Дуучин Тэйлор Свифтын Wildest Dreams дуундаа хийлгэсэн шинэ клип олон нийтийн дотор янз бүрийн асуудлыг үүсгэжээ. Зарим нь Америкийн дуучин бүсгүйн шинэ клипыг үзээд уулга алдсан бол үлдсэн хэсэг нь уг бүтээлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ханхлуулсан гэж шүүмжлэв.
Клипны зураг авалт Африкийн элсэн цөлд хийгдсэн аж. Клипэнд 1950-иад оны үед ихэд алдартай байсан хоёр кино жүжигчний дурлалын түүх өгүүлэгдэнэ. Кино оддын дүрийг Тэйлор өөрөө, жүжигчин Скотт Ийствүүд нар бүтээжээ. Уг клипэнд цэргийн өмсгөлтэй хоёр хар арьстан хүн гардаг юм.
Үүнийг хүмүүс өнгөрсөн зууны цагаан арьстан баячуудын сэдсэн ядмаг түүх хэмээн үзсэн аж. Клипны найруулагч Жозеф Хан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энэ шүүмжлэлийг үгүйсгээд клипэн дотор өрнөж байгаа үйл явдлууд улс төрийн ямар нэгэн агуулгагүй хэмээн онцолжээ.