Хөгжил дэвшил мандсан эх хотын үдэш
Хөгжмийн аянд найган бүжин шөнийн эрвээхэй найгана
Хот хүрээний баячууд сархадын амтанд нялуурч
Хөлх дөлгөөн зайдуу газар амрагын учрал дохионо
Ар гэрт нь ааваа дуудаж нялх үрс уйлагнахад
Аз жаргалын хөзөр атгаж хормын зугаанд шунана
Амьдралынхаа төлөө итгэл сэтгэлээ золиослож
Амраглаж буй бүсгүй нь дэр норгон мэгшинэ
Өнөөдөр маргааш улирдагаараа улирч
Өөрчлөлт хувьралт нь нүдний өмнө зурайвч
Үдшийн амьдрал өдрөөс илүүтэйгээр өрнөж
Шөнө дундын болзоо мөнгөн дэвсгэртээр тооцогдоно
Үг нялхарч сэтгэл хөлдсөн ч жам хэмээн бодож
Үүлтэй заяа үгийн бурманд амтархаж
Хорт утаа тамхины акуркаар хэмжигдэж
Холын зэрэглээт хөдөлмөрийн амтыг няцааж
Хонгор охид шөнийн ажилдаа орно
Өврөө өөртэйгөө задгайлан голоо зогоох
Өнгө өнгийн эрвээхэй бүдэг гэрэлд бүчинэ
Ялалт ялагдал нь үл хамаарах сэтгэлийн их зовиурт
Ямагт айдас үерлэж гунигийн үүлс манантана
Амьдрал хэмээх хатуу бэрхийн нугацаанд
Аавын үрс ээжийн охид доголон нулимсаа далд нууна
Хувь заяагаа хундаглан ууж зуурдын жаргалд мансуурахдаа
Хүний оршихуйн мөн чанарыг сэтгэлийн гүндээ нандигнана
Хайр халамжинд эрхлэх гэнэн хонгор насаа дурсаж
Ханьсахын заяаг мөрөөсөн итгээлийн галаа өрдөнө
Эцэг эхийн тангарагаас унасан үр
Эвийн заяаг тэгшилж ижий заяанд шуналтаж гансрана
Өнгө өнгийн хувиралтай шөнийн эрвээхэйн сэтгэлзүйд
Өөр өөрийн хүсэл нь энгэр норгох нулимстай
Улсаа худалдагч баячуудын зугаа болон бүжихдээ
Урвалт тээн зарим харийн бэр болдог ч
Уяхан зангаар өртөөлөх итгэлийн ариун гал нь
Уужим сэтгэлийн гүндээ хайрын заяандаа хорогддог
З.Долгорсүрэн 2012 он