Хумсны будгийг сонгохдоо аль болох үнэтэй, чанартайг эрхэмлэх нь зүйтэй. Учир нь хямд будганд таны хумсыг муутгах химийн бодис илүү орсон байх тал бий.
Тод өнгөөр будах бол эхлээд суурь болгож өнгөгүй будаг түрх. Учир нь тод болоод бараан өнгийн будаг хумс, түүний эргэн тойрон дахь арьсанд нэвчиж, дараа нь арилгахад төвөг учруулдаг юм. Сайн чанарын будаг түрхэнгүүт хатдаг. Хэрвээ будаг хатах нь удаан бол хүйтэн усанд дүрэхэд гэмгүй.
Ер нь будгийг тасалгааны хэмд хатаах ёстой. Хэт хүйтэн эсвэл халуунд будагны чанар өөрчлөгддөг. Хумсны өнгөн хэсэг барзгар байвал зориулалтын зүлгүүрээр өнгөлж, гөлгөр болгох хэрэгтэй. Тэгвэл будаг сайн тогтдог төдийгүй үзэмжтэй харагдана. Ер нь хумс үелж, хэлбэрээ алдах нь өвчилсний шинж юм.
Нимбэгний шүүс, чидун жимсний тос хумсанд маш сайн тэжээл болдгийг мэдэхэд илүүдэхгүй. Мөн давстай усанд дүрэх нь хумсыг бэхжүүлдэг. Бүсгүйчүүд минь хумсныхаа будгийг хурц иртэй зүйлээр хусч арилгадаг. Гэтэл энэ нь хумсны өнгөн давхаргыг гэмтээдэг муу талтай. Мөн хумсан дээрх будгийг сэргээж янзлахгүй хэтэрхий удаан байлгаснаас зориулалтын шингэнээр арилгасан ч төвөгтэй болдог.
Ямар ч будаг 2-3 секундийн дотор арилах ёстой. Гэтэл хэт удсан будгийг арилгахад химийн бодис их зарцуулах тул хумсыг нимгэрүүлж хэврэгшүүлдэг байна. Ингээд бүсгүйчүүдээ, хумс гэдэг таны нэрийн хуудас. Зөвхөн гоё харагдуулаад зогсохгүй, эрүүл байлгах нь таны эрүүл мэндийн толь ч болох юм гэдгийг бүү мартаарай.