Яруу найрагчийн зүрхэнд ялдамхан инээд гэрэлтэн байна
Ялдамхан инээднийх нь цаана гунигийн салхи исгэрч байна
Тэнгэрийн хаяанаа өнчин ганц цахлай нисэхийг
Тэргэл сарны туяанаа үзэсгэлэнт Гумуда цэцэг дэлгэрэхийг
Яруу найрагчийн нүд олж харан нулимс унагав
Ядмагхан найрагчийн цээжинд багтаж ядсан бодол хөвөрхүйеэ
Яагаад нил ягаан өнгө нил ягаан болсоныг
Яргуй дэлгэрч цас ханзарахыг ажихуйяа зүрх нь яагаад нялхардагыг
Янаг халуун бие нь хурмастын ханхүүтэй тэнгэрт нисэнхэн эрхлэхийг
Яруу найрагч гайхашран бодлын шувуудаа тогтоож үл чадан нисгэмой…
Хос залуус хайрын цэцэрлэгт хөтлөлцөн алхахыг харахуйяа
Холоос ажсан найрагчийн зүрх баясанхан суудаг аа
Хайрын дарсыг яруу найрагч л шүлгэн жүнзэнд нэрэхүйеэ
Хамаг олон шимтэнхэн амталж амьдрал хайраар цалгидаг аа
Харанхуй тэнгэрт зөн совингийн гэрэлт одон цацрахуйяа
Хатаж гундсан газар руу цас будран сэмэрч
Хаа нэгтээ навчис нь хийссэн нүцгэн моддыг аргадахуйяа
Хайланхан уусанхан шатанхан эмзэглэн
Хагацал учралын цусаа юүлэн яруу найрагчийн зүрх шархалмой
Тэсэхүйеэ бэрх өвдөлтийг мэдрэхүйеэ
Тэнгисийн ус шиг бялхан угаах мөрүүдээр найрагчийн шарх эдгэрмой…
Нил ягаан өнгө яагаад нил ягаан байдагыг
Нэрс жимс яагаад цэнхэр өнгөтэй байдагыг
Үхэх төрөхийн замлинд үнэн яагаад ялагддагийг
Үзэсгэлэнт амьд төрхний цаана үхмэл зүрх яагаад оршдогыг
Үзүүргүй хүслийн үзүүрт ёроолгүй сав ч оршдогыг
Үгээгүй хоосоны цаана ч үнэт эрдэнэс нуугддагийг
Яруу найрагчийн зүрх хөндүүр болтолоо зулдаг аа
Яруухан учир битүүлэг ертөнцдөө ядарч жаргаж мэлмэрдэг ээ…
Ц. Тэмүгэ