
12 настай Николе Барр охин “Менса” олон улсын ашгийн бус байгууллагын IQ-гийн шалгалтад 162 оноо авсан байна. Энэ нь Стивен Хокинг, Альберт Эйнштейн нарын дэлхийн алдартай эрдэмтний авч байсан онооноос хоёр оноо илүү авсан үзүүлэлт юм.
“Менса”-гийн төлөөлөгч Анн Кларксон мэдэгдэхдээ, “Ийм оноо авах нь маш ховор тохиолдол. Николе дэлхийн хүн амын нэг хувийг эзлэх хамгийн ухаантай хүмүүсийн эгнээг тэргүүллээ” гэжээ. Долдугаар ангийн сурагч Николе Барр, “ Би ийм өндөр оноо авсандаа өөрөө ч итгэхгүй байна. Би ном унших дуртай. Эмч болохыг хүсдэг” гэж ярьсан байна.
Николын эцэг эх охиноороо маш их бахархаж байгаагаа хэлээд, “Николе бүр жаахан байхаасаа л ном, сонин сэтгүүлийн алдааг засч эхэлсэн. Түүнийг жирийн хүүхдүүдээс өөр, гоц ухаантай гэдгийг бид мэдэж байсан” гэжээ.
“Менса” нь 110 мянган гишүүнтэй байгууллага аж. Гишүүдийнх нь ердөө найман хувь нь 16-гаас доош насны хүүхдүүд бол ердөө 35 хувь нь эмэгтэй аж.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг