Шинэ эрин, шинэ аавууд

164903-26062015-1435278594-550127566-1Гэрийн эзэгтэй гэдэг үг танил атлаа дотно сонсогдоно. Тэд хүүхдээ асарч, амттай хоол хийж, сайхан инээмсэглээд нөхрөө ажлаа тараад гэрийн үүдээр орж ирэх цагийг хүлээнэ. Гэр орны цэвэр цэмцгэр байдал ч тэднээс шууд хамааралтай.

Тэдний зарим нь гэрт суугаадаа туйлын сэтгэл хангалуун, харин зарим нь байгаа байдалдаа цухалдана. Яагаад ч юм эрэгтэй нь багыг хийж бүтээгээд байгаа мэт, өөрөө дэлхий ертөнцийн бүх зовлонг нуруундаа үүрсэн мэт санагдана. Эмэгтэйчүүдийн эл бодлоос гэр бүлийн жижиг сажиг хэрүүл үүсч эхлэх нь тэр. Эцэст нь эл асуудал салалт, эсвэл гэртээ байх дургүй өсвөр насны хүүхдээ хүчрэхээ больсноор төгсөх нь бий.

Шинэ эринийг дагаад аавууд ч шинэчлэгдэх шаардлага гарч ирлээ

Монгол уламжлалт ёс заншил, үлгэр домогт эр хүнийг гэрийн хойморт айраг уун сууснаар, эсвэл сур элдэж, адуу уургалж буйгаар л тусгасан байдгаас биш эхнэртээ туслан, хүүхэд харж, хоол хийж байгаагаар дүрсэлсэн нь үгүй. Олон нийгмийн шилжилт дунд бид амьдралын хэв маягаа өөрчилсөөр ирсэн ч уламжлагдаж ирсэн эл хандлага өдийг хүртэл оюун санаа бие махбодид нэвт шингэж, нүдэнд үл үзэгдэм байдлаар оршсоор буй нь нууц биш. “Тэдний хүү тун сүрхий. Эрэгтэй юм байж гэр орноо сайхан цэвэрлэнэ. Цайгаа чанана” гэж эвэртэй туулай үзсэн мэт ярих 60, 70-аад оныхонтой олон таарч байв.

Тэд ийн ярихын хажуугаар өөрсдийн охиноо гэрийн ажилд муу гэдгийг нь тодотгоод авна гээч. Гэтэл нийгэм, хүмүүсийн харилцааны түвшин хувьсан өөрчлөгдөж, “гэрийн аавууд” гэдэг нэршил манайхаас бусад олон оронд хэдийнэ дэлгэрснийг дараах жишээгээр нотолж байна. Энд шударга бус тогтолцоо, эмэгтэйчүүдийн эрх болоод эрх тэгш байдал гэх мэт улиг болсон ойлголтын талаар ярих гээгүй билээ. Харин шинэ эриний аавуудын дүр төрхийг дүрслэх гэж оролдлоо.

1970-аад оны үеийн АНУ. Хувийн машиныхаа аль нэг хэсэгт “гэрийн аав” гэж бичсэн зургаахан эр байжээ. Энэ нь нийт америкчуудын зургаан хувь биш, нийт америкчуудаас зургаан хүн л өөрсдийгөө ийн ам бардам хэлж байсан гэсэн үг. Гэтэл саяхны буюу 2014 оны судалгаагаар нийт америкчуудын 16 хувь нь өөрсдийгөө албан ёсоор гэрийн аав гэж өргөмжилсөн талаар сонирхолтой судалгааг “huffingtonpost”-ын цахим хуудаст нийтэлжээ. Түүнчлэн 16 хувьд багтаж буй аавууд ямар нэгэн алба хашилгүй зөвхөн гэрийн ажил, хүүхэд асрахад бүх цаг заваа зориулдгийг ч тус судалгаа илрүүлжээ. Гэвч энэ эрчүүд ажиллахыг хүссэнгүйдээ амьдралын ийм хэв маягтай болсон юм биш. Гэрийн аавуудын 80 хувь нь гадуур гарч, ажиллахыг хүсэж буйгаа хэлжээ.

Эрэгтэйчүүд ажлаасаа татгалзаж, гэрийн аав болж буй нь нэг талаар эмэгтэйчүүдийн амьдралаар амьдарч үзэх, тэднийг илүү ойлгох гэсэн оролдлого гэдэгтэй судалгааны багийнхан санал нийлжээ. Нөгөө талаар энэ нь гэр бүлд элдэв маргаан гарахаас сэргийлэх төдийгүй эхнэр нөхрүүд биенээ ойлгож, хүндэтгэх гэсэн оролдлого аж. Гэвч үүний цаана хэт феминист үзэлтэй эхнэрээсээ болж ийм сонголт хийсэн гэх аавууд ч цөөнгүй байсан гэнэ.

Эхнэр охин хоёр хөдөө ээжийндээ очсон. Одоохондоо хүүхдээ асрахад гар бие оролцож чадаагүй явна

Гэвч судалгааны ерөнхий үр дүнг харвал америк аавууд хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх, тэднийг асрахад гар бие оролцох нь өмнөхтэйгээ харьцуулахад ямар ч байсан олширсон гэдэг нь тодорхой болно. Үүнд нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл хамгийн их нөлөө үзүүлж буйг онцлох нь зүйтэй. Жишээ нь, Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэмийн нэрийг Google-ийн хайлтын хэсэгт бичих төдийд түүний охинтойгоо, хөвгүүдтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлж, бяцхан охиноо эрхлүүлж буй хэдэн зуун зургийн илэрц гарч ирнэ. Заавал хайх ч шаардлагагүй. Хамгийн олон хандалт авдаг загвар, амьдралын хэв маягийн талаарх цахим сэтгүүлүүд түүний энэ мэт агшныг онцлох бөгөөд нийгмийн сүлжээгээр тэдний зураг шуугиан тарина.

Энд сэтгүүлчид, хэвлэлийнхний буруу гээд байх зүйл үгүй. Хүний хайр энэрэл, үр зулзагаа хамгаалж буй хайр татам агшин гэрэл зургийн хальснаа бууж, цахим ертөнцөөр дамжин хэдэн сая хүнд нэгэн зэрэг хүрч буй төдий. Дэвид Бэкхэм шиг ахиад хэдэн зуун царайлаг, од аавын зураг өдөр бүр нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гарч байдаг гэдгийг мартуузай. Энгийн иргэд энэ мэт зүйлээс санаа авч, гэр бүлдээ илүү их цаг зарцуулах бөгөөд, үр хүүхдээ асрахад өөрийн оролцоо чухал гэдгийг мэдэрч байдаг болов уу.

Харин Европын зарим оронд хүүхэд асрах, хүмүүжүүлэхэд аавуудыг идэвхтэй оролцуулж байх талаар хуулиараа зохицуулсан байдаг бол Японд аав нар амралтын өдрүүдээр хүүхдээ дагуулж хаа нэг тийшээ аялах, тоглох нь бичигдээгүй хууль. Ажил, амьдралын хамгийн тэнцвэргүй гэгдэх Японд хүртэл аавууд өөрийн үүргээ маш сайн ухамсарласан байдаг нь амралтын өдрүүдээр цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулж яваа эрчүүдээс тод харагдана.

ХАРИН МОНГОЛ ААВУУД ШИНЭ ЭРИНИЙ ААВУУДТАЙ ЭН ЗЭРЭГЦЭХЭД БЭЛЭН ҮҮ

Олон улсын аавуудын өдрийг манай оронд албан ёсоор тэмдэглэдэггүй ч залуу гэр бүлүүд өөрсдийн хэмжээнд тэмдэглэсэн нь нийгмийн сүлжээнээс харагдсан. Залуу гэр бүлүүд биендээ баяр хүргэж, “Аавуудын баярын мэнд хүргэе” гэдэг гарчигтай зураг нийтэлж байв. Гэвч 2015 онд эцэг гэдэг нэр зүүж буй дийлэнх монгол аав үүргээ хэр сайн биелүүлж байгаа бол? Хүүхдээ нялх, балчир байхаас нь асрахад гар бие оролцож, гэрийн асуудалд хэр их санаа тавьдаг бол?

Манай хүү хоёр настай. Би ажил хийдэг. Нөхөр маань ч ажилладаг. Ажлын өдрүүдэд аав, ээждээ хүүгээ орхиод явдаг. Чин үнэнийг хэлэхэд нөхөр маань гэрийн ажил болоод хүүхэд асрахад гар бие оролцдоггүй. Гэртээ байх үедээ зурагт үзнэ, компьютер тоглоно. Миний мэдэх бусад залуу аав ч ийм. Тийм болохоор угаасаа л ийм гэж бодоод өнгөрөөдөг.
Ээж Г.Уянга 24 настай

Хүүгээ төрснийх нь дараа хүүхдийн даавуу угаах, живх солих, эхнэртээ хоол хийж өгөх гээд бүхий л зүйлд нь чадах чинээгээрээ туслахыг хичээсэн. Тухайн үедээ ажлаа ч зохицуулж, эрт харьдаг байсан. Би л хувьдаа гэрийн ажилд туслахдаа дуртай байдаг.
Аав Х.Тогтуун 28 настай

Би хожуу хүүхэдтэй болсон. Бага охин маань одоо нэг настай. Би одоо ажиллаж байгаа ч гэрийн ажилдаа тусалж дөнгөөд л байдаг. Орой хүүхдээ цэцэрлэгээс нь авна. Живхийг нь сольж өгнө. Бас тоосоо соруулж, аягаа, хувцсаа угаадаг. Харин хоол амтгүй хийдэг учир эхнэр маань хоолоо хийдэг. Заримдаа хүүхдээ салхилуулна. Манай байранд хүүхдээ байнга салхилуулдаг олон аав бий.
Аав Г.Тулга 47 настай

Охин маань саяхан төрсөн. Эхнэр, охин хоёр маань хөдөө ээжийндээ очно гээд явсан. Одоохондоо хүүхдээ асрахад гар бие оролцож чадаагүй явна.
Аав Г.Билэг 23 настай
xэмээн тэд дээрх асуултад хариулав.

Монгол аавууд гэрийн ажилд туслах, хүүхэд асрахад шууд оролцоход тулгардаг саад бэрхшээл болон туслахаас зайлсхийдэг шалтаг бийг хүмүүсийн ярианаас ойлгосон. Монголчууд шинэ хүүхдээ утга төгөлдөр хүлээн авч, угааж найрладаг. Ихэнхдээ охины талынхан энэ зан үйлд идэвх санаачилгатай оролцох бөгөөд төрөөд удаагүй бэр төрсөн гэртээ тэнхрэх гэж ирэх нь олон. Залуу гэр бүл тусдаа гарсан хэдий ч эмэгтэй төрсөн гэртээ 1-3 сар болох бөгөөд хүргэн хүү хадмын гэрт амьдрах болдог. Нялх хүүхдийг арчилна гэдэг амаргүй даваа тул настай хүмүүс өөрсдийн “жороор” тэднийг халамжлахыг хүснэ. Энэ бол уламжлагдаж ирсэн сайхан ёс заншил.

Гэвч аав, хүүхдийн хооронд ангал үүсгэх нэгэн шалтгаан болох нь ч бий аж. Үүнээс болж нөхөр эхнэртээ бүрэн хэмжээгээр тусалж чадахгүй, эсвэл шаардлагагүй болох тохиолдол ч олон. Яг л Г.Билэгийн жишээ шиг. Харин зарим залуу гэр бүл зоригтой алхам хийж, хүүхдээ эхнээс нь өөрсдөө өсгөдөг. Залуу хосууд алдаж болох ч сайн эмч, аав ээжийн аман зөвлөгөө, өөрсдийн хичээл зүтгэлийн ачаар хүүхдээ ямар ч аюулгүй өсгөхийн дээр гэр бүлийн харилцаагаа ч бататгадаг байна. Бие даан хүүхдээ өсгөх шийдвэрийг эрэгтэй нь гаргаж чадвал шинэ эриний, жинхэнэ сайн аавууд ар араасаа төрөх биз ээ.

Эхнэрийнхээ жилийн хөдөлмөрийг ингэж үнэлэв гэсэн агуулгатай нийтлэлийг монгол залуу саяхан цахим хуудаст тавьсан нь олон хүнд хүрэв.

  • Хүүхэд асрагчийн дундаж цалин-сард 250,000₮, жилд 3,000,000₮
  • Гэр орон цэвэрлэх үйлчилгээ – нэг удаа 5000-10000₮ 7 хоногт 3 удаа сард 60,000-120,000₮
  • Тогооч-долоо хоногт 200,000₮, сард 800,000₮
  • Санхүүгийн туслах (төсөв гаргах, төлбөр тооцоо хийх г.м)-цагт 10,000₮, долоо хоногт 5 цаг гэж үзвэл сард 200,000₮
  • Угаалга-долоо хоногт 20,000-25,000₮, сард 80,000-100,000₮
  • Бусад ажил-цагт 5,000₮, хоногт 10 цаг буюу 50,000₮ сард 1,500,000₮

Тэрбээр эхнэрийнхээ өдөр тутам хийдэг ажлуудыг ийн үнэлсэн бөгөөд “Би лав энэ мөнгийг сар бүр төлж дийлэхгүй юм байна” хэмээн бичсэн байлаа. Түүний нийтлэл олон аавд нэгийг бодогдуулахын дээр гэрийн ажилд тэдний оролцоо зайлшгүй хэрэгтэйг нотолсон явдал болсон болов уу.

Тэгвэл эсрэгээрээ хүүхдийнхээ аминд хүрсэн залуугийн мэдээ ч Монголын нийгэмд бугшсан асуудлыг нийтэд ил болгосон. Асуудалтай хэсгийг “эмчлэхийн” тулд аавууд, эрэгтэйчүүд өөрсдийн гэсэн жишгийг тогтоох хэрэгтэйг Америк, Япон, Европын жишээ харуулна. Харин тэднийг хөдөлж эхлэхэд нь эхнэрүүд, ар гэрийнхний оролцоо хэрэгтэйг ч энд онцлох хэрэгтэй болов уу.

Г.Чимэдлхам

Засгийн газрын мэдээ


Шинэ эрин, шинэ аавууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.