ZZ-г хүмүүс яруу найрагч гэдэг ч тэрээр энэ нэрэндээ тун дургүй. “Би зүгээр л дууны шүлэг бичдэг. Яруу найраг түүнээс огт өөр шүү дээ” хэмээв. Тэрээр 14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьж, рок попын олон хит дууны шүлгийг бичжээ. “Киви” хамтлагийн “Hot line”, “Болдоггүй шүү”, “Араас чинь тэврэлгүй явууллаа”, мөн сүүлийн үеийн хит болох “Anymone” хамтлагийн “Хаврын хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ” гээд олон дуунд түүний сэтгэл зүрх шингэжээ. Гурван жигүүртэй гэгддэг дууны уран бүтээлийн нэгэн даль жигүүр нь болж яваа ZZ-тэй ярилцсанаа хүргэе.
–Рок попын ертөнцөд таны олон дуу эгшиглэж байна. Удахгүй төрөхөөр дуншиж буй уран бүтээлийн тань талаар яриагаа эхлэх үү?
– Засгийн газраас өсвөрийн хөлбөмбөгийн лигийг санаачлан зохион байгуулж байгаа. Түүний сүлд дуу болох “Надад мөрөөдөл бий” нэртэй уран бүтээл хийлээ. “Anymone” хамтлагийнхан энэ дууг минь дуулсан. Удахгүй сонсогчдод хүрэх байх. Мөн одоогоор жижиг Амараа, “Crush bash” зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.
–Залуустай ажиллахад амар байдаг уу. Бие биенээ сайн ойлгодог биз?
-Тийм шүү. Миний сэтгэлээс гарсан шүлгийг сайхан хүлээн авна. Тэдэнтэй хамт байхад амар байдаг. Ахмад уран бүтээлчид бол шүүмжлэх талаас нь хандана. “Киви”-гийн “Hot line” дууг сонссон зарим хүн “Ёс суртахуунгүй үг бичлээ, боль, болохгүй байна” гэж хүлээн авч байсан. Гэхдээ л хит болж, шүүмжлэлийн хажуугаар надад урам зориг хайрлаж байлаа.
– “Мон Та Реп” хамтлагт бүжиглэж байсан гэдэг. Тэр үеэс урлагт хөл тавьсан уу?
-14 настайдаа урлагт хөл тавьсан. “Ирээдүйн одод” тэмцээнд “Номинталст” хамтлагийн дуучин Хаянаа, Дээгий нартай мөр зэрэгцэн оролцож явлаа. Урлагийн сайханд хөтлөгдөн “Мон Та Реп” хамтлагаа байгуулж нэг хэсэг завгүй гүйсэн дээ. Түүний дараагаас дууны шүлэг бичиж эхэлсэн. Намайг зарим хүн яруу найрагч гэх юм. Санаа зовоод бушуухан л “Би яруу найрагч биш ээ. Зүгээр л дууны үг бичдэг “хүүхэд” гэчихдэг. Би уг нь солонгос хэлний багш, жүжигчин гэсэн мэргэжлийн үнэмлэхтэй. Дууны үг бол их энгийн. Хүн нэг сонсоход л сэтгэлд нь хүрэхээр хялбар байдаг. Харин яруу найраг бол илүү өргөн цар хүрээтэй зүйл. Би багаасаа их ном уншдаг хүүхэд байлаа. Одоогоор 300-гаад ном уншаад байна. Энэ нь миний ухааныг тэлж, үгийн баялаг хайрлаж дууны шүлэг бичихэд минь нөлөөлсөн гэж боддог.
–Тэгвэл дууны шүлэг бичихэд хүргэсэн хүн хэн бэ. Анх ямар дуу бичиж байв?
-”Гурван бүдүүн” хамтлагийн “Чи минь” дууны шүлгийг есдүгээр ангидаа бичиж байлаа. Тухайн үед нэг л том бүтээл хийчихсэн мэт санагдаж билээ. Намайг дууны шүлгийн талбар руу Б.Наранзун ах хөтөлсөн. Түүний сайхан аялгуунууд байгаагүй бол “Киви” хамтлагийн хит дуунууд төрөхгүй байх байлаа. Мөн надаас сайхан шүлэгнүүд гарахгүй байсан биз. “Дууны үг бичдэг ZZ гэдэг залуу байна” гэдгийг хүмүүст таниулсан хамтлаг бол яах аргагүй “Kиви”. Авьяаслаг охидууд, чадалтай продюссер, Б.Наранзун ахын ачаар уран бүтээлийн талбарт хөл алдалгүй баттай зогсож чадсан гэж боддог.
–Тэгвэл танд хамгийн их урам зориг хайрласан дуу аль нь вэ?
-Одоогоор үзэгчдэд арай л хүрээгүй байна. Яруу найраг талаасаа сайхан бүтээл болжээ гэдэг үгийг уншсан хүмүүсээс сонслоо. Зарим нь уншаад уйллаа. Тийм болохоор өөрийгөө жаахан тоогоод байгаа. Жижиг Амараа дуу болгоё гээд авсан. Удахгүй сонсогчдод хүрч надад урам зориг хайрлах байх.
–Уншсан хүмүүс уйлсан гэлээ. Санаж байгаа бол мөртүүдээс нь сонирхуулаач?
-Мөрт гэхээсээ илүү утгыг нь ярья гэж бодлоо. Би хүний амьдралыг байгальтай зүйрлэж бичсэн. “Бяцхан навч ба сарны үлгэр” гэсэн нэртэй. Нэг навч модноосоо тасраад ганцаардсандаа салхинд дурладаг. Сар наранд дурлаад дандаа түүний хойноос дагаж эргэдэг. Тэгээд сар нэг өдөр тэр навчийг хараад уйлдаг. Хувь тавилан нь ижилхэн юм даа гэсэн утгыг илэрхийлсэн.
–Таны уран бүтээлд ямар сэдэв давамгайлдаг вэ?
-Хайр бол залуу нас, хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Гэхдээ “Киви”-гийн “Болдоггүй шүү” дуунаас болсон уу. Яагаад ч юм бэ хүмүүс надад сонин сэдэвтэй, этгээд үгтэй дуу захиалдаг. Тэгэхээр миний уран бүтээлд хайр гэхээсээ илүү этгээд үгтэй дуу олон бий. Удахгүй дууны шүлгүүдээ эмхэтгэн анхны шүлгийн түүврээ гаргах санаатай байгаа. Тэгэхээр хүмүүс уншина биз.
–Уран бүтээлч хүн нийгмээсээ нэг алхмын өмнө байх ёстой гэж ярьдаг. Одоо таны сонсогчид ямар төрөл, хэлбэрийн шүлэг нэхэж байна вэ?
-Энгийн үгтэй атлаа гүнзгий утга агуулгатай шүлэг бичихийг хүсдэг. Сонсогчид маань ч тийм зүйлийг нэхдэг. Харин би чадаж байгаа юу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй. Би бол уралдааны морь шүү дээ. Гэхдээ этгээд, мөртлөө гунигтай үгтэй шүлгүүд хүмүүст илүү хүрч байна гэдгийг анзаарсан. “Киви”-гийн “Араас чинь тэврэлгүй явууллаа”, “Гурван охин”-ы “Далд сэтгэлийн үгс”, Э.Агиймаагийн “Надаас чи” гэдэг дуунуудыг нэрлэж болно.
–Таны дуу хит болоод, хүмүүс үгийг нь цээжлээд дагаж дуулахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Хамгийн сайхан кайфыг тэндээс л авдаг. Караокед хүмүүс дуулахыг нь сонсоод маш их баярлана. Ер нь уран бүтээлчийн жаргал л тэр юм даа. Урлагийн хүн болохоор сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хүн бүхэн өөрийн гэсэн ертөнцтэй. Би тэр л ертөнцөө уран бүтээлээрээ илэрхийлдэг. Түүнийг хүмүүс хүлээн авч байна гэдэг хамгийн сайхан зүйл биш гэж үү.
–Дуунуудаар тань хүмүүс таныг сайн мэднэ. Харин хүн бүхэн өөрийг тань таньдаг байгаасай гэж хүсдэг үү?
-1990 оны үед дуулж эхлэж байхдаа од болохын хүслэн байлаа. Гудамжинд таарсан хүмүүс намайг таниад гарын үсэг авдаг байгаасай гэж хүртэл мөрөөддөг байсан байх. Харин одоо миний хүсэл зорилго өөрчлөгдөж одууд миний уран бүтээлийг хүлээн зөвшөөрдөг байгаасай гэж хүсдэг болсон доо.
–Дууны үг бичдэг хүн рок, попт цөөн байдаг. Нууц биш бол нэг дууны үгийг хэдэн төгрөгөөр бичдэг вэ?
-Энэ салбарт үг бичдэг 7-8 хүн байна. Мөнгөний нарийн тоо хэлж хэрэггүй байх. Эндээс олж байгаа мөнгө миний ойр зуурын хэрэглээнд зарцуулагдаад л дуусдаг. Түүнээс биш үнэтэй байр, машин авна гэж байхгүй. Надад баримталдаг нэг зарчим бий. Би шүлгээ үнэлдэггүй. Тэр шүлгийг бичихэд зарцуулсан цаг хугацааг л үнэлж мөнгө авдаг. Түүнээс хайртай шүлгээ үнэлж зарахыг хүсдэггүй. Миний үр хүүхэд л гэсэн үг шүү дээ.
– Ихэвчлэн рок попынхонтой хамтран ажиллаж байна. Магадгүй Гавьяат жүжигчин С.Жавхлан танд дууны захиалга өгвөл яах вэ. Нийтийн дууны үг бичих сонирхол байдаг уу?
-Би нийтийн дуунд дургүй ч С.Жавхлангийн дууг сонсох дуртай. Илүү далайцтай, мэргэжлийн тал нь давамгайлсан, чанарлаг уран бүтээлүүд байдаг болов уу. Тийм болохоор болохгүй зүйл байхгүй гэж хэлмээр байна.
Т.БАТСАЙХАН /Зууны мэдээ/