Монгол түмний Үндэсний их баяр наадам болоход сар гаруйн хугацаа үлдээд байна. Энэ жилийн хувьд баяр наадмын урлагийн үзүүлбэрт нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн нь чамлахааргүй асуудал дагуулсан. Тэгвэл өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хороо хуралдаж, хөтөлбөрөө баталлаа.
Гэтэл дуулиан дэгдээх дуртай зарим нь бас л энэхүү хурлын нэрийг барьж, иргэдийн сэтгэхүйгээр “тоглоод” амжив. Тодруулбал, наадмын нээлтийн тоглолтод алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопесыг урьж, дуулуулахаар төлөвлөж байна хэмээн цахим ертөнцөөр нэг шуугилаа. Ингэхдээ бүр асар өндөр үнээр буюу нэг сая ам.доллараар алдарт
Жэй Лог “панаалдах” гэнэ хэмээн сенсаацилсан.
Энэ нь хэдийгээр зарим хүнд сайхан мэдээ мэт санагдсан ч ихэнх хүнд таатай санагдсангүй. Учир нь, Улаанбаатар хэзээ мөдгүй “бохиртоо живчих” гээд хэн хүнгүй сандарч байгаа энэ үед юун Холливудын үзэсгэлэнт бүсгүйн “алдарт” өгзгийг харахын төлөө сая ам.доллар зарлагадах вэ хэмээн бухимдсан хүмүүс цөөнгүй байлаа.
Тэгвэл алдарт жүжигчин бүсгүйг Монголд урихаар яригдаж байгаа нь үнэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Гэвч асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа учраас төсөв мөнгөний талаар огтхон ч яригдаагүй байгаа гэнэ. Түүнчлэн баяр наадмыг зохион байгуулах хорооны баталсан хөтөлбөрт ямар ч гадны дуучин, жүжигчний үзүүлбэр багтаагүй аж.
Тодруулбал, хөтөлбөр ёсоор “Best of Classics” урлагийн цэнгүүн, хүүхдийн гала болон Төрийн хүндэтгэлийн тоглолт, баяр наадмын нээлт, хаалтын тоглолт, морин хуур, олон улсын наадам, “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн, урлагийн шоу, Төрийн далбаа залах ёслол, “Адуучин” наадам, “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн зэрэг 17 арга хэмжээг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Төрийн хүндэтгэлийн концерт долдугаар сарын 10-нд болох бөгөөд анх удаа Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Мөн өдрийн үдэш “Дээлтэй монгол наадам” эхлэх бөгөөд наран жаргах үеэр “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглох аж. Юутай ч Латин америкийн үзэсгэлэнт бүсгүйг Монголд авч ирнэ гэдэг нь одоохондоо цөөн хэдэн хүний мөрөөдөл төдийхөн л байгаа юм байна.
Эх сурвалж: