Навтгар хамраа өндөрсгөнө гэнэ, эцгээ голоо юу даа. Насны залууд эр бор харцага шиг тэвхгэр цээжтэй, намхан хамартай ч гэлээ хөрслөг бор царайд нь би дурлаж явсан юм. Талын нэг тарсан хөмсгөө зулгааж нэг арилгаад саран хэлбэртэйгээр зуруулж шивүүлнэ гэнэ, эцгээ голоо юу даа. Цагтаа тэр өтгөн хөмсгийг нь би гараараа илбэж, сайхан мэлгэр духан дээр нь үнсэж байсан юм шүү.
Онигор нүдэндээ давхраа хийлгэж оёулна л гэнэ, эцгээ голоо юу даа. Хүлэг морьдын давхианд ажрал үгүй салхи сөрж, хүйтэн халуунд ч гэлээ алсын барааг саравчилж, хөх тэнгэрийн дор аньсага цөөхөн чийглэсэн онигор ч гэлээ хараа хурц тэр л нүдэнд нь би өртдөг байсан юм. Бас хайрлуулж дурлуулдаг байсан юм шүү.
Жижигхэн хөхөндөө силикон шахуулж томруулна гэнэ, эхээ голоо юу даа. Жижигхэн ч гэлээ миний хөх хайрандаа сүү асган ивлэж, халамжиндаа цамайг цатгаж өсгөсөн л юм даа. Өгзөгөндөө силикон шахуулж товойлгоно гэнэ, үнэндээ чи намайг голоо юу даа. Эмээлийн бүүрэг дээр хонон өнжин давхиж, ээвэр талын энгэрт араг үүрч, савар зөрүүлж өссөн нь миний буруу гэж үү? Махлаг биеэ хоолоо сойж тураана гэнэ, би чамд адлагдаа юу даа.
Нуруундаа таарсан унаган махаа адлаж, хаврын хавсарганд туйлдсан ямааны мах шиг хавиргаа хэрзийлгэх тийм сайхан гэж үү? Цагтаа аав чинь намайг тэвэрч, сайхан сэтгэлийг минь үнэрлэж духан дээр минь үнсдэг байсан юм шүү. Тэр үедээ би тарган ч гэж адлагдаагүй, туранхай ч гэж шоолуулж байгаагүй юм аа.
Хоршооноос авсан гоё цаастай чихэр болгон амттай байдаггүй ч хожим нь бид өөрсдөө амттайг нь сонгож сурсан юм, боосон цаасанд нь хуурталгүйгээр. Амт гэдэг гоё цаасандаа байдаггүй ч, чанартаа байдгийг хүн болгон мэдэх л болсон. Бидний хайрын дундаас ургасан амтат жимс, бас гоёмсог цэцэг чи л байсан. Бид чамайг хайраар дутаагаагүй, бас сэтгэлээр дутаагаагүй.
Чи бол сайн ч муу ч, сайхан ч муухай ч бидний л үр. Сайхан үзэсгэлэнтэй, бас баян гэр бүлд төрөөгүй нь чиний ч бидний ч буруу бишээ, энэ бол хүн болж төрсний хувь тавилан. Зүүний үзүүр дээр тогтсон чиний л аз заяа. Тэгээгүй бол чи хумхийн тоосон дунд хөвж л явах байсан даа охин минь. Замбуулин энэ хорвоод төрсөн тохиол болгон учиртай. Чи бидэнд үр минь болж ирсэн нь ч утгатай. Тэгээд л сөрж болохгүй тавиланд зөрж гомдоллож бас тэнэгтэж байгаад чинь ээж нь шаналж байнаа.
Хүн гэдэг чинь залуу насандаа омголон байдаг юм аа охин минь, би мэднэ, аав чинь гэрчилнэ. Гоо үзэсгэлэн гэдэг чинь хавар нь ургаад, зун нь дэлгэрээд, намар нь хагдардаг цэцэгс юм шүү дээ охин минь. Өөрөө хичээхгүй байлаа ч гоо үзэсгэлэн гэдэг залуу насны гоёл. Зөрөөд өнгөрсөн хэн боловч эргэж харахаар тийм л гайхамшиг. Харин чи энэ насан дээрээ ухаан мэдлэгээр өөрийгөө гоёвол хэзээ ч хуучирч муудахгүй тийм цэцэгс болгон дэлгэрдэг.
Чамайг хүмүүс өнгөөр чинь угтаж ухаанаар чинь үдэх тийм л цагт чи дандаа үзэсгэлэнтэй байж чаддаг. Гоо үзэсгэлэн гэдэг залуу насанд хүмүүсийн харцыг булаадаг бол, ухаан мэдлэг насан туршид чинь хүмүүсийн сэтгэлийг татдаг. Сайхан үзэсгэлэнтэй байх гэдэг чиний хүсэл, ээж нь ойлгож байнаа.
Гэхдээ байгаа юм байгаагаараа байг л дээ. Ухаан чинь түүнийг чимдэг юм. Залуу насандаа чи хэнд ч муухай харагдахгүйгүй дээ, мэдлэг чинь түүнийг гоёдог юм. Чи хэн нэгэнд гоо үзэсгэлэнгээрээ гологдлоо гэхэд ээждээ бол сайхны л туйл. Битгий л хуурамч бүхнээр өөрийгөө “гоё” доо. Гоё цаастай чихэр болгон амттай байдаггүй юмаа охин минь. БИД ЧАМАЙГ ТАНИХАА БОЛЬЧИХВОЛ ЯАНА. ТАВИЛАН ЧИНЬ ТӨӨРЧИХВӨЛ ЯАНА.
САЙН ХҮМҮҮС
…Сайн хүмүүс бидний амьдралд зөндөө таардаг. Сайн хүмүүс дэндүү олон байдаг болохоор л энэ амьдрал гэрэл гэгээтэй, бас урам зоригтой. Заримдаа бүх юм бүтэлгүйтээд яах ч учраа олохгүй шаналж суухад гэнэт сайн хүн гарч ирээд “Би чамд туслая л даа” гэж чин сэтгэлээсээ хэлээд туслахад бид учиргүй баярладаг.
Тэрхэн мөчид “Амьдрал гэдэг чинь яасан ч сайхан юм бэ?” хэмээн өөрийн эрхгүй инээмсэглэн талархана. Хэн нэгэн сайн хүн ядарсан хүмүүст бусдын анхаарлыг татахгүйгээр туслачихаад, юу ч болоогүй юм шиг гэнэт алга болно. Тэр тусын ачаар хүнд хэцүү байдлаас гарч сэхэл авахдаа тэр хүнийг дурсаж эргэн тойрондоо хайдаг.
Хэдийгээр би түүнийг олж чадахгүй ч эргэн тойронд минь сайхан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлж байгаа олон хүмүүсийг харахдаа би ч өөрөө тийм байх хүсэлд автан бас бусад руу инээмсэглэн харна. Тэр хүнийг олж талархаж чадахгүй ч, хэцүү байгаа өөр хэн нэгэнд тус болж, тэр хүний баярлаж талархсан царайг харахдаа хайгаад олж чадаагүй тэр хүндээ хариу талархаж чадсан юм шиг сэтгэл нэг л өөдрөг, баяртай.
Бүх хүмүүс төгс гэгээрсэн, эсвэл өөрийн амьдралын олон асуудлаа бүгдийг нь шийдчихээд бусдад тусалж байх үүрэгтэй биш л дээ. Тийм боломж ч үгүй. Бусдын тусламж хэрэгтэй болсон тэр хүнийг хараад сэтгэлд минь шаналгаа үүсч, тэр хүнд туслахыг хүссэн сэтгэлийн дуудлагадаа захирагдан тус болохдоо хариуд нь тэр хүний баярлаж талархсан царайг харах ямар сайхан гээч.
Сэтгэлд минь байсан гуниг шаналал тэр хүний талархсан сэтгэлийн илчинд хайлж, би өөрөө ч мэдэлгүй баяр хөөртэй болдог. Нэг л тийм гоё, юу ч гэмээр юм бэ дээ, үгээр илэрхийлэхийн аргагүй тийм л тансаг мэдрэмж. Энэ л мэдрэмж хүмүүсийг амьдралд хайртай болгодог юм. Бид заримдаа гуйлгачин, эсвэл амьдралдаа арчаагаа алдсан хүмүүст л туслах ёстой гэж боддог.
Үгүй дээ, чиний эргэн тойронд байгаа танил, бас дотно хүмүүст яг хэрэгтэй цагт нь дутаж байгаа ганц урмын үгийг нь оноод хэлчихэд л сайхан сэтгэлийн үр соёолдог. Шаналж байгаа сэтгэлдээ шивнээд ч болов хайгаад олохгүй байгаа шийдвэрт нь түлхэц болох зөвлөлгөө тэр хүний амьдралд хэрэг болно. Бид мартаж орхиод олон жилийн элэгдсэн дурсамжинд тодорч үлдсэн хэлхээс энэ байх нь олонтаа.
Юу гээч. Энэ ертөнцөд “адгийн шаар” гэж байдаггүй юм. Бид л тэгж боддог болохоос. Хүн болгон энэ амьдралд эдэлж байгаа тавилангаасаа хамаарч сайн муугаараа ялгардаг. Бидний “сайн” гэж бодож байгаа хүмүүсийн дотоод сэтгэлд ч муу бодол агуулагдаж байдаг, тэд л илэрхийлж гаргадаггүй болохоос. Бидний “муу” гэж бодож байгаа хүмүүсийн дотоод сэтгэлд гэрэл гэгээ оршиж байдаг, тэд л илэрхийлж гаргахыг хүсдэггүй болохоос.
Харин бусдад тус болох хүсэл, тэдэнд хэрэгтэй үйл хийх хүсэл хүн болгонд байдаг болохоор л хүмүүс тэр сэтгэлийн илчинд дулаацаж амьдарцгаадаг. Их энгийн логик байдаг даа. Чи хэрвээ бусдад сайхан сэтгэлээсээ хандаж, тэдэнд туслахыг хүсээд байх аваас бусдаас яг хүссэн зүйлээ эргүүлж авдаг.
Харин эсрэгээрээ бусдыг үзэн ядаж, тэднийг хорлох гэж бодох аваас хариуд нь яг л гаргаж байгаа араншингаа эргүүлж авдаг. Заримдаа бид санаандгүй байдлаар бусдын амьдралд хэрэгтэй тус хүргэснээ анзаардаггүй. Тэр бол бидний сэтгэлийн дотоод ертөнцөөс урган гарч байгаа гэрэл гэгээ мөн. Заавал бусдад тус болсноо дурдаад хариу тус нэхээд байх хэрэггүй дээ. Зүгээр л өөрийн мөн чанар хийгээд сэтгэл зүрхэндээ захирагдаж амьдрахад л болоо.
Намайг ганцаардаж, амьдралд тулгарсан элдэв асуудал дундаа шаналж суухад, санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу тус хүргэсэн хүнд насан туршдаа талархаж, түүнийг сайнаар дурсаж амьдрах сайхан шүү. Заримдаа тэр хүний тухай бусад хүмүүс надад муугаар дурсахад нь “Түүний сайн муу хүн гэдэг яриа чинь надад огт хамаагүй ээ. Зүгээр л тэр хүн хэрэгтэй цагт минь надад тусалсан болохоор би түүнийг үргэлж сайн хүн гэж нэрлэх болно” гэж хэлэх ямар сайхан гээч.
Зөндөө олон сайн хүмүүс миний эргэн тойронд байдаг болохоор би сэтгэл хангалуун амьдардаг. Бас олон хүмүүс миний тусыг үнэлж, намайг сайнаар үнэлж байдаг болохоор би аз жаргалтай амьдардаг. Сайн хүмүүс олон байдаг болохоор л энэ амьдрал хүн болгонд гэрэл гэгээтэй санагддаг юм. Заримдаа муу хүмүүстэй учирч сэтгэл минь хиртдэг хэдий ч, түүнээс олон сайн хүмүүс миний сэтгэлд баяр урмыг түгээж байдаг. Амьдрал гэдэг чинь сайхан шүү дээ.
ЧУЛУУН ТОГЛООМ
…Бидний багад одоогийнх шиг их тоглоом байгаагүй ээ, сонголт ч байгаагүй. Тэртээх довцогийн өндөрлөг дээр гараад хавь ойрын чулууг сонгож түүнэ. Авдар шиг, морь шиг, бас хонь шиг, аяга шиг шаазангийн хэлтэрхий чулууг сэтгэлдээ төсөөлж, нүдэндээ баримжаалж хайна. Олсон нэгэн чулууг сэтгэлдээ тэнцүүлж урамшина, олзоо лавшруулж зөндөө их төсөөлөлдөө шамдаж хайна.
Нүдний үзүүрт сэртэлзэх чулууг мөнөөх төсөөлөлдөө харьцуулж дүрсэлж сонгоно, бас голно. Уулсын их чулуу болгоныг сэтгэлдээ төсөөлж харна, уулгамч юм шиг олсон чулуундаа дуу алдан баясаж элгэндээ тэврэх. Талаар бэлчих хонин сүрэгтээ таацуулж зөндөө өөхөн чулуудыг сонгоно, уяан дээр үүрсэх хурдан хүлэгтээ уулсын орой дахь билуу чулууг сонгоно.” Хурдан хүлэг шүү дээ” хэмээн сэтгэлдээ шившиж сонгохдоо, угаасаа ирмэг ихтэй хөх чулууг сонгодог.
Бодвол иртэй чулуу тэртээх голын урсгалд илүү холыг цавчлах долгионы мяралзааныг анзаардагийнх буйз. Хашсан бор чулууд ханыг минь орлож, үүдэн цагаан чулууд босгыг минь бэлэгдэж, “Нохой хорио” гэх дуунаар сандчин тэвдэж долоовор урт хуруудаараа шаламгай алхаж үүдээ сөхдөгсөн.
Миний эхнэр болох сөөсгөрхөн бор, сайран хацартай охин “Нохой урдаггүй ээ” гэж хэвлүүхэн өгүүлж тогоон дахь цайгаа өндөрт өргөн самрахад нь эгээ л тулхтай гэрийн эзэн би гаансандаа тамхиа нэрж, хээв нэг тоомжиргүйхэн үүд рүү хардаг сан. Тэр цагтаа би түүн рүү дурласан харцаар хардаг байснаа өнөө санаа ч үгүй, мартаа ч үгүй. Цав цагаахан сэтгэлийн гэгээхэн дурсамжаа гэж.
Дараа нь миний үрсүүд “байлдаж” тоглодог болсоон. Далавч шиг дэрвэх цуван дотроосоо дайсныг хөнөөх “Ака” буугаараа галлаж, өөрийн бас дайсныг ч өр эмтэлэхгүйгээр буудан хөнөөж бас түүндээ баярлана. Гадаа хааяадаа найзуудтайгаа тоглохдоо “дайсны”, бас “манай” тал хэмээн хуваагдаж буудалцана.
Буун суманд оногдсон нэгнийгээ “бушуу үхээч” хэмээн баясан тавлана. Биенээс нь урсах цусыг тэд огт мэдэхгүй ч толгоомондоо улайрч тэр л цусыг сэтгэлдээ амталдаг байсан. Өөрсдөө тэд “баатрууд”, өрөөл бусдыг “дайсан” гэж үзэхдээ тэд хүний амийг “хямдхан” гэж төсөөлдөг болсон. Хүрэн зүрх нь юуны тулд зогсдогийг тэд мэдэхгүй ч тоглоомдоо “амархан” гэж мэдэрдэг байсан.
Зөндөө олон тоглоомууд хүнийг хөнөөхийг тэдэнд сургадаг байсан ч, хүний амь ямархан үнэтэй болохыг ухааруулж байгаагүй ээ. Түүнээс болж ямархан их харгис гэмт үйлдлүүд гарч байсныг бид ойлгоогүй ч, буруутанг нь олох гэж бодолгүйгээр тэднийг харгис хатуугаар шийтгэдэг байсан. Харамсаж үүндээ бид өөрсдийгөө хэзээ ч буруутгаж байгаагүй ээ, худал гэж үү? Өдгөө ч олон залуус үхлийг тоглоом мэт санаж тоглодог болсон, үүний цаана өнчирсөн хүүхдийн нулимс хацар эсгэн урсаж, хүрэн зүрхнийхээ чанадад хорсол шатааж байгааг мэдэхгүй дээ.
Харин одоо бидний үрсүүд хавь ойроо мартан дэлгэц шагайх болсоон. Эцгийн хайр, эхийн халамжийг мэдрэхгүй болтлоо сошиол ертөнцөд донтох боллоо. Чиний сэтгэлээ шингээсэн өглөөний цайг хэрүүлтэй хаяж одох мөртлөө, “ээж минь наддаа ийм их хайртай” гэж амтлаагүй тэр идээний дээжсийн зургийг тавьж, өөрийнхөө ямар сайн хүү болохоо бусдад сурталчилна.
Бусдын постоос зөндөө ишлэл хуулбарлаж, зөвхөн өөрийгөө ухаантай мэт бусдад сурталчилан “like” хүснэ. Өөрийнхөө элдэв зургуудыг янз янзаар тавьж, өөрийгөө бусдад гэгээн ариунаар сурталчлах. Өөрөө тавьсан зураг шигээ байж чадахгүй мөртлөө өрөөл бусыг шүүмжилж хоосон цэцэрхэнэ, бусдын анхаарлыг татах гэж. Ээжий аав нь хоногийн хоолоо олох гэж зүдэрч байхад, өөрөө харин тансаг хоолны зураг тавьж “барахгүй байгаа” гаа гайхуулж, бусдад тус болохыг уриалан бичнэ.
Харин тэр амьдрал дээр “арчаагүй” болохоо бусдаас нуун хоосон цэцэрхэнэ, хандаж өөр рүү нь бичсэн болгоноос нуугдан новширно. Зүгээр л бусдын анхааралд өртөж, гэнэн нэгнийг ангуучлах боломж нь энэ л сошиол ертөнц болжээ. Харин тэд энэ л тоглоомоор тоглож бусдын сэтгэхүйгээр наадах хүсэлтэй. Дэлгэцийн цаанаас аугаа мэт аашлах авч, дэргэд нь очихоор “новш” мэт олон залуус үүгээр толгож байна даа.
…Тэртээх уулсын бэл дэх чулуун тоглоомоос, сошиол ертөнцийн хийсвэр тоглоом хүртэлх их орон зайг бид туулжээ. Байгал ертөнцийн түмэн хаягдал дундаас балчир насандаа хийсвэрээр төсөөлж асан гэгээн ертөнц, балмад дайтах тоглоомын цуст орчноос, интернет ертөнцийн заль луйвар, худал хуурмаг бүхэнд уусах хүртэл багагүй хугацааг элээжээ.
Та юу гэж дүгнэхийг би мэдэхгүй ч, байгалийн онгон дагшин оршилдооноос өөрийн төсөөллөөр олж авсан ертөнц минь хавьгүй гэгээн, бас бодит төсөөлөл. Би тэр л чулуун тоглоомуудыг хааяа зүүдэлдэг юмаа, нутгаа санаж буйнх биз ээ. Тэр л чулуун гэр дунд хагарсан шаазангийн хэлтэрхийд цай аягалан надад барьсан сайран хацартай бор охины дүр одоо ч надад тодхон.
Тэр минь одоо цав цагаахан хэрнээ үсэнд нь буурал хяруу буусан ахимаг бүсгүй болоо биз дээ. Тэр энэ бүхнийг санадаг, санадаггүй ч хамаагүй ээ, би л чамайг мартаж чаддаггүй юм даа. Аяа ээвэр газрын тэртээх чулуун тоглоом минь дээ, би чамайг ердөө ч мартаж чаддаггүй юм даа. Бодвол байгаль дундаа тоглож наадаж өссөн миний азтай тавилан юм биз дээ? Тийм азтай хүмүүс олон байх ч юмуу? үгүй ч юм уу? Би л лав азтай.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com