Олон улсад амжилттай яваа цөөхөн эрэгтэй моделийн нэг болох Б.Билгүйтэй дахин дуулиан дэгдээлээ. Тэрбээр Тайландын өрсөлдөөнөөр дүүрэн загварын ертөнцөд өндөрт цойлж яваа цорын ганц монгол залуу билээ. Өмнө нь тэрбээр Тайландын гар утасны №1 корпорацийн сурталчилгааны нүүр царай болж байсан. Тэгвэл энэ удаа тэрбээр тайланддаа хоёрт ордог гар утасны операторын сурталчилгаанд гол дүр бүтээжээ.
Түүнчлэн Тайландын шилдэг модель шалгаруулах “Mister Pattaya 2015 – Healthy Guys Challenge” тэмцээний шилдэг 30 моделийн нэгээр шалгараад байна. Б.Билгүйтэйн хувьд уг тэмцээнд оролцож буй анхны гадаад хүн учир олны анхаарлыг татаад байгаа аж. Учир нь, уг тэмцээнд гадаад модель оролцуулдаггүй журамтай ч Б.Билгүйтэйг тус улсад олон жил загвар өмссөн гэдэг шалтгаанаар оруулснаас дуулиан дэгджээ.
Гэвч тайланд бүсгүйчүүд нутаг нэгтнээсээ илүү монгол залууг дэмжиж буй нь цусгүй тулаан болсон загварын ертөнцөд багагүй зөрчилдөөн үүсгээд байгаа сурагтай.