Харцаа нуух хэрэггүй дээ хонгор минь. Гуниг, жаргалыг чинь түүнээс л би тольддог юм. Харин ч хараа өөд, нуруу цэх алхаач дээ. Жаргалтай үедээ харцаа илүү тогтуун гүн тунгалаг болгоорой. Сайхан зүйл бодохын төдийд л харц өөрөө цэлмэчихдэг юм. Яг тэр үед чамайг харахад харцанд чинь уусан орчихмоор тийм тунгалаг, тийм гүн гүнзгий санагддаг.
Гэхдээ чиний тунгалаг харц яг л өдрийн од шиг цөөхөн. Ихэнхдээ газар шагайж, аль эсвэл хөмсөгөө зангидаж явах юм. Үүнээсээ болоод чи урьд нь хэзээ ч таарч байгаагүй хүн рүүгээ заримдаа гудамжинд санаандгүйгээр муухай хараад өнгөрчих нь бий. Угтаа бол тэгж хараад л сурчихсан хэрэг шүү дээ. Чи инээж байхдаа илүү хөөрхөн гэдгээ мэддэггүй байх аа. Аль эсвэл сайхан зүйлийн тухай бага боддог байх. Тэгээд л өөрийн мэдэлгүй харцаа ширүүлчихсэн явдаг байх. Амьдралд талархах олон шалтгаан байхад яагаад гуниглах ёстой гэж? Өдөр бүр бидний амьдралыг гэрэлтүүлдэг наранд, өөрт чинь хайртай хүмүүст, найз нөхөддөө, өглөө жиргэх шувуудад, өндөр ургадаг модонд гээд л өдөр бүр талархаад ч багадмаар олон зүйл байхад шүү. Чиний жаргалтай харцаар чинь “гүүр” хийгээд чамайг би тольдмоор байна шүү дээ.
Чамд нэг нууц хэлэх гэсэн юм. Зөвхөн инээмсэглэсэн үед чинь л надад чамайг харах боломж олддог. Яагаад гэвэл би “Инээмсэглэлийн Хаан”. Над шиг өөрт чинь дурласан , тэгсэн атлаа инээмсэглэлд чинь илүү их татагдсан нэгэн олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм болохоор би хөөрхөн нүдэнд чинь илүү их хайртай. Хөөрхөн гэдэг нь инээмсэглэхээрээ онийлгодог чиний тэр нүд шүү дээ. Тэр үед чи үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Яг тэнгэр өөд харахад сэтгэл уужирдаг шиг. Чамайг хараад л баймаар, чам шиг нүдээ онийлгож байгаад өөдөөс чинь инээгээд л баймаар санагддаг. Тийм болохоор хаа нэгтэйгээс намайг харж байгаа гэж бодоод үргэлж инээмсэглэж байгаарай.
Эртээд чи гудамжинд явж байхдаа бяцхан, ягаан хүрэмтэй охин руу ямар тунгалаг харцаар харсан гээч. Чи өөрөө бараг санахгүй байхаа даа. Үл мэдэг инээмсэглэх хэрнээ, ичингүйрсэн чиний харц үнэхээр хөөрхөн харагдаж байсан шүү. Тэгэхэд чи юу бодсон бэ, би таах уу? Хэзээ ч юм би нэг өдөр ингээд л бяцхан гүнжээ дагуулаад явах байх даа гэж бодсон, тийм үү? Би бараг л таачихсан. Яагаад гэвэл чи одоо инээмсэглэж байна. Тэгээд хаа нэгтэйгээс би чамайг хараад сууж байна. Тиймээ, чи үнэхээр хөөрхөн юм, бас их сэтгэл булаам! Инээмсэглэлийн хаан чамд дурлачихаад байна. Харин удахгүй Дурлалын хаан чам дээр айлчлах байх…