Хүн сайхан амьдрахад муу зуршлууд маш их гай болдог. Жишээ нь өдрийн нилээд цагаа тамхи татахад зориулах, амралтын өдрүүдэд биеэ хянаж чадахгүй архи, хүүхэн, мөрийтэй тоглоом зэрэгт олон цагаар орооцолдох, гацаа зангаасаа болж даргатай муудалцан ажлаасаа халагдах, хүүхдээ хашраах зорилгоор удаан хугацаагаар дуугүй явж бусдыг болон өөрийгөө зовоох гэх мэт муу зуршлууд бүрд байдаг.
Сэтгэлийн хат гарган үүнийгээ аль болох дарах тусам бид зовлонгоо нимгэлж сайхан амьдрахад дөхөм болно. Ер нь аливаа муу зуршилыг сэтгэлийн тэвчээрээр давж гардаг. Хаана ч арван хуруу тэгш хүн гэж байдаггүй. Хэн муу зан чанараа, муу зуршилаа дарж чадаж байна тэр хүн өөртөө зовлон бага авчирдаг. Зарим хүмүүс би их түргэн ууртай хүн, би их амархан гомддог хүн, би ийм зүйлийг огт таашаадаггүй хүн гэх мэтчилэн мунхаг, муйхар хүн гэдгээ гайхуулдаг.
Хүн бусдад болон өөртөө хэр уян хатан хандахын хэрээр сэтгэлийн аз жаргалтай явдаг. Хаьуу муйхарлахын хэрээр зовлон үүсгэж явдаг. Өөрт байгаа муу зуршлуудаа ил гаргах тусам хүмүүст бүдүүлэг тэнэг харагддаг. Ихэнх нь хүний бүдүүлэг авирыг ил хэлдэггүй. Бүгд дотроо мангуу тэнэг, ухвар мөчид л гэж боддог. Тиймээс аль болох муу зуршлуудаа нууж явах түүнээс үүрд салах зорилго тавь.
Ингэж чадвал бидний жаргал зовлон тэнцүү биш жаргал нь илүү болох бүрэн боломжтой. Мөн бусдын муу зуршлыг хэт сэтгэлдээ ойрхон хүлээж авч эмзэглэх хэрэггүй. Ингэж та зовлоо гээд тэр хүн засрахгүй, тэр өөрийнхөө муу зуршил, муу зан чанарыг муухай зүйл гэж мэдэж л байдаг. Та тэр хүнийг харааж, үглэж яншсанаар тэр хүн муу зуршилаасаа ангижрахгүй.
Тэр өөртөө хэр сэтгэлийн тэвчээр гаргахаас л хамаарна. Тиймээс зөвхөн та өөрийгөө л хичээ. Та бас янз бүрийн авир гаргаж бусдыг зовоохгүй байх хэрэгтэй юм. Бүх хүн өөрөө өөрийгөө удирдаад хичээчихвэл бидний дунд асуудал бага үүсэх болно. Асуудал үүсэхгүй байх тусмаа бид эвтэй найртай, элэгсэг дотно сайхан амьдарч чадна.