Цайлган инээдийг нь орчлон дагаж баясаад
Цайгаа, дарсаа, гуниг баяраа хуваасан найз охид минь
Чамд дурлаад бүтэхгүй гомдоллоод уулзахад
Чамаас сайныг нь олно гэж тайтгаруулсан ухаантанууд
Хүний хорвоогийн олон салаа замууд дээр
Хөтлөлцөн алхах ховорхон тохиолоор учирч дээ
Амтат жимс, чихэрээ хувааж идсэн шигээ
Амьдралын хэлхээнд зовлон жаргалаа хуваалцсан
Гуньж яваад уулзахад сэтгэл зассан эмч нар
Гунхаж хамтдаа алхахад чимэг нэмсэн цэцэгс
Цайгаа, дарсаа, гуниг баяраа хуваасан миний л дотны найзууд
Цайлган сэтгэлээрээ энэрч тэтгэсэн сувилагчид
Миний л хонгор хайртай найз охид минь
Мэлмэрэх нулимсыг ч
Мишээх жаргалыг ч алган дээрээ тосч угтсан агуу сэтгэл зүйчид
Үхэл л биднийг салгах хүртэл
Үүр цайтал инээлдэж л байя, гоо дагинас минь…
Аавын сайхан хүүг түшиж жаргасан ч нэгэнээ орхиогүй
Амьдралд гэрэл нэмсэн чимэгүүд миний л найз бүсгүйчүүд…
Ц.Тэмүгэ