Охидыг минь зовоовол…

143745924955ade331dadbbОХИДЫГ МИНЬ ЗОВООВОЛ…
Охидынхоо хувьд би шидтэн, бүхнийг чадагч.
Орой ажлаа тараад гэртээ ирэхэд өөдөөс тосон гүйхдээ бага охин минь бүдэрчихэв. Түүнтэй зэрэгцэн сэтгэл минь ч бүдрэх шиг тийм нэг сонин мэдрэмж төрнө. Өвдсөндөө ч тэр үү, эсвэл өөрийг нь бүдрэхээс өмнө ирж амжаагүй надад гомдсон ч юм уу тэрээр нүд дүүрэн нулимстай босч ирлээ. Охиноо тэвэрч дээр өргөөд үнсэхэд, түрүүчийн өвдөлт, гомдол аль хэдийнээ саяхан асгараад өнгөрсөн хурын үүлийг даган нүүн одож.
Аз жаргал цацруулан инээх охиноо тэвэрсээр босго даван ороход тэрээр өөрийгөө аавынхаа тэвэрт байгааг гайхуулах гэсэн мэт нүдээ онийлгон байж эгчийнхээ зүг харан инээд алдана. Аавынхаа хүзүү, энгэрт л зүүлттэй юм шиг явдаг байсан миний бор охин дүүтэй болсоноосоо хойш бүсэлхийгээр минь тэврэх, гараас минь хөтлөхөөс хэтрэхээ больсон юм. Гэсэн ч багынх шигээ энгэрт минь асахыг хүсдэг нь нүднээс нь илт байдаг билээ. Тиймээс л орой бүр унтахдаа хүзүүгээр минь байдгаа тэвэрч, элдэв гуниггүйгээр санаа алдаад жигдхэн амьсгалж эхэлдэг юм. Охидууд аавдаа амь байдаг гэдэг ч манай хоёр намайг жигтэйхэн их дагана. Өглөө бүр нэг нь урвайж, нөгөө нь ээжийнхээ энгэрт уйлсаар хоцорно. Харин орой ирэхэд бага охин өдөр нь өвдсөн бүх газраа үлээлгэж байж санаа нь амардаг бол том маань өдөржин юу хийсэн тухайгаа ам хуурайгүй ярьдаг нь бид гурвын бараг дадал болчихсон гэхэд болно. Яг ингээд л гэрийнхээ хойморт сууж байхад хааяа нэг голынхоныхоо шимийн юманд халамцчихаад аав минь жижигхэн цээжээ урагшаа түрэн талимаарсан нүдээр эгч бид нарыг харж суудаг байсан нь санаанд бууж цээжин цаана хөндүүрлэнэ…
… Би хүүхэд нь их ороодог, эрэгтэй хүүхдүүд нь төрөөд удалгүй эндчихдэг айлын цорын ганц бага хүү нь болж төрсөн юм. Ээж минь есөн удаа нярайлж, аав минь арван хүүхдийн эцэг болсон ч намайг ухаан ороход надаас нилээд хэдэн насаар эгч гуравхан эгч минь л байсан билээ. Хожим нь дунд эгч минь өвчнөөр өөд болж би гэдэг хүн оонын эвэр шиг хоёрхон эгчтэй үлдсэн азгүй хүн.
Намайг таван нас хүрдэг намрын нэг орой аав минь нутгийнханаараа орж “зуны сар” болчихоод нилээд халамцуу ирсэн нь өдгөө санаанд тодхон. Аавыгаа тосохоор гурван эгчээсээ арай хоцорч морины уяа хүрсэн ч намайг л тэвэрч дээр өргөв. Том эгч аавын морины эмээлийг авч аргамжихаар явахад бага хоёр эгч минь аавын дээл бүсийг тайлж, хоол цайг нь дөхүүлж өгнө. Би гэдэг хүн хэзээний л сурсан зангаараа энэ хооронд аавыг хормойдсон чигтээ зогсож байгаад өвөр дээр нь заларч авна.
Тэр өдөр аав минь хоол цайгаа ч нэг их идсэнгүй. Харин ээжийн хийж өгсөн том аягатай нэрмэлээс балгаснаа “Гурван охиныг минь зовоосон эрийн гэрт нь морьтойгоо, гэдсэнд нь хутгатайгаа орно доо” хэмээн хэлээд санаа алдаж суусан билээ. Чухам юу тохиолдоод тэгж хэлснийг мэдэх хүн байхгүй ч тэр жил том эгч минь 20 хүрч хүний эхнэр болох гэж байсан юм даг. Тэр үед учир мэдэхгүй жаахан байсан хэдий ч энэ үгийг сонсоод би нэг л их бодолд дарагдаж байснаа санадаг юм.
…Өхөөрдөм охид минь өдрөөс өдөрт цэцэгсийн гоотой уралдан өссөөр байна. Тэдний минь цангинасан инээдээр гэр маань дүүрч, эхнэрийнхээ жаргалтай харцыг харах сайхан байдаг. Харин аавыгаа шидтэн, бүхнийг чадагч мэтээр төсөөлдөг охид минь нэг л өдөр жигүүр дэлгэн нисч, орлонгийн жамыг дагах болно. Тийм өдрийг өнөөдөр бодох, төсөөлөх хэт эрт байгаа хэдий ч чухам тийм цаг ирвэл аавынхаа хэлснийг л бусдад хэлэх болно. ОХИДЫГ МИНЬ ЗОВООВОЛ ГЭРТ НЬ МОРЬТОЙГОО ГЭДСЭНД НЬ ХУТГАТАЙГАА…
Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Охидыг минь зовоовол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.