Хэрэв та гадаад руу аялахдаа таагүй, нөхөрсөг бус байдлыг мэдэрч байсан уу? “Skyscanner.com” аяллын сайт нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Хамгийн бүдүүлэг, нөхөрсөг бус хүмүүс хаана амьдардгийг харуулсан судалгааг Франц, ОХУ, Их Британи, Герман зэрэг орны 1,200 гаруй иргэний дунд явуулжээ.
Хямсгар гэдгээрээ алдартай Францчуудыг судалгаанд оролцогчдийн таван хүний нэг нь харилцааны соёлгүй хүмүүс гэжээ. Харин Францын араас ОХУ, Их Британи бичигдсэн байна.
Хамгийн хачирхалтай нь судалгаанд оролцсон Их Британичуудын дийлэнх нь өөрсдийгөө хамгийн муухай ааштай аялагчид гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Харин Оросууд яагаад муухай ааштнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэнийг “Skyscanner”-ийн менежер Татьяна Данилова соёлын олон урсгал ОХУ-д орж ирсэнтэй холбон тайлбарлажээ. Нөгөө талаар орос хэл англи хэл шиг эелдэг сонсогддоггүй, оросоос англи руу орчуулсан үг хэллэг бүдүүлэг утга агуулаагүй байсан ч хатуу сонсогддогтой холбоотой гэнэ.
Харин эрх чөлөөний орон гэгдэх АНУ дээрх жагсаалтын долдугаарт Хятадын дараа бичигджээ. Судалгааны дүнгээр хамгийн эелдэг найрсаг хүмүүс амьдардаг газар нь Карибын орнууд, Филиппин, Бразиль болж таарсан гэнэ.
Н.Рэй /Эмэгтэйчүүд/