Дөчин хоёр нас
Намрын тэнгэрийг ганзагалсаар дөчин хоёр нас минь ирэхэд
Надаас явсан бүхэн хаалга тогших шиг санагдана.
Омог бардам зан минь оддын гэрэлд тэмүүлэх тоолон
Охорхон энэ амьдралыг огшиж туулмаар бодогдоно.
Намрын нарыг зуусаар дөчин хоёр нас минь ирэхэд
Намайг ухаажсан гэдгийг учрал бүхэн сануулна.
Гэнэн байхдаа сайхан томоогүй залуу насаа
Гэртээ мартаад гарсан тоглоом мэт үгүйлнэ.
Намрын салхийг дагуулсаар дөчин хоёр нас минь ирэхэд
Нарсан төгөлд үлдээсэн гэрэлт дурлалаа санагалзана.
Навчсын гандуу өнгө зүрхэн дундуур минь шаргалтахад
Надаас залуухан нэгэнд гэгээн үгсийг үлдээнэ.
Намрын шувуудыг хөллөсөөр дөчин хоёр нас минь ирэхэд
Насан бага үрсээсээ өөрийнхөө араншинг харна.
Намхан толгодын дээгүүр дүүрэн саран мандахад
Найрын дууны нугачаанд элэгдэж суумаар сэмэрнэ.
Намрын хярууг үргээсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Надад байгаа бүхэн аз жаргал болохыг танина.
Агсам морьдоо цулбуурдаж, жолоо татахыг хүсэвч
Алсын өндөр уулсын агаарыг амьсгалахаар шунана.
Намрын гуниг сэвэлзүүлсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Надтай хамт цахилан буй цаг хугацааг илүүтэй ойлгоно.
Өндөр газрын цэцэгсийг аргадан өглөө бүр наран мандахад
Өнө мөнхийн юм гэж хэзээ ч байдаггүйг мэднэ.
Намрын бороонд жиндсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Нартад ганцхан л амьдрахаа гэгэлзэнхэн байж ухаарна.
Ээжтэйгээ адил элгэмсүү, аавтайгаа адил аядуу гэдгээ мэдэрч
Элээгээд дуусах энэхэн амьдралыг эвлүүлж туулахаар яарна…
2015.08 сар. Р.ЭМҮЖИН.