Манай улсын хөдөлмөрийн насны иргэн бүр өөрийн амьдран суугаа газраа 8500 төгрөг эхний удаад зарцуулан нэг м.кв талбайд олон наст ногоон зүлэг тарин, өөрөө усалж тордон ургуулж чадвал Монгол орны хоёр сая хавтгай дөрвөлжин талбай нутаг дэвсгэр ногоон дэвсэг болж бид байгаль орчиндоо тэр дундаа цөлжилтийн эсрэг үнэлж баршгүй их хувь нэмэр оруулна. Тиймээс зүлэг, мод тарих нь иргэн бүрийн, бизнес эрхлэгч бүрийн эх оронч сэтгэл юм. Дараахь товч зөвлөгөөг хүргэж байна.
– Тарих талбайн хөрсийг 20 см гүн байхаар тооцож бэлдэх / Чулуу, хог хаягдалгүй байх чулуурхаг хатуу хэсгийг ухаж авч хаян оронд нь органик бордоогоор бордсон хөрс хийх /
– Талбайг тэгшилж үрийг тарихаас өмнөх 10 см гүнд нэвтрэхээр услах
– Үрийг гараар жигд цацаж тараах /1 м.кв-д 40 гр нормтой/
– 0,5-1 см зузаантай элсээр жигд хучих
– Үрийг тарьсны дараагаар 5 см гүнд нэвтрэхээр услах
– Цаашид өглөө оройд байнга услах
– 6, 7-р саруудад зориулалтын машинаар тайралт хийх /өтгөн ургуулах зорилготой/
– Өвөл буюу тарьснааас хойш бүхий л хугацаанд гишгэж талхлахгүй байх
Сонгосон талбайгаас хамаарч төсвийг байгууллага болгон жичдээ гаргаж өөрийн нөхцөл бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх нь чухал юм.
“ОРГАНИК МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ