Загвар зохион бүтээгч Сүрэнжавын Ариунаа (Ариунаа Сүри):
“Made in Mongolia” гэсэн брэнд нэр шинэ соргог, онцлог, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн байдаг. Монгол брэнд нь цаг уур, байгалийн шалгарлаас бий болсон түүхий эдээс бүтсэн байх нь элбэг, бүтээгдэхүүн олон улсад экспортын татваргүй гардаг.
Манайх ноос, ноолуур, арьс шир, нэхий зэрэг түүхий эдийн шавхагдашгүй нөөцтэй. Сүүлийн жилүүдэд монгол дизайнерууд өөр өөрийн чиглэлд урагшлахын тулд эрч хүчтэй ажиллаж байгаа. Гэсэн ч бидний өмнө тулгамдсан асуудал олон хэвээр байна. Зөвхөн загварын салбарын мэргэшсэн менежмент, борлуулалт, маркетингийн боловсон хүчин байдаггүй.
Нарийн мэргэжлийн инженер, техникийн залуу үе бэлтгэгдэхгүй байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж хангалтгүй, санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийн чадамж байхгүй. Уг нь үндэсний брэнд хөгжүүлэх нь олимпийн аварга бэлтгэхээс дутахгүй эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг ойлгож төр засгаас хөрөнгөөр дэмжих шаардлагатай байна. Монголын брэндийг дэлхийн зах зээлд гаргаснаар түүхий эд материал үнэгүй шахам гадагш гарах биш, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болж гарах нь хаа хаанаа ашигтай, Монгол Улсын эдийн засагт өндөр үр өгөөжтэй нөөц болон үлдэнэ гэж үзэж байна.