Агуу ертөнц, Нүгэлт хорвоо хоёрын утга нэгэн боловч
Ах дүүгийн барилдлагын угшил нь цаанаа ондоо
Нүгэлт хорвоо нь дандаа хэрэг тарьдаг бол
Ертөнц ах нь тарьсан хэргийг нь сэгсэрмүй!
Саран авхай гэдэг нэг завхай хүүхэн
Сав л хийвэл Агуу ертөнцтэй нялуурдаг бол
Нөхцөлгүй эвдэрсэн Лус савдаг хэмээх удган
Нүгэлт хорвоогийн нүнжиг буянд тачаадмуй!
Эз нь хатгасан “хүнэнцэрүүд”-ээр зоогдой хийж амьдардаг
Эрээгээ алдсан мөнхүү эрүүгийн дөрвөн ертөнцтэй
Амгалан бодь Наран ижий
Алсын хөх Тэнгэр эцэг хоёр
Алтаар хулдаж, мөнгөөр хахуульдсан ч
Амьтан байна гэж тоож үл харьцмуй!
Нүгэлт хорвоо, Саран авхай хоёр
Нүүгэлтсэн хар шөнөөр хүн алж, дээрэм хийдэг бол
Агуу ертөнц, Лус савдаг хоёр нь
Адгийн муу рецедив хэрэгтэнүүдээ өмгөөлөөд
Аз нь харьж, эз нь хатгасан “хүнэнцэрүүд”-ийг
Аавын хаалга руу хэнэг ч үгүй чулуудмуй!
Ингэж чулуудуулж хохирсон
Их олон “хүнэнцэр” өнөөдөр
Гэрлээ зориуд унтрааж харанхуйлсан Саран авхай
Гэмт хэрэгт сүнсгүй гүтгэсэн Нүгэлт хорвоо
Илэрхий буруу шүүж нохойтсон Агуу ертөнц
Ид шидээрээ илбэдэж эс гийгүүлсэн Лус савдаг дөрөвт
Хачин ихээр гомдон хилэгнэж
Хамаг л буруу хэргээ тохоод
Харц, шүд, тархи гурваараа занаад
Харанхуй шоронд хилсээр хоригдон тарчилмуй!
Нүүрэн дээрээ нэг л их нүнжиг буян царайлчихаад
Нүгэлт хорвоогийн хавсарганд нөгөө л хүйтэн өнгөө цухалзуулж
Цаагуураа дандаа савсаг үйлэнд тачаадаж явдаг
Саран авхайг найрагч нар шал худлаа магтмуй!
Б.ОЙДОВ