Загварын ертөнцийн “эрлэг” гэгддэг алтны магнат Ц.Мянганбаяртай нэр холбогдолгүй, өөрийн цэвэр хүч хөдөлмөрөөр “Топ модель” гэх хүндтэй өргөмжлөлийг авсан гэгддэг О.Уянга өнөө хэр нь элдэв дуулианд орооцолдоогүй. Урд хөршид багагүй хугацаагаар сурч боловсрон, хятад хэлний уралдаанд тэргүүн байр хүртэл эзэлж байсан топ бүсгүй маань эх орондоо ирээд удалгүй ихэр охидоо төрүүлсэн билээ.
Б.Оргил гэх үе тэнгийн залууг ханиараа сонгосон тэрбээр жил гаруй хугацаанд бяцхан үрсээ асарч, гэр бүлийнхээ амьдралд анхаарч явсан. Харин өнгөрсөн намраас загварын тайзнаа эргэн ирсэн топ модель О.Уянга өөрийн шавь болох Б.Наранмандахтай хамтран “Gloria” агентлагаа саяхан байгууллаа.
Энэ тухайгаа тэрбээр “Ихэнх агентлагийн хувьд, зар сурталчилгааны чиглэлээр түлхүү ажилладаг нь ажиглагдсан. Харин бид хоёр загварын бүхий л талын мэдлэгтэй, жинхэнэ мэргэжлийн моделиуд бэлтгэхийн төлөө ажиллана” хэмээн мэдэгджээ. Мөн ажил, амьдралын завгүй мөчүүдийнхээ талаар “Ихэр охид маань ирэх есдүгээр сард хоёр ой хүрнэ. Төрсөн цагаас нь эхлээд хэний ч гарыг харалгүй, өөрөө тэднийгээ өсгөж хүмүүжүүлсэн. Өглөө цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд орой ажлаа тараад охидтойгоо уулзах хамгийн сайхан” гэж сэтгэл догдлон ярьсан байна.
Б.Содон