо чимэглэх нь утгагүй зүйл гэж та нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Гэвч таны «Сэтгэлийн анир» номын нүүрэн дээр таны гэрэл зураг байдаг?
-Миний анхны номуудын чимэг зургийг миний зураг гэж хүмүүс ташаа ойлгох явдал байсан. Миний хувьд ном болгон дээрээ зургаа тавьдаггүй гэдгээ л тэгж хэлсэн хэрэг. «Сэтгэлийн анир» бол тэр үеийн миний өгүүллэгүүдийн түүвэр зохиол учраас зургаа тавьсан юм. Мөн эмэгтэйчүүдийн сэдэвт өгүүллэгүүд, өөрийнхөө үзэл бодлын тухай «Миний ертөнц» номынхоо хавтсанд зургаа гаргасан.
-Үргэлж өөрийнхөөрөө байж чаддаг уу? Нэрээ нууцалдаг шигээ өөрийнхөөрөө байж чадахгүй, баг өмсөх мөч тохиолддог уу?
-Хүн ганцаараа байхдаа л баггүй байдаг байх. Ер нь үзэл бодлын хувьд ямагт өөрийнхөөрөө байж чаддаг шүү. Хэзээ ч бусдыг аялдан дагалдахыг хүсдэггүй. Хүн бүхэнд таалагдах ч албагүй гэж боддог.
-Танд хүмүүс ямар асуултыг олон тавьдаг вэ?
-Зохиолуудаа амьдралаасаа сэдэвлэж бичдэг, эсэх талаар их асуудаг. Бас яагаад нэрээ сольсон юм бэ ч гэх шиг. Би нэрээ солиогүй. Уран бүтээлийн нууц нэртэй хүн.
-Та тэр асуултавд хэрхэн ханддаг вэ?
-Нэг л юмыг дахин дахин ярихаас залхдаг.
-Зохиолч Шүүдэрцэцэг, гэрийв эзэгтэй Тогтохбаяр хоёрын хооронд хэр зэрэг ялгаа байва? Эвэ хоёрыг тус тусад нь ямар нэгэн зүйлтэй адилтгавал?
-Юутай ч зүйрлэх вэ дээ. Надаас гэрийн эзэгтэйн тухай асуулт асуухад би дургүй. Тэргүүний, бусад эзэгтэйгээс асуусан нь дээр байх. Шүүдэрцэцэг дотроо бол гаднах шигээ эмэгтэйлэг хүн биш. Бас тийм уян хатан ч хүн биш. Үзэл бодлоо шууд илэрхийлчихдэг, хорвоод ирэхдээ зөвхөн гэр зуур, гал тогоондоо эргэлдэх гэж төрөөгүй гэж боддог хүн.
-Сайн яваа хүнд садан мундахгүй гэдэг дээ. Хэр олон найзтай вэ?
-Найзууд олон. Найзуудтайгаа ажил хэргийн талаар илүү нөхөрлөдөг. Ихийг хийж бүтээхэд зүгээр найзууд биш, сайн анд нөхөд хэрэгтэйг улам бүр ойлгож байна. Би хүмүүстэй хувийн амьдралынхаа тухай ярилцах, гэр орноороо орж гарах маягаар найзалдаггүй. Анд нөхөд бие биедээ тус дэм, түшиг болох, урам зориг өгөх гэж найзалдаг байгаасай гэж боддог болохоор найзууддаа ч хэрэгтэй хүн байхсан гэж хичээдэг. Заримдаа намайг зориод ирсэн хүнээс надад хэрэггүй юмыг ч худалдан авах үе бий. Ноднин өөрөө жүжгийнхээ мөнгийг босгох гэж зүдэрч байсан мөртөө «Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд» клубийнхний «Үтрээний хүүрнэл» жүжигт нь хандив өргөж байсан. Дараа нь тэд маань миний уран бүтээлийн баярыг бас хуваалцахад үнэхээр сайхан байсан. Надад сайн санаж явдаг бүх хүнийг найзаа гэж үздэг. Хүн авахаасаа илүү өгөх гэж амьдарвал энэ хорвоогоос буцахдаа сэтгэл амгалан байна гэж боддог юм.
-Тэгвэл хэр олон дайсантай бол?
-Би бусдад муу юм хийдэггүй. Гэхдээ «Ядуу хүн, тэнэг хүн хоёрт дайсан байдаггүй» гэж сонссон юм байна. Надад дургүй хүмүүс мэдээж байдаг байх. Би ямар доллар биш, хүн бүхэнд таалагдах албагүй.
-Итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө хүртэл гээж байсан хүнд хэцүү үе амьдралд тань тохиолдож байв уу? Тэр мөч танд юуг сургасан бэ?
-Өнөөдрийг хүртэл итгэл найдвараа гээж байснаа санахгүй байна. Би ер нь өөдрөг хүн. Монгол орон сөнөлөө, улстөр болохоо байлаа, шударга ёс хаа байна гэх мэтээр гаслахыг сонсох дургүй. Аливаа өөрчлөлт сайн тал руугаа л явж байдагт итгэдэг. Оюутан байхдаа хуримаа хийж, нөхөр бид хоёр охиноо хөтлөөд, хөлсний байр дамжиж явахдаа сайн сайхан амьдарна гэдэгтээ ямагт итгэж байсан. Би Монголынхоо сайхан ирээдүйд итгэдэг. Ийм аугаа түүхтэй, өнөөдрийг хүртэл тусгаар тогтнолоо, хэл соёлоо авч үлдсэн хийморилог ард түмэн заавал сайн сайхан ирээдүйтэй байх ёстой.
-Цаг хугацаа бүх зүйлийг өөрчилдөг, өөрийн дураар захирдаг гэж хүмүүс ярилцдаг. Таны юу илүү их өөрчлөгдсөн бэ?
-Цаг хугацаа өнгөрөх бүрт өөртөө улам итгэлтэй болж байгаагаа мэдэрч байна.
-Сэтгэл зүрх тань өрөөлөөс болж эвдэгдвэл яаж засвар хийх вэ?
-Би хүмүүст гомдож, эмзэглээд явдаггүй. Хүн гэгээрэлд хүрэхийн төлөө амьдардагт итгэдэг учраас юуг ч хэт эмзэгээр хүлээж авахгүйг л хичээдэг. Гүн ухааны ном унших дуртай. Бүр болохгүй бол сэтгэл зүйч эмчтэйгээ уулзана даа.
-Насан туршдаа нэг л хүнийг хайрлаж, нэг л хүнд үнэнч байж чаддаг хүмүүс байдагт итгэдэг үү?
-Итгэдэг. Би өөдрөг хүн гэдгээ хэлсэн шүү дээ.
-Яагаад шүлэг бичдэггүй юм бэ гэсэн нэгэн сэтгүүлчийн асуултанд та «Би тийм универсал хүн биш» гэж хариулжээ. Гэтэл та олон хүнд универсал хүн шиг санагддаг?
-Хүн цөөхөн юмыг сайн хийдэг байвал зүгээр гэж боддог. Би шүлэг бичих тийм хэв маягийн хүн биш л дээ.
-Нэг хүн уянгын болон сэтгэлгээний, өгүүллэг, түүхэн роман, жүжгийн болоод кино зохиол бичиж, орчуулга хийхийн зэрэгцээ сэтгүүл зүйн салбарт ажиллаж чадаж байна. Энэ бүх ажлыг яаж амжуулж байна вэ?
-Би сэтгүүл зүйн салбарт ажиллахаа болиод 10 гаруй жил болж байна. Докторантурт элссэн ч дипломоо хамгаалаагүй. Докторантурын ачаар шинжлэх ухааны философийн сайн лекцүүд сонссондоо их олзуурхдаг. «Ану хатан»-аа өөрөө кино зохиол болгохоос өөр арга байсангүй ээ. Өнөөдөр миний эрхэлж байгаа ажил уран бүтээл учраас амжуулж ядаад байхаар зүйл биш л гэж боддог.
-Таны анхны түүхэн зохиол «Домогт Ану хатан» өнгөрсөн жил жүжиг болж, тайзнаа тавигдсан. Энэ зохиолоо та кино болгохоор шийджээ?
-Тэгсэн. Кино бол урлагийн төрлүүдээс хамгийн хүчтэй нь гэж үздэгийн хувьд эрэлхэг, эх оронч, үнэнч хайрын дууль болсон энэ гайхалтай хатны түүхийг дэлгэцэнд амилуулъя гэж шийдсэн.
-Түүхэн зохиол бичихээр зориглохдоо яагаад заавал Ану хатны түүхийг сонгож авсан юм бэ?
-Б.Ринчин гуайн «Ану хатан» өгүүллэгийг багадаа бишрэн уншдаг байлаа. Энэ өгүүллэгээ роман болгох хүслээ ч Б.Ринчин гуай төгсгөлд нь бичсэн байдаг. Эмэгтэй зохиолчийн хувьд эмэгтэй хүний мэдрэмжийг илүү гаргах нь тодорхой учраас Ану хатны тухай роман бичих ажилд шуударсан.
-Дахиад түүхэн зохиол бичих үү. Хэний тухай бичих вэ?
-Дондогдулам хатны тухай «Эх дагины өчил» романаа бичиж эхэлсэн. Киногоо дуусгаад Эх дагины тухай романы ажилдаа орно.
-Таны «Шүрэн бугуйвч» зохиолыг бүр дунд сургуульд байхдаа уншиж байсан ч санаанаас ер гардаггүй юм. Хожим кино болсныг үзээд «Тэр сайхан зохиолын эрчийг нэлээд бууруулчихаж дээ» гэж харамсах сэтгэл төрсөн. Та «Шүрэн бугуйвч»-аа хэр кино болсон гэж дүгнэдэг вэ?
-Зохиолын эрхийг нь надаас худалдаж аваад өөр хүмүүс кино зохиол болгосон. Уншигчид тэгж л байдаг. Киноны өгүүлэмж, хэл өөр байдгаас гадна кино зохиол болгосон хүмүүс надаас өөр өнцгөөр харж болно шүү дээ.
-Таныг киноны хорхойтон гэж сонссон юм байна. Олон кино үзэж, тунгаан бодож, оюун ухаандаа өөрийнхөөрөө ариутган шүүж суудгийн хувьд «Ану хатан» киноныхоо багийг их бодож бүрдүүлсэн байх?
-Кино маань «Ану хатан» гэдэг нэртэй. Миний романаас сэдэвлэсэн болохоос яг тэр чигээрээ биш. Аль болохоор сайн бүтээл хийхийн тулд хамгийн чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлэхийг хичээсэн. Ерөнхий продюсерээр миний нөхөр Д.Болдхуяг ажиллаж байгаа. Ерөнхий зураач Ж.Цог «Мандухай цэцэн хатан»-аас эхлээд өнөөдрийг хүртэлх бараг бүх түүхэн кинонд ажилласан мундаг зураач. Тайз, хувцас, зэвсэг, жижиг хэрэглэлийн зураач нар ч «Үхэж үл болно», «Чингис хаан», «Аравт» гээд сүүлийн үеийн олон түүхэн кинонд ажилласан мэргэжлийн хүмүүс.
Ерөнхий найруулагч Т.Алтантуяа «Домогт Ану хатан» жүжгийн клипийг найруулсан, миний үзэл бодол, тусгах гэсэн санааг маш сайн мэдэрдэг уран бүтээлийн минь анд. Мөн Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн гуай зөвлөхөөр ажиллаж байна. Ерөнхий зураглаач Д.Ангараг Бээжингийн кино академийн «бүтээгдэхүүн», сүүлийн үед цахиур хагалж яваа уран бүтээлч. Киноны маань хөгжмийг Америкт ажиллаж амьдардаг С.Сансаргэрэлтэх гэж авьяаслаг зохиолч бичиж байгаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Сангидорж агсны хүү шүү дээ. Нүүр хувиргалт, гэрлийн багийнхан ч хамгийн туршлагатай уран бүтээлчид. Японоос С-300 гэж мэргэжлийн камер, Бээжингээс гэрлийн төхөөрөмж, утааны аппарат, хиймэл үс сахлаа авч ирсэн. Би багийнхандаа сэтгэл хангалуун байгаа.
Ануд тоглож буй Д.Отгонжаргал маань нум сумаар харвахдаа эрчүүдээсээ ч илүү байгааг тулааны найруулагчид хэлж буйг бодоход сонголт нүдээ олжээ. Галдан бошигтод тоглож байгаа жүжигчин М.Мягмарыг их ухаалаг, өвөрмөц Галданг бүтээж чадна итгэж байна. Мандарваад тоглож байгаа залуу жүжигчин О.Долгор, Данжилад тоглож байгаа Г.Ариунбямба хоёртоо ч эргэлзэхгүй байна
-«Ану хатан» киноноос таны хүлээж байгаа зүйл?
-Сайн уран бүтээл болоосой л гэж хүсч байна.
-«Шүүдэр» продакшны хувьд цаашид хийхээр төлөвлөсөн зүйл олон байгаа биз ээ?
-Юуны урд «Ану хатан» түүхэн уран сайхны кино.
-Жинхэнэ сайхан эмэгтэй ямар байх учиртай вэ?
-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй дотроосоо гэрэлтсэн хүнийг л сайхан гэж боддог.
-Та нэгэн ярилцлагадаа өөрийгөө муу эзэгтэй гэж дүгнэсэн байсан. Харнн бүсгүй хүнийхээ хувьд өөртөө ямар дүн тавих вэ?
-Гэр ахуйн хөдөлмөрийн гавшгайч биш ээ. Бүсгүй хүний хувьд өөртөө ямар дүн тавихаа мэдэхгүй байна. Ямар ч гэсэн өөртөө хайртай хүн. Өөртөө хайртай учраас би бусдыг хүндэлдэг. Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрладаггүй гэж боддог.
-Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж чадах уу?
-Хүн эхлээд өөртөө хайртай. Өөрийнхөө амьдралын зарчим, чин зорилгод үнэнч байх ёстой гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ц.Баттуяа