Ардчилал, зах зээлийн шуурганд өртөн хөдөөнөөс хотод орж ирсэн хүмүүс янз бүрээр амьдарч байна. Миний нэгэн танил эр говь нутагт хотоо харлуулж, хотод гутлаа чирсэн гуйлгачин ирээд түүхий эдийн “Цайз” зах дээр хэдэн жил ченж хийгээд хагартлаа баяжсан билээ. Түүнийг Ланд уначихсан, цүнхэндээ 100 гаруй сая төгрөгтэй явж байхад нь нэг удаа тааралдсан.
Гэтэл зарим нь хөдөөнөөс хотод ирээд жинхэнэ хог дээр гардаг. Гэхдээ энэ удаа тэдний тухай биш, харин ‘ ч хог түүж эхэлсэн хогийн амьдралаа өөд татсан нэг гэр бүлийнхний тухай өгүүльө. Намжилмаа Баянхонгор нутгийн хүүхэн. Хэдэн жил дараалсан зуданд хамаг малаа барж, хүнд өвчтэй нөхөр нь нутагтаа байхдаа нөгөө ертөнцөд оджээ. Ингээд Намжилмаа 10 настай хүү, 6 настай охиноо дагуулан замын унаанд дайгдан хотод ирэв. Хотод ирээд орцны жижүүр хийн хоёр хүүхдийнхээ хамт нэг хэсэг амьдрав.
Ажил нь өдөр шөнөгүй, цалин бага, дээр нь оршин суугчдын хахир яхир ааш тун хэцүү байлаа. Цалин нь тэдний амьдралд арай чүү гэж хүрнэ. Хотод ирсэн биш амьдрал нь бүр дордлоо гэж бодогдох үе бишгүй. Тэгж байтал нэг танил нь “Чи ингэж зовж суухын оронд Улаанчулуутын хогийн цэг дээр хүүтэйгээ очиж хог түү. Цалин харж суухын оронд энэ нь хамаагүй дээр” гэснээр Намжилмаа хүү Мандахыгаа дагуулан Улаанчулуутын хогийн цэгийг зорьсон байна. Учир нь тэрээр тэртээ тэргүй цалин нь амьдралд хүрэлцэхгүй болохоор оршин суугчдыг хогоо хаяхаар гүйн очиж, хуванцар сав, лаазыг нь түүж овоохон юм болохоор нь хүүтэйгээ хамт үүрээд тушааж өгдөг аж. Иймд тэрээр ахиухан мөнгө олж амьдралаа л дээшлүүлж байвал хог түүхээс цааргалсангүй. Тэнд очоод хогоо харамласан хүмүүст хөөгдөж туугдах байх даа, тэгвэл орцны жижүүрээ хийхээс өөр яах билээ гэж бодтол хэн ч тэднийг хөөсөнгүй. Тэгээд ч тэнд хог түүж байгаа хүмүүсийн ихэнх нь өөр шиг нь хөдөөнөөс ирсэн хүмүүс байх тул харин ч найрсаг эвтэй.
Эхний өдөр түүсэн хогоо тушаахад 20 мянган төгрөг болж ээж хүү хоёр жигтэйхэн урамшив. Удалгүй орцны жижүүрийн ажлаа орхиж, хогийн цэгийн ойролцоохь гэр хороололд айлын гэр хөлслөн амьдрах болжээ. Хог түүж тушаасан орлого нь өдрөөс өдөрт өссөөр өдөрт 30-40 мянга, заримдаа бүр 50 мянган төгрөг олно. Ялангуяа зэс гууль олсон үед орлого эрс хүүхдиинхээ хамт гэдэс цатгалан, мөр бүтэн явах болов. Улаанчулуутын хогийн цэгийг бараадан таван жил амьдрахдаа нутгаасаа таван ханатай гэрээ авчран. гэрээ хэн ч харсан сайхан тохижуулж, өнгөт зурагт, хөргөгч, сүүлийн үеийн мөлхөө тавилга, гурвуулаа гар утастай гээд юм юмтай болсон.
Охиноо дунд сургуульд оруулж, хүүгийнхээ хамт хогоо түүсээр амьдралаа иинхүү өөд татаж чадсан байна. Мөнгөө хуримтлуулсаар байтал гурван сарын дараа сая шахам төгрөггэй болсон байв. Энэ мөнгөөрөө тэрээр комиссын бараа бөөнддөг цэгээс бараа худалдан авч, хүн их хөлхдөг нэгэн газарт лангуу түрээслэн суух болов. Хэдийгээр хуучин нойтон хувцас зарж байгаач хүмүүс их авдаг нь Намжилмаагийн урмыг бүрмөсөн сэргээсэн гэхэд болно.
Ингэж тэрээр таван жил уйгагүй зүтгэсний хүчинд хог түүдэг ажлаасаа сая нэг хөндиирсөн байна. Хүү Мандах нь ч энэ үед 16 нас хүрсэн тул Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгаанчны мэргэжлээр суралцах болжээ. Хүү нь энэ сургуульд гурван жил суралцаад өдгөө сургуульдаа мастер багшаар ажиллаж байгаа аж. Харин Намжилмаа комиссын бараа зардаг лангуугаа болиод жижигхэн байшин барьж тэндээ бараагаа зарж байгаа гэнэ.
Охин нь сургуульдаа амжилттай суралцаж, сурлага урлагаараа сургуульдаа толгой цохидог авъяастнуудын нэг болсон байна. Хотод нүүн ирээд хөл дээрээ боссон амьдралынхаа талаар Намжилмаа ийнхүү ярьсан юм. “Амьдрахын эрхээр хотод ирэгсдийн нэг нь бид гурав байсан. Хамаг малаа зуданд үхүүлсэн, сумын төвд ямар ч ажилгүй хүмүүс хот руу нүүхээс өөр аргагүй. Хэлтэй амтай орцны жижүүрийн ажлыг би жил гаруй хийсэн. Бидний амьдрал ер өөдлөөгүй. Харин хог түүж эхэлснээс хойш амьдрал маань эрс дээрдсэн. Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэж ёстой үнэн. Эхэндээ хог түүж байгаагаа таньдаг хүмүүсээсээ их нуудаг байлаа. Сүүлдээ тоохоо больсон. Үнэнийг хэлэхэд хог дотроос л бидний амьдрал боссон. Одоо бид гурав гэр оронтой, ажил төрөлтэй, хувийн бизнөстэй, хэний ч дор орохооргүй амьдарч байна.
Би хоёр балчир хүүхдээ дагуулан хотод орж ирэхдээ мэргэжил боловсролгүй бидэнд ажил олдох болов уу, яаж амьдарна даа гэж их шаналж байсан. Хог түүж олсон мөнгөөрөө архидаж, биеэ хордуулаад нас барж байгаа хүмүүс олон байдаг. Яаж амьдрах нь хүнээс өөреөс нь их шалтгаална. Хог түүж олсон мөнгөө өөртөө ашигтай зарцуулж амьдралаа өөд татсан хүмүус ч олон бий.
Би хүүгээ ажилтай болсноос хойш хог түүхээ байж, комиссын барааны дэлгүүр нээж ажиллуулж байна. Авсан бараагаа 2-3 дахин нугалж зараад давгүй ашигтай байлаа. Бүр сүүлдээ хорооныхоо идэвхтэй гишүүдийн нэг болсон. Ядуу амьдралтай хүмүүст хороогоороо дамжуулан комиссын хувцас бэлэглэдэг. Би өөрөө ядарч явсан болохоор зовлонг нь ойлгоод ийм хүмүүст тусалж буян болдог юм.
Саяхан манай хорооны нэг айлын гэр шатаж өрх толгойлсон хүүхэн гурван хүүхдийнхээ хамт өмссөн хувцастайгаа л үлдсэн. Би хороогоороо дамжуулан тэдэнд хориод хувцас бэлэглэж, тэднийг гэртээ орон гэртэй болтол нь амьдруулсан. Хорооноос тэдэнд гэр барьж өгсөн. Зовлон үзсэн хүн зовж яваа нэгнийгээ ойлгож туслах юм даа гэж Намжилмаа ярив.
www.MISS.mn