Усан спортын төрөлд АНУ-ын тамирчид илт давамгайлдаг. Харин жижигхэн Литви (2.9 сая хүн амтай) улсаас дэлхийн хэмжээний шилдэг усанд сэлэгч төрөн гарсан нь гайхалтай. 2012 онд Английн Лондон хотод зуны Олимпийн ХХХ дахь наадам болсон. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн наадамд тамирчин бүр түрүүлэх зорилготой ирдэг. Харин тэр их өрсөлдөөн дундаас 15 настай охин алтан медальтай эх орондоо буцсан нь бүгдийн анхаарлыг татсан юм.
Литвийн усан спортын хамгийн алдартай тамирчин Р.Мейлутите 1997 оны гуравдугаар сарын 19-нд Каунас хотод төржээ. Түүнийг аав нь өсгөсөн гэдэг. Харин ээж нь 2001 оны гуравдугаар сард буюу түүнийг 4 настай байхад нь автын ослоор өөд болжээ. Рута ээжийнхээ тухай сайн санадаггүй. Ээжийнх нь хамаатнууд түүнд ярихдаа ээж нь усанд сэлэлтийн тамирчин шиг биеийн сайтай хөгжилтэй хүн байсан гэдэг. Тэр ч утгаараа охин нь ээжийгээ дуурайн төржээ. Өрх толгойлсон эцэг нь хүүхдүүдээ хүний дайтай явуулахын тулд амрах завгүй ажиллаж, оройд л хүүхдүүддээ зав гаргадаг байжээ.
Рутаг настай байхад ах нь усан санд авч очиж өдөржин тоглодог байжээ. Энэ үеэс усаны гайхамшигт дурласан Рута долоон настайдаа анхны тэмцээнд оролцож, чамлахааргүй амжилт гаргажээ. Усан спортод ирээдүйтэй гэдгийг нь олж харсан аав нь охиндоо хувийн багш хөлслөн мэргэжлийн тамирчны бэлтгэл сургуулилтыг нь эхлүүлсэн. Энэ үеэс Рута тэмцээнд тогтмол оролцож, ур чадвар нь сайжирсан байна.
Түүний анхны том тэмцээн нь 2011 онд Туркийн Трабзон хотод болсон Европын хүүхдийн спортын их наадам байлаа. Рута тэр тэмцээнд 100 метрийн мэлхий сэлэлтээр алт, 50 метрийн чөлөөт сэлэлтээр мөнгө, 100 метрийн чөлөөт сэлэлтээр хүрэл медаль авсан. Энэ бол боломжийн амжилт билээ. Туркт болсон тэмцээнээс хойш ердөө нэгхэн жилийн дараа зуны Олимпийн наадам боллоо.
Лондонгийн усан замд Олимп, дэлхийн аварга АНУ-ын тамирчин Ребека Сони, Олимпийн мөнгөн медальт Японы Сатоми Сузуки, Олимп, дэлхийн аварга Голландын Раномир Кромовижиж, Олимпийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Францын Камилле Муффат зэрэг шилдэг тамирчид гал гарсан өрсөлдөөнийг үзүүлсэн.
Рута 50 метрийн чөлөөт сэлэлтээр 26, 100 метрт 29-р байр эзэлсэн. Харин 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хамгийн хурдан нь байж дээд оргилд нь зогссон. Лондонгийн усан замд тэрээр эхний шатанд 1:05.56 секунд хурдалж, бүх тамирчдыг тэргүүлжээ. Тухайн үед АНУ, БНХАУ, ОХУ, Австрали, Япон, Герман, Итали зэрэг орны 46 тамирчин оролцсон. Гараа сайн бол бариа сайн гэж манайхан ярьдаг. Рута эхний шатанд манлайлсан амжилтаа шөвгийн 16-д ч бататгаж 1:05.21 секундээр Европын дээд амжилт тогтоосон. Улмаар шигшээ наймд 1:05.47 секундэд замаа туулж алтан медаль хүртсэн бол АНУ-ын Ребека Сони 1:05.55 секундээр мөнгө, Японы Сатотми Сузуки 1:06.46 секундээр хүрэл медаль авсан. Харин Австралийн Лейсил Жонс, ОХУ-ын Юлья Ефимова зэрэг шилдгүүд шагналт байр эзэлсэн юм.
15 настайдаа Олимпийн аваргын алдар хүртсэн Ртуа Мейлутиегийн нэр энэ үеэс дэлхий нийтэд түгж эхэлсэн. Мөн дараагийн Олимп, дэлхийн аваргад түүнийг ямар амжилт гаргахыг бүгд харж байлаа. Рута ч олны итгэлийг алдалгүй 2013 онд Испанийн Барселона хотод болсон дэлхийн аваргаас 100 метрийн мэлхий сэлэлтээр алт, 50 метрт мөнгөн мөнгөн медаль хүртсэн. Үүний зэрэгцээ 2013 онд Данийн Хернинг хотод болсон Европын аваргаас гурван зайд алтан медаль, тус онд Польшийн Познан хотод болсон залуучуудын Европын аваргаас алт, мөнгө, 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод болсон залуучуудын Олимпийн их наадмаас хошой алтан медаль хүртэж, өөрийн нэрийг усан спортын түүхэнд арилашгүй тодоор үлдээсэн Литвийн усны гүнж юм.
Рута мөн хоёр зайд дэлхийн рекорд эзэмшдэг. 2013 онд Испанийн Барселона хотод болсон дэлхийн аваргын үеэр 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 1:04.35, 50 метрийн өврөөр даллах сэлэлтэд 29.48 секундын хугацаатай замаа туулж, дэлхийн рекорд тогтоожээ.
mongolcom.mn