Оноре де Бальзак: Дурлалын захиа бол урлаг…

Write-it-DownБүсгүйчүүдтэй харьцах нь агуу том урлаг гэнэ. Тэгвэл үүнийг илэрхийлэх хамгийн анхны алхам бол өөрийгөө ойлгуулах, сэтгэлээ нээх явдал. Харин яаж? үүнд олон тооны арга, хэлбэр байдаг ч хамгийн сонгодог нь захидал илгээх аж. Хайрын захиа. Үнэхээр ч ийм нэртэй өчүүхэн цаасан дээр нэг хүнийг татах, нөгөө хүнийг ойлгуулах хэдхэн мөртийг бичнэ гэдэг яахын аргагүй урлаг мөн биз ээ. Тэгвэл үе үеийн төлөөлөгчид маань хайрын захидалыг хэрхэн илгээж, түүнд юу гэж бичиж байсныг нь хамтдаа сонирхоё л доо.

-Бальзак өөрөө тэгвэл захидалд хэрхэн хандаж байсан болоод түүнд юу гэж тэрлэж байсан бол? Сонирхолтой л юм. Түүний Орос гүнгийн хатагтай Ева Ганскийд дурласан хайрын түүх удаан үргэлжилсэн. 1833 онд эхэлжээ. 33 настай бүсгүйд ухаан алдатлаа дурласан гэх түүнийг ойр тойрныхон нь ихэд гайхаж байлаа. Ева бол нас тогтож яваа тийм ч гоо үзэсгэлэн төгс биш жирийн нэгэн орос бүсгүй байсан. Ямар сайндаа л түүнийг үргэлж 30 дээш насныханд дурладаг болохоор нь тухайн үед “Бальзакийн үеийн хүүхэн” гэсэн яриа ч гарч байлаа. Үнэхээр ч зохиолч, найрагч эр маань нас харгалзахгүй, гол нь түүний сонгосон бүсгүй аливаад туршлагатай, царайлаг, ухаантай байх ёстой гэнэ. Тэрээр Евагийнхаа ачаар 1843 онд Санкт-Петербургтэй танилцаж тухайн үед сэтгэл хөдлөлөөсөө болон оросын иргэншилтэй болоход ч бэлэн байсан аж. Тэгвэл 1847 онд хоёрдахь аялалаа Ганскийн гэр бүлийнхэн Украинаар хийжээ.

Тэдний хайр дурлал, дотно харьцаа 1833-1850 он хүртэл бүтэн 20 орчим жил үргэлжилсний эцэст Эва түүний саналыг хүлээн авсан байна. Бальзак нэгэн хайрын захиандаа: “-Миний хонгорхон Ева. Би өмнө хэзээ ч ийм аз жаргалтай бас зовлон шаналалтай байсангүй. Чамайг минь надаас хэн ч, юу ч салгаж зүрхлэхгүй. Чи миний амьдрал, аз жаргал, итгэл найдвар шүү. Чамаас өөр хэн нэгэнтэй ирээдүйн амьдралаа төсөөлж огт чадахгүй байна. Миний зүрх сэтгэлийн эзнээр үүрд мөнх үлдээч. Чамтайгаа хамт байхыг би ямар ихээр хүснэ вэ. Шөнө нь бичиж, өдөр нь уншиж байгаа бүхэн маань зөвхөн чинийхээ л төлөө… Хорвоо дээрх хамгийн том бэлэг бол чиний үнсэлт шүү. Хайрт Ева минь” /1835 он/ хэмээсэн байдаг. Евагийн хувьд дурлалт залуугаасаа хүлээн авсан хамгийн халуун дотно үгтэй захиа нь энэ ажээ.

-Хувийн амьдрал тэр дундаа дурлалын роман зэргээрээ дэлхий нийтэд зартай эрхэмийн нэг бол яахын аргагүй Виктор Гюго юм. Тэрээр үзэсгэлэнт жүжигчин Жюльет Друэтэй танилцахдаа аль хэдийн гэрлэчихсэн байсан юм. 1833 оноос эхэлсэн гэгддэг ид шид, үлгэрийн гэмээр хайр дурлалын дотно харьцаа нь бүтэн тавин жил үргэлжилжээ. Жюльет бол Гюгогийн сахиусан тэнгэр, нэрт зохиолчийн онгодын хөглөгч нь байсан аж. Гюго тэр урт хугацаанд бүсгүйн хамгийн итгэлтэй нууц амраг нь байсан бөгөөд Францаас хөөгдснийхөө дараа ч тэр харьцаагаа огт таслаагүй байна. Хамгийн сонирхолтой нь дурлалт амрагууд амьдралынхаа туршид ойролцоогоор 15.000 орчим захидлыг бие биендээ бичсэн байх юм. Үүнд: “-Тиймээ, би чамд бичиж байна. Чамдаа хайраа бичихгүй байж яаж чадах билээ дээ. Энэ үдэш л захидал тэрлэхгүй бол шөнө нь ямар аймшигтай зүйл надад зүүдлэгдэх бол. Жьюлет минь, би чамд маш их хайртай. Гагцхүү чи л миний амьдрал болоод үхлийг шийдэх болно. Өөрийн сэтгэлдээ байгаа хайр дурлалтай холбоотой бүхнийг гарган хаяж зөвхөн надад дурлаач. Би чамд өчигдөрөөс ч илүү дурлаж байна. Юу хийхээ мэдэхгүй байгаа ч чамд дурласнаа сайн мэдэж байна. Дурлалаас үүдэн хийх тэнэгэлэл бүхэндээ би уучлалт гуйя”. “-Би чамд хайртай, би чамд хайртай Виктор минь. Би юу мэдэрч байгаагаа ч чамдаа илэрхийлж чадахгүй байна. Энэ үгийг дахин дахин хэлэхээсээ ч би айх юм. Хамгийн сайн сайхан бүхнийг чамаараа л төсөөлж байна. Чи хурц гэрлээрээ ээх нарны цацраг биш, харин чи өөрөө халуунаар шатах нар юм шүү. Амьдралыг тэтгэгч нар минь. Харин би бол чиний илчинд бүлээцэх нэгэн бүсгүй. Жьюлет чинь” гэсэн халуухан хайрын мөртүүд байдаг аж.

-Өөрийн хайр дурлалын эзэн нь аль хэдийн хорвоог орхисон ч амьдралын эцсийн мөч хүртлээ захидал бичсээр байсан гайхалтай түүх байдаг. Ийм түүх ер нь ховор биз. Тэгвэл тэдгээрийн нэгэн нь XX зууны Францын нэрт яруу найрагч Поль Елюар юм. Түүний дурлалт бүсгүй нь Елена Дьяконова. Ингэхдээ энэ эмэгтэй Полийн амьдралд Гала гэсэн нэрээр үүрд хадгалагдан үлдсэн билээ. “-Үдэш унтахдаа, өглөө сэрэхдээ, хором бүрд л би чинийхээ нэрийг сэтгэлдээ хэлдэг. Заримдаа бүр чангаар хашигарна гээч. “-Хайртай шүү би чамд, Гала!” гэхээр ямар сайхан байдаг гэж санана. Чи минь намайгаа орхиод 15 жил болжээ. Энэ аймшигт мөчийг би даван туулсан. Чиний төлөө би үүнийг хийж чадсан шүү. Энэ захидлуудаар минь чи намайгаа нөгөө ертөнцөөсөө ч олж чадах байх аа. Үхлийн сайхан нь чамтайгаа уулзах юм” /1933.03.06/ Ингэхэд нас барсан хайртынхаа араас ийм сэтгэл хөдөлгөм мөртийг бичдэг эр хүн байдаг болов уу. Тун ховор доо.

-Магадгүй хэн нэгэн нь тэд чинь зохиолч, найрагчид юм чинь ингэж бичилгүй яахав гэж бодож байгаа байх. Тэгвэл утга зохиолтой ямар ч холбоогүй хүн яруу сайхан үгээр сэтгэлээ илэрхийлсэн л байдаг шүү дээ. Жишээ нь алдарт зураач Сальвадор Дали. Тэрээр амьдралынхаа сахиусан тэнгэр, дурлалын бурхад гэх хорь орчим бүсгүйд захидал илгээдэг нэгэн байв. Тэдгээрээс нь хамгийн дотно гэгдэх Елена, Гала, Галарина нарт бичсэн захидал хамгийн шилдэгт тооцогддог. Тэр үнэхээр таалагдсан бүсгүйчүүддээ ээж аав, эрх мэдэл, мөнгө хөрөнгө, бүр өөрөөсөө ч илүү хайрлан дурлаж чаддаг байжээ. Түүний тэмдэглэлийн дэвтэрт 1952.09 сард тэмдэглэсэн хэдэн мөртүүд байдаг. Тэд танилцаад хоёрхон сар болж байжээ. “-Би аз жаргалтайгаар үүнийг бичиж сууна. Баярлалаа Гала! Чинийхээ ачаар би зураач болсон юм шүү дээ. Чамгүйгээр би өөрийн бүтээлдээ хэзээ ч сэтгэлээ гаргаж, өөртөө ингэж их итгэлтэй байхгүй байсан. Надад гараа өгөөч? Надад итгэ, би чамд маш их хайртай”. Энгийн хэрнээ, сэтгэл татмаар л байгаа биз дээ.

-Хэзээ ч бууж өгөшгүй, хатан зоригтой домогт жанжин Напелеон Бонопарт Африкийн халуун, Оросын хүйтнээс огт айж байгаагүй билээ. Тэгвэл тэрээр 1796 онд нэгэн эмэгтэйд “олзлогдож” бууж өгсөн гэдэг. Гэхдээ энэ бол дурлалын зөвхөн эхлэл нь байжээ. Түүний арми Италийг эзлээд хэдхэн хонож байхад агуу жанжин маань үзэсгэлэнт Жозефинатай гэрлэжээ. Харамсалтай нь аян дайн үргэлжилж залуухан эхнэр нутагтаа ганцаар үлдсэн байна. “-Чамд дурлаагүй өдөр гэж байхгүй, чамайг тэвэрч байна гэж зүүдлээгүй шөнө гэж байхгүй. Ажлаа хийж байхад дайн тулаанд орж байхад ч оюун ухаанд минь зөвхөн чи л оршино. Зүрх сэтгэлийг үзэсгэлэнт Жозефина чи эзэлжээ. Ухаан санааг ч чи захирна. Би хэрхэн тулалдах билээ. Баяртай, бүсгүй минь, аз жаргал, итгэл найдварыг нь аваад алсын хол амгалан ертөнцийг зорь доо. энэ аймшиг болж байна. Би чамд байгаа бүхнээ өгөөд явуулья даа. Тэндээс бүхнийг гэгээнээр харах биз ээ. Хайрыг минь хадгалаарай”.

-Тэгвэл хамгийн романтик дурлалын түүх XX зуунд тохиосон юм. Английн хаан Эдуард VIII бол хатан хааны гэр бүлийн уламжлалыг эвдэн хаан ширээ, шашин шүтлэгээсээ татгалзсан анхны санваартан билээ. Тэр энэ бүхнийг энгийн нэгэн бүсгүйн төлөө хийсэн. Ямар ч дээд угсаа залгамжлал байхгүй эмэгтэйд дурласныхаа төлөө… Зохиолчид болон кино-мейкерүүд бүгд үүнд анхаарлаа хандуулж түүний талаар ном хэвлэгдэн, кино зохиол бичигдэж байсан бол түүх судлаачид энэ явдалыг хэрхэвч байж болшгүй мэтээр тайлбарлаж байв. Харин хаан өөрөө 1936.12.10-ны өдрийн нэгэн сонинд дараах утга бүхий ярилцлагыг өгчээ. Үүнээс та бүхэн ингэж улс орны эрх ашгийг хайр дурлалынхаа төлөө хаяж болох, яагаад гэдгийн хариултыг олох байх. “-Эцсийн эцэст надад өөрийнхөө өмнөөс үнэн үгээ хэлэх боломж олдлоо.

Хэдхэн цагийн өмнө би эзэн хаан, захирагч гэсэн том том өргөмжлөлөөсөө саллаа. Миний үүргийг Йоркийн гүн залгамжлах болно. Энэ бүхнийг би сэтгэлийнхээ дуудлага, сүсэг бишрэлээрээ хийж байна. Та бүхэн намайг яагаад хааны титэмээсээ татгалзах болсныг мэдэж байгаа. Ингэлээ гээд би эх орноо, ард түмнээ мартан тэднээс нүүр бууруулж байгаа хэрэг биш юм шүү. Би өнгөрсөн 25 жилийн туршид Уэльсийн хунтайж гэдэг үүднээс энэ “албыг” хариуцлагатайгаар хашсан. Та бүхэн намайг хайртай бүсгүйнхээ дэмжлэггүйгээр цаашид энэ эрхэм үүргийг биелүүлж чадахгүй байсан гэдэгт итгээрэй. Цаг үе хатуу болсон. Бэлэг тэмдэгийн чанартай хаан энэ цаг үед хэрэггүй. Тиймээс би дэргэдээ ханьтай байхыг л хүссэн. Тэгэхээр хайртай бүсгүйгээ алдахгүйн тулд цаашдын амьдралаа улам аз жаргалтай болгох үүднээс ийм шийдийг би өөр бие даан гаргасан” гэжээ. Гэвч түүнийг дэмжсэн хандлагтай тайлбарыг Английн хатан хаан болон ерөнхий сайд нар хэлсэнээр түүний дурлалыг шүүмжлэх хандлага дууссан билээ.

-АНУ-ын ерөнхийлөгч агсан Рональд Рейган гэрлээд 15 жил болж байхдаа буюу 1967 онд эхнэртээ нэгэн захидал илгээжээ. “-Аль хэдийн 15 жил өнгөрчээ. Хачин юм аа. Надад бол хэдхэн минут л өнгөрсөн мэт санагдаж байна. Хэрвээ би ямар нэгэн зүйлд харамсах бол бид хамтдаа байгаагүй тэр цаг мөч өдрүүдэд л харамсана”. Тэрээр хэдэн зуун захидал хайрт Ненсидээ бичсэн гэдэг. Хамгийн анх танилцангуутаа 1950 оноос эхлэн бичжээ. Хамт кинонд тоглож байхдаа ч, Калифорнийн захирагч болсон хойноо ч, цагаан ордны эзэнгээр сууж байхдаа ч захианы талаар тэр огт мартаагүй юм. Хэдхэн өрөөний цаана сууж байсан ч гэсэн Рони туслахаараа эхнэртээ захидал хүргүүлдэг байсан аж.

Бас нэгэн хайрын захидалаас нь… 1977.02.14-ний хайр дурлалын баярын өдрөөр “-Хүндэт Гэгээн Валентин минь. Би таньд нэгэн үзэсгэлэнтэй, залуухан бүсгүйн талаар бичиж байна. Нэгэн гуйлт байна. Эхлээд та юуны өмнө юун тухай гэдгийг сайн ойлгоорой. Нэгд, тэр хоёр зүрхтэй. Өөрийнх нь бас минийх. Гэхдээ би үүнд харамсахгүй ээ. Би зүрхээ түүнд өөрөө өгсөн юм шүү дээ. Гуйлт маань гэвэл та түүнийг минь яг тэр байгаа цаг хугацаанд нь үлдээж өгөөч. Сэтгэл хэзээ ч хөгширдөггүй юм. Цаг хугацаа харин яваад л… тэгээд тэр өгсөн зүрх минь хайраар дүүрэн гэдгийг хэлээд өгөөрэй. Хоосон биш шүү. Би хэзээ ч буцааж авахгүйг бас… Баярлалаа. Намайг ойлгосонд”. 1983.03.04-нд хуримын ойн өдрөөрөө АНУ-ын ерөнхийлөгч эхнэртээ зурвас илгээжээ. Түүнд “-Энэ бол миний аз жаргалтай амьдарсан 31 жилийн ойн баяр шүү” хэмээсэн байлаа.


Нийтлэсэн: Р.Слава

Оноре де Бальзак: Дурлалын захиа бол урлаг…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.