Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болжээ. Цагаан хоол идэж, зөв хооллохыг хүсэмжилдэг болсон байна. Энэ чиглэлээр сургалт явуулдаг төвүүд хэдий олон байдаг ч цаг зав муутай эзэгтэй нарт зориулж эрүүл хоолны жорыг цувралаар хүргэхээр боллоо.
Мөн зөв хооллож эрүүлжүүлэхийг хүсэж буй хэн ч энэхүү жорыг ашиглах боломжтой юм.
Хоол хийх арга:
Хөц будаатай шөлөө хийхдээ хамгийн түрүүнд төмс, шар луувангаа угааж хальслан шоо дөрвөлжин хэрчинэ. Бөөрөнхий сонгиноо хальслаад жижиг хэрчээрэй. Үүний дараа хүрэн шошийг 6-8 цаг дэвтээгээд хэд хэдэн удаа усаар зайлж угаах хэрэгтэй. Нам гал дээр чанаж болгосны дараа хөц будаагаа угаагаад ус хийж 2 цаг орчим дэвтээх юм.
Тос хийж халаасан саванд бөөрөнхий сонгино, шар лууван, төмсийг хийж бага зэрэг хуурсны дараа ус юм уу шөл хийж буцалгаад дээр нь дэвтээсэн хөц будаа хийж зөөлөртөл буцалгана. Шөл гаргахын өмнө хэрчсэн юуцай, чанасан хүрэн шош хийж мөөг амтлагч, давс, хар перецээр амтлаад хэдэн минут буцалгаад гаргана.
Шөлийг таваглаад шинэ яншуй, гоньдоор чимэглэнэ.
Орц: /4 порц/
Хөц будаа 120г, Төмс 250г, Шар лууван 80г, Юуцай 30г, Хүрэн шош 30г, Бөөрөнхий сонгино 50г, Яншуй бага зэрэг, Ургамлын тос 30 мл, Ус эсвэл ногооны шөл 1,5л, Давс, Мөөг амтлагч, Хар перец