Жирэмсэн үед эмэгтэйн бие махбодод физиологийн төдийгүй сэтгэл зүйд өөрчлөлт гардаг. Тэдгээрийн дунд айдас нь онцгой байрыг эзэлнэ. Эх болно гэдэг нь эмэгтэйн биологийн жинхэнэ хэрэгцээ болохоор зөвхөн аз жаргалыг бэлэглэх учиртай гэж үздэг. Харамсалтай нь бодит байдал энэ үзлээс тэс ондоо байх нь цөөнгүй.
Эмэгтэй хүн жирэмслэлтийг таагүй үйл явдал гэж хүлээж авахад хүргэдэг хандлагууд байдаг нь үүний нэг жишээ. Хүүхэдтэй болохоосоо өмнө эхлээд хөл дээрээ босох хэрэгтэй гэж бодно. Үүнээсээ болоод үргэлж өөрийгөө хөл дээрээ баттай зогсох чадваргүй, сул дорой гэж голоход хүрнэ. Эд хөрөнгө нэг мэдэхэд л юу ч үгүй хийсээд алга болчихож мэдэх манай үед ямар тохиолдолд ганхахааргүй байр суурь, эд хөрөнгөтэй болох гэж зүтгэх тул хөл дээрээ баттай зогсох гэдэг үйл явц эцэс, төгсгөлгүй сунжирна. Үүний цаана хүүхэд төрвөл мэргэжил, албан тушаалын хувьд өсөх боломжгүй болно гэсэн далд санаа ч бий. Тэгэхээр ийм хандлагатай эмэгтэйчүүд сургуульд сурч, эсвэл дөнгөж ажилд байх үед жирэмслэхийг садаа, таагүй зүйл гэж хүлээж авах нь ойлгомжтой.
Үргэлж халамж тавин бөөцийлж, өсгөж хүмүүжүүлэх гэж ямар их зовсон тухайга ярьдаг гэр бүлд өссөн бүсгүй хүн хүүхэд гэхээр тодорхой хэмжээгээр түгшдэг болоод сурчихсан байдаг. Улмаар эцэг, эхээ тэгтлээ их зовоосондоо гэмшдэг. Ийм нөхцөлд хүүхэд байхгүй бол сэтгэл зовох зүйл, түгшүүр үгүй гэсэн дүгнэлтэнд хүрэх нь мэдээж.
Зарим залуу бүсгүйчүүд хүүхэдтэй болмогцоо өөрийн хүсэл, сонирхлоо мартаад бүхнээ хүүхдэдээ зориулах болох ёстой гэж боддог. Үүнээсээ болоод жирэмсэн болмогцоо ажил, мэргэжил, найз нөхөд, сонирхол гээд бүх хүслээ албан хүчээр нухчин дарах гэдэг ч дургүйд хүчгүй гэдгээр болж маш ээдрээтэй дотоод зөрчил үүсэх нь ойлгомжтой.
Мөн залуу эхчүүд хөл хүнд байх, эсвэл хүүхдээ хөхөөр хооллож байхдаа бэлгийн хавьталд орж болох болохгүй гэсэн асуудалтай тулгардаг. Хосууд энэ асуудлыг тус тусдаа шийдэх нь зүйн хэрэг ч гэлээ ирээдүйн эцэг, эх хоёрын бэлгийн хавьтал нь хэвлий дэх хүүхдэд хортой гэсэн яриа нь бараг ямар ч үндэслэлгүй юм.
Эмэгтэй хүн дотроо “Би төрүүлэх гэж байна” гэж өөртөө хэлдэг ч сэтгэлийнхээ гүнд “Би хүүхэд төрүүлэх ёстой” гэж боддог. Ингэснээр гэр бүлийнхээ ирээдүйн аж жаргалыг хүүхэд төрүүлэхтэйгээ холбон, хариуцлага үүрч эхэлнэ. Энэ үед үүсдэг жирэмсний айдас нь ямар нэг болохгүй болвол гэр бүл, аж жаргалаа алдах айдастай холбоотой байдаг. Нөхрөө алдахаас айж явдаг эмэгтэйчүүд гол төлөв ийм айдаст бариагддаг болохоор хүүхдээрээ нөхрөө “хүлэж” дэргэдээ байлгах гэдэг. Энэ нь эцэстээ мэдээж сайн үр дүнд хүргэхгүй.
Их мэдэгч нар “Битгий түгшиж сандраад бай, хүүхдэд чинь муу шүү” гэж зөвлөх нь олонтаа. Ингэж хэллээ гээд эмэгтэй хүн түгшиж, санаа зовохоо болчихгүй болохоор өөрийнхөө айдас, түгшүүрийг далдалж, булах гэдэг. Үр дүнд айдас, түгшүүрийнх нь дээр хүүхдэдээ түгшээд сандраад муу юм хийгээд байна гэсэн гэмшил нэмэгддэг.
Хөгжиж байгаа ураг нь эхийн сэтгэл санаанд нөлөө үзүүлдэг ч эх хүү хоёр хоёр сэтгэл санааны хувьд нэг зүйл гэдгийг сэтгэл судлаачид үгүйсгэдэг. Тэдний нотолж буйгаар үр хөврөл олдсон эхний цаг, мөчөөс эхлэн эхийн бие махбодийг нэг хэсэг бус харин тусдаа би? даасан амьд бодгаль байдаг. Тэгэхээр эхийн сэтгэл хөдлөл зөвхөн тодорхой хэмжээнд л нөлөөлнө.
Элдэв сонин, сэтгүүлээс үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ уншиж, бусад эмэгтэйчүүдийн яриаг сонссонтой холбоотой айдас гэж бас байдаг. Тэр бүх “онол” нь жирэмсний үед өөрийнх нь мэдэрч байгаагаас нэлээд зөрдөг болохоор ирээдүйн эх “Бүгд л ондоо юм ярьцгаагаад. Хэнд нь итгэхээ ч мэдэхээ байла” гэсэн ацан шалаанд ордог. Ийм тохиолдолд хүн болгон адилгүй байдгийг санаж бусдын мэдэрч, туулсан зүйл өөрийнхтэй нь таарах албагүй гэдгийг ойлгож авах хэрэгтэй.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог бас нэг айдас нь төрөхөөс айх айдас юм. Элдэв янзын багаж төхөөрөмжөөр дүүрсэн төрөхөд хөл тавиад зарим эмэгтэйчүүд “Энэ бүхэн надад, бас над шиг хүмүүст зориулагдсан юм чинь аймшигтай юм ч болж магадгүй юм байна” гэсэн дүгнэлт хийдэг.
Төрөлт ямар нөхцөлд боллоо гэсэн эмэгтэй хүнээс асар их биеийн болон сэтгэлийн тэнхээ шаарддаг. Иймд ирээдүйн эхчүүд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.