Бахамд амралтаа өнгөрүүлээд онгоцны буудал дээр зогсож байсан Kate Moss-ыг ирээдүйн загварын том билэг тэмдэг гэж хэн мэдэх билээ дээ. Гэвч Storm агентлагын үүсгэн байгуулагч Sarah Doukas гайхалтай гярхай нүдээр 14-хөн настай ирээдүйн одыг анх олж харсанаар Kate Moss-ын гялалзам амжилттай амьдрал эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр 15 настайдаа John Galliano-гийн нэр хүндтэй шоунд оролцсоноор загварын анхны гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэлх их амжилт нь ч энэ л өдрөөс хөвөрч эхэлсэн байна. Тэрээр 18 насандаа Calvin Klein-ы нүүр царай болон ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь том брэндүүдийн нүүр царай болох гараа болсон төдийгүй саятаны амьдралаар амьдарч эхэлсэн эхлэл нь байлаа.
Урлагийн ертөнц, томоохон шоу ертөнц хүнийг эвддэг жишиг ч бас түүнийг тойроогүй юм. Kate Moss загварын шоунд гарах бүртээ согтууруулах ундаа хэрэглэж байсан гэдэг. Бараг 10 жилийн хугацаанд ийм байдалтай амьдарсанаа ч тэрээр нуугаагүй юм. 1998 онд энэ амьдралаасаа болон депресст орж эмнэлэгт хүртэл эмчлүүлээд гарсан байна. Тэр хэдийгээр зарим нэг зүйл дээр алдаж байсан ч амжилт нь түүнээс ч их юм. 2000 онд гэхэд “Business Age” сэтгүүлийн гаргасан хамгийн өндөр орлоготой эмэгтэйчүүдийн жагсаалтанд нэг жилийн орлого нь 14,8 сая фунт стерлинг буюу 30 сая америк долларын орлоготой модель гэдгээрээ 5 дугаарт жагсагдаж байжээ.
Moss-ын 1993 онд Calvin Klein-ы нүүр царай болон авахуулсан зураг нь Heroin chic төрхийг загварын ертөнцөд шинээр оруулж өгсөн гэдэг. Энэхүү дүр төрхийг бүрдүүлэхэд түүний жин нь голлох үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Тэрээр өөрөө энэ тухай “Хүмүүс Cindy Crawford, Elle Macpherson, Claudia Schiffer, Naomi Campbell гэх мэт моделиудыг харсаар байгаад дассан байна. Би хичнээн олон хэлэх ёстой юм бэ. Би хоолны дуршилгүй өвчтэй хүн биш гэж” хэмээн мэдэгдсэн байна. 0 размертай модель бүсгүйн хоол иддэггүй мэт туранхай байдал нь хүмүүсийн дунд маргаан дэгдээж, хэт туранхай хүмүүсийг дэмжсэн гэдэг шүүмжийг олон ч удаа хүртээсэн юм. Гэвч шүүмжлэлээс илүү магтаалд умбаж байсан юм. 1990-ээд онд түүнийг “Anti super model” хэмээн өргөмжилж байжээ. Calvin Klein-д анх Кate Moss-ыг авч ажиллуулах хэрэгтэйг зөвлөсөн нэрт гэрэл зурагчин Patrick Demarchelier, Dolce & Gabbana-гийн рекламанд авахуулсан Moss-ын зургийн тухай “Kate Moss бол давтагдашгүй. Би хувьдаа Twiggy хэмээх моделиос хойш ийм модель хараагүй” хэмээн хэлсэн байдаг.
Kate Moss чадвартай моделиос гадна олон улсын загварын билэг тэмдэг юм. Олон олон шагналуудын эзэн болж, тухайн үеийн хамгийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан энэ бүсгүй Англи, Америкийн хамгийн том дизайнеруудтай хамтран ажилладаг нэгэн. Түүний өвөрмөц төрх, гайхалтай нэр хүнд гээд бусдаас ялгарч чаддаг бүхнээр чимсэн сэтгүүлүүдийн тоо ч хэдэн зууг давна. Тэр зөвхөн Английн Vogue сэтгүүлийн нүүрийг 30 удаа чимж байсан гээд бодохоор өөрийн гэсэн өвөрмөц төрхөө мэдэрч чаддаг төдийгүй гэрэл зургийн дурангийн өмнө тун ч мэдрэмжтэй нэгэн гэдгийг нь батлан харуулдаг.
2005 онд хар тамхины дуулиант хэрэг түүний нэр хүндийг нэг талаар сэвтүүлсэн ч нөгөө талаар түүний карьерыг өсгөж орхив. Тухайн үеийн энэхүү хэргийн гол баримт болох хар тамхийг хамраараа татаж буй зургийг нь Daily Mirror сонинд тавьсанаас үүдэн хамгийн том гэсэн ихэнх хамтрагч компаниуд нь гэрээгээ цуцлахад хүрчээ. Гэвч угийн дайчин, чадварлаг түүний хувьд энэ бүхэн төдийлөн саад болж чадаагүй юм. Нэг жилийн дараа загварын ертөнцдөө эргэн ирсэн тэрээр ирсэн даруйдаа 18 компанитай гэрээ хийж, “British Fashiоn Awards” наадмаас “Model of the year” шагналыг хүртжээ. Үүнийг амжилт гэхээс өөр юу гэх билээ дээ.
Тэрээр зөвхөн загвар өмсөгч байхыг хүссэнгүй. Top shop дэлгүүрт зориулан 50 төрлийн загвараас бүрдсэн, нэг бүрийнх нь үнэ 12-150 фунт стерлингийн үнэтэй Kate Moss коллекцийг зохиосон бөгөөд түүний коллекцийг худалдах эрхийг авахын тулд энэ дэлгүүр Moss-т 3 сая фунт стерлинг төлсөн гэж хүмүүс ярилцдаг. Тэр зөвхөн хувцасаар ч зогссонгүй 2010 онд дөрвөн ширхэг үнэртэн гаргаж, мөн ондоо Longchamp брэндэд зориулж гар цүнхний загварыг зохион бүтээсэн байна. Энэ бол түүнийг загварын ертөнцийн талаар хэр их мэдлэгтэй, хэр их хөдөлмөрч эмэгтэй гэдгийг нь харуулж байгаа хэрэг юм.
Мэдээж, сайхан бүсгүйн амьдралд эрчүүд цөөнгүй байсан гэдэг. Холливудын алдарт жүжигчин Johnny Depp, Angtony Langdon, Leonardo Di Caprio, Billy Zane зэрэг хүмүүстэй нэр холбогдож явжээ. Kate Moss өдгөө Lila Grace хэмээх хөөрхөн охинтой бөгөөд охины аав нь Jefferson Hac хэмээх эр байдаг байна. Дараа нь Pete Doherty гэдэг дуучинтай нэр холбогдож хэсэг хугацаанд үерхэж байжээ. Харин цуутай бүсгүй 2011 оны 7 дугаар сарын 1-нд Jamie Hince гэдэг гитарчин залуутай гэрлэсэн бөгөөд хуримандаа загварын тайзан дээр анх урьсан алдарт загвар зохион бүтээгч John Galliano-гийн урласан даашинзыг өмссөн байна.
Kate Moss буяны үйл ажиллагааг маш ихээр дэмжин оролцож, санаачлан зохион байгуулдаг сайн санааны үйлст гар татдаггүй эмэгтэй. Тухайлбал, Breakthrough Breast Cancer болон Canser Research UK буяны байгууллагыг дэмжин, дуучин Elton John-ы байгуулсан AIDS Foundation хүмүүнлэгийн байгууллагыг ч дэмжин ажилладаг байна. Мөн Тайландад болсон цунамигийн гамшигт амь насаа алдсан дотны найз Samantа болон түүний охин Ruby Rose нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж Samanta Ruby санг байгуулжээ.
Тэр өөрийн үйлдэл, үг хэл, тэр бүү хэл үйлдлийнхээ залруулга, гэмшил бүхнээр хүмүүсийн хайрыг татаж, бас алмайруулж чаддаг нэгэн билээ. Амьдрал түүнд хааяа хатуурхаж, хааяа түүнийг том шагнадаг. Тэр нэр төр, өөрийн хөпдөлмөрөөр моделын түүхийг шинээр эхлүүлсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Kate Moss үргэлж бүхний анхааралд байж чаддаг. Учир нь тэр бүхнийг дагуулах, бусдаас өөр байхыг мэддэг жинхэнэ модель билээ.
Б.Одсүрэн uptown