Фейсбүүкийн үндэслэгч Мак Цукерберг хэмээх даруухан залууг танихгүй хүн цахим ертөнцөд байхгүй биз ээ. Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсандаа “Асуулт, хариултын булан” хөтлөх үеэрээ цахим ертөнцийн ирээдүйн талаар ийнхүү хэлжээ.
Одоо бидний хэрэглэж буй фейсбүүк зэрэг нь технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар цоо шинэ хуудсыг нээнэ хэмээлээ. Тодорхой тайлбарлавал та оюун санаандаа бодсон бодол, сэтгэл хөдлөл гээд таны тархинд болж буй өөрийн мэдрэмжээ найздаа “илгээж” болно. Өөрөөр хэлбэл харьцаж буй хүн таныг шууд ойлгох төвшинд хүрэх гэнэ.
Өдгөө 31 настай, амжилтын оргилд хүрсэн Маркийн энэхүү асуулт хариултын булан 51340 сэтгэгдэлтэй нэлээн “халуухан” яриа болж өндөрлөсөн бөгөөд түүнээс асуулт асуусан хүмүүсийн дунд алдартнууд ч олон байлаа. Тухайлбал дуучин Шакира, Арнолд Шварцнеггер, Стефен Хокинг, Ричард Бренсон зэрэг олны танил хүмүүс түүнд асуулт илгээсэн байна.
Зарим нь түүнээс орчин үеийн технологийн тухай асууж байхад зарим хүн эрүүл мэнд, бие бялдартаа хэрхэн анхаардаг тухай сонирхож асуултынхаа хариултыг авсан байна.
И.Мөнхцэнгэл