EXTACY хэмээх найман гишүүнтэй охидын хамтлаг байгуулагдаж байсан нь саяхан. 25-р суваг телевизийн санаачилгаар “Prosounds” студитэй хамтран зохион байгуулсан “Making the band 2” реалити шоуны 500 гаруй оролцогчоос шалгарч үлдсэн найман охиныг нэг зорилго дор нэгтгэн хамтлаг байгуулж, дуучин Ж.Алтанцэцэг хамтран ажиллаж “Чам руу” “You win” гэх хоёр ч дууг нь бичүүлж клип хийлгэсэн.
Дөрвөн бадагтай дууг найман хүн яаж хувааж дуулах юм бол, Монголын урлагийн зах зээлд найман гишүүнтэй хамтлаг хэрхэн амжилт олох бол, тайзан дээр наймуулаа гарахад арай зохимж муутай юм гээд элдэв яриа гарч байсныг нуух юун. Гэвч тэдний хөдөлмөр, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж, яаж хичээж байгаа нь үзэгчдэд, тэр дундаа өсвөр насны охидуудад үлгэр жишээ болж чадсан юм. EXTACY хамтлаг хэсэгхэн хугацаанд чимээгүй байсныг хүн бүхэн мэдэх биз ээ.
Хамтлаг тарсан тухай яриа ч гарч байлаа. Гэвч хамтлаг тараагүй. Харин ч бүрэлдэхүүнээ шинэчилж, уран бүтээлийн олз омог ихтэй байхаас гадна, дараа дараагийнхаа уран бүтээлдээ шаргуу орсноо албан ёсоор мэдэгдлээ. EXTACY хамтлагийн найман гишүүнээс Ази, Хонгороо, Дөлгөөн нар хамтлагтаа үлдэж, таван гишүүн нь хамтлагаасаа гарсан байна.
Хамтлагт Б.Уянга хэмээх шинэ гишүүн нэмэгдэн оржээ. Багаасаа урлагийн гэрэл бүлд төрж өссөн тэрээр энэ жил ШУТИС-ийн үйлдвэр дизайны ангийг энэ жил төгсөх юм байна. EXTACY хамтлаг ийнхүү шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж “Miss you” “Heon” хэмээх хоёр дуугаа үзэгчдэдээ хүргэлээ.
Л. МӨНХЧИМЭГ /Mongolnews.mn/