Яг бидний амьдарч буй замбуу тив болбоос
Янагийн халуун амьсгал оволзон байдаг хорвоо
Яруухан дуут пийпаа хөгжмийн бэргэсэн чавхдас лугаа
Яригсан цоргисон аялгуу гиншигнэн байдаг хорвоо
Үлгэрийн юм шиг ай саванд оньсого мэт орчилдох
Үнэнхүү ичимхий мань хорвоог огторгуйн чанадаас халиахуй
Үхэх, төрөхийн од самардсан халуун бөмбөлөг
Үхэшгүй мөнхийн оч гялалзсан “хэмнэлт” ертөнц
Толь мэт тунгалаг торгомсог эмс нь
Тогтуун дайвалзан хөвөгч янар сэнтийд залрах шиг
Элчилгүй их хилэнгийн өөдөөс шимтэйеэ мэхийж
Эрчилсэн их “усан хажлага”-нд даруулмой!
Далай мэт шивхүүрдэгч “дайр усан” эрчүүл нь
Дарвуулт хөлгийн хитгэн дээр намайх шиг
Дагинас хуран чуулам догшин хуялын чуулганаас
Дарс мэт балгалж, дахин дахин баясалцмой!
Өнгөлөг төрсөн охидын эрмүүн танхил хайр
Өехий цагаан цээжнээс нь дэвэлзэн байдаг хорвоо
Өсгөлүүн тэс хөвүүдийн оргилуун тансаг дур
Үелзсэн халуун омгоор дүрэлзэн байдаг хорвоо
Ай, мөн энэ хорвоо!
Айхтар хурц янагийн хорвоо
Агшин зуурт тачигнаад өнгөрөх чимх “бурамс”-ын төлөө
Адгуус, хүнгүй шимшрэлдэн байдаг хорвоо!
Б.ОЙДОВ