Олны танил уран бүтээлчдээр хүрээгээ тэлж, телевизийн дэлгэцийг чимэх болсон энэ бүсгүйг Г.Золцэцэг гэдэг боловч ихэнх хүмүүс Катя Зол нэрээр нь андахгүй биз. Малайзад загварын сургууль дүүргэсэн тэрбээр гэртээ урласан гоёмсог хувцаснуудаа онлайнаар дамжуулж худалддаг байсан түүхтэй. Улмаар бие даасан загварын шоугаа зохион байгуулснаар олонд танигдсан Катя Зол эх орондоо ирж урлаг соёлынхонтой нөхөрлөх болсон билээ.
“Киви” хамтлагийн ахлагч Укатай хамтарч “UK fashion house” салон байгуулсан бөгөөд Малайз, Араб улсуудаар аялж шилдэг бүтээлүүдээ загварын шоугаар танилцуулаад ирсэн. Шаргал үс, эрлийз төрх, гоолиг бие, ухаалаг яриагаараа залуусын харцыг булаасан Катя Кол хувийн амьдралынхаа талаар тэгтлээ ам нээж байсан удаагүй. Түүний хувьд, хүсэл мөрөөдлийг нь цаг ямагт дэмждэг ээжээсээ өөр хэн нэгнийг дотночлон ярьж байгаагүй нь үнэн.
Харин дизайнер бүсгүй өмнө нь өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах Малайз эртэй ханилж, хөөрхөн хүүгийн ээж болсон гэдгийг хэвлэлийнхэн дэлгэсэн бөгөөд Катя Зол арга буюу үнэнээ хүлээсэн. Загвар зохион бүтээх, зураг авахуулах, цүнх цуглуулах хоббитой тэрбээр дотны найз Укатайгаа хүсэл сонирхол нэг гэдэг ч түүнийг дуурайж үсээ шараар будуулаагүй гэсэн шүү.
Б.Содон