Инээд гэдэг нь сэтгэл зүйн утгаар бол гадаад ертөнцийн янз бүрийн үйл явдалд болон өөрөө өөртөө хандах сэтгэл хөдлөлийн тодорхой хандлага юм. Энэ хандлага нь насны байдлаас ихээхэн хамааралтай.
Тухайлбал нялх хүүхдийн хувьд инээд бол гэдэс нь цатгалан, бие нь сайн байгаагийн тэмдэг. Хүний нийгмийн харилцаа өсөн өргөжиж, төлөвшихийн хэрээр инээд нь нийгмийн харилцааны нэгэн хэрэглүүр болж дараа нь бүр нийгмийн тэмцлийн хэрэглүүр болдог ч бий.
Түүнчлэн инээд нь дотроо олон төрөл байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл инээдтэй ямар нэгэн зүйлийн талаар хараад инээх, хүний санамсаргүй буруу үйлдэл хийснийх нь төлөө шоолж инээх, хэн нэгнийг үзэн ядсан сэтгэлээ илэрхийлж бах таваа хангаж, тавлаж инээх гэх мэт инээдийг янз бүрийн хэлбэрээр нийгмийн харилцаанд ашигладаг гэсэн үг юм.
Мөн ямар ч шалтгаангүйгээр инээхийг бүдүүлэг хэмээн үздэг. Инээхэд учир бий гэж үг байдаг шүү дээ.