Булчинлаг сайхан биеэ ил гаргасан зургуудаараа дэлхий дахинаа алдаршсан, математикийн багш, 26 настай Пьетро Боселли алдар нэрд гарснаасаа ичиж байна. “Дэлхийн хамгийн царайлаг багш” тэрбээр өмнө нь яагаад загвар өмсөгч байснаа нуусан талаар ярьжээ.
Британийн “University College London” коллежийн оюутнууд математикийн багшаа зөвхөн самбарын өмнө тэгштгэл бодож гялалзаад зогсохгүй, загварын тайзнаа гарч явсан гэдгийг илрүүлсэн билээ. Энэ мөчөөс эхлэн түүний амьдрал эрс өөрчлөгдөж, Инстаграмд нь хагас сая дагагч бий болжээ.
Гэвч машин байгууламжийн салбарын залуу доктор тэрбээр үүнд нэг их баярлахгүй байгаа аж. Яагаад гээч. Яагаад гэвэл хүмүүс түүнийг буруугаар ойлгохоос айсандаа загварын ертөнцөд ажиллаж байснаа нуусан гэнэ.
Пьетро Британийн “Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Надад ичгэвтэр санагдаж байсан. Академик хүрээллийн хүмүүс үүнийг сайшаахгүй бөгөөд намайг дорд үзнэ гэж бодсон” гэжээ.
Харин Боселли хий дэмий зүйлд санаа зовж байжээ. Өдгөө дэлхий даяар түүнийг тачаангуй математикч хэмээн бахархаж, оюун ухаан, гоо сайхан хоёрыг яаж төгс хослуулсан талаар ам булаалдан ярьж байна.
Тэгвэл зарим атаархагчид халуухан итали эрийг загварын карьераа нууцлахаар шийдсэн юм бол сүлжээнд зургаа тавих хэрэг байсан уу гэж шүүмжилцгээж байгаа аж. Харин үүнд Пьетро “Хүмүүс намайг яагаад цээж нүцгэн зургаа интернэтэд тавих болов хэмээн асууж байна. Учир нь спорт бол миний амьдралын томоохон хэсэг. Би Лондонд ирснээсээ хойш дасгал сургуулилт маш сайн хийх болсон. Өдгөө би өдөрт хоёр удаа дасгал хийдэг бөгөөд сайхан бие хаагаараа олонд алдаршсандаа аз жаргалтай байна” хэмээжээ. Түүний хувьд кинонд тоглож, карьер хөөх бодолгүй байгаа бөгөөд загвар өмсөж, зар сурталчилгаанд оролцсон мөнгөөрөө инженерийн компани байгуулахаар төлөвлөж байна. Боселлид хэрэгжүүлэхээр зорьж буй олон төсөл хөтөлбөр бий. Харин одоохондоо тэрбээр багш, моделийн ажлаа хослуулан ажиллахаар хичээж байна.
Пьеьро ийнхүү алдаршсанаас хойш хичээлд нь суух оюутны тоо эрс өсчээ. Гэвч тэрбээр найз охинтой хэмээн товчхон хариулт өгчээ.