Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог. Өнөө жил долоо дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээн Канад улсад болоход АНУ түрүүлж, алтан медаль хүртлээ. Нэгдсэн улсын бүсгүйчүүд хөлбөмбөгийн дэлхийн аваргад хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Тэд 1991, 1999, 2015 онд алт, 2011 онд мөнгө, 1995, 2003, 2007 онд хүрэл медаль буюу бүх тэмцээнээс медаль хүртсэн цорын ганц улс юм.
Энэ жилийн хувьд АНУ-ын шигшээ “D” хэсэгт багтаж, Австралийг 3:1, Нигерийг 1:0-ээр хожиж, Шведтэй 0:0-ээр тэнцсэн аж. Мөн шөвгийн 16-д шөвгийн наймд Колубмыг 2:0, БНХАУ-ыг 1:0, хагас шигшээд Германыг 2:0-ээр хожиж, финалд өмнөх тэмцээний аварга Японыг 5:2-оор буулгаж авсан билээ.
“Сэм авгын” бүсгүйчүүдийг дэлхийн аварга болоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч нь Х.Соло юм. Шигшээ багийн хаалагч Х.Соло 1981 оны долоодугаар сарын 30-нд Вашингтон мужийн Ричлэнд хотод төрсөн. “Ричлэнд Бомберс” ахлах сургуульд сурч байхдаа довтлогчоор тоглодог байсан. Харин 1999 онд Вашингтон хотын их сургуульд орсон цагаасаа хойш хаалгачын байрлалд тоглох болжээ.
Түүнийг долоон настай байхад нь эцэг эх нь салсан боловч аавтайгаа 2007 он хүртэл ойр дотно амьдарч байв. Аав нь 2007 онд зүрхний шигдээс өвчнөөс болж таалал төгссөн юм. Х.Соло 2003 оноос мэргэжлийн тамирчнаар тоглохдоо “Филадельфи Чарги”, “Олимпик Лион”, “Сент Луйс Атлетик”, “Атланта Бет”, “Мэжик Жек”, “Сиэлтл Саундерс”, “Сиэтл Режин” багуудад тоглосон. Харин шигшээ багтаа 1996 оноос нас насны ангилалд тоглож байгаад 2000 онд үндсэн бүрэлдэхүүнд элссэн. Тэр цагаас хойш “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн алтан медаль, дэлхийн аваргаас 2015 онд алт, 2011 онд мөнгө, 2007 онд хүрэл медаль хүртсэн юм. Үүний зэрэгцээ Х.Соло 2011, 2015 оны дэлхийн аваргын шилдэг хаалгачын шагнал “Алтан бээлий” авчээ.
Х.Соло спортын үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд ордог бөгөөд “Dancing with the Stars” шоу нэвтрүүлэгт уригдан оролцсон. Мөн “ESPN” сэтгүүлийн “Body Issue” дугаарт зургаа нийтлүүлж байсан. Тэрээр 2012 онд Америк хөлбөмбөгийн тамирчин Ж.Стивинстэй гэрлэсэн билээ.
Э.Гүнтөмөр
mongolcom.mn