“Тарзан охин” буюу Типпигийн түүх

Африкийн Намиби улсад хүүхэд насаа өнгөрөөсөн Типпи охины түүх кино болон амилжээ. Типпи одоо 25 настай бөгөөд өөрийнхөө бага насны талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Түүнийг Намибид байхад нь хүмүүс “Тарзан охин” хэмээн нэрийддэг байжээ. Учир нь тэрбээр зэрлэг амьтадтай найзлан, нөхөрлөж, хамт тоглож цагийг өнгөрөөдөг байсан гэнэ. Хэний ч тусламжгүй ан хийж, заан унаж өнгөрөөсөн түүний бага насны талаарх киног түүний аав Ален Дэгри бүтээсэн байна. Одоо Типпи охин Францийн Парис хотноо амьдарч байгаа юм.

-Та хэдэн жил Африкийн зэрлэг байгальд амьдарсан юм бэ?
-Миний гэр бүл намайг 11 нас хүртэл Африкт амьдарч байлаа. Аав минь гэрэл зурагчин байсан учраас миний бага насны зургуудыг тасралтгүй авч байсан. Тиймээс л тэр зургууд кино хийх хүслийг төрүүлсэн байх. Би амьтан болоод хүн хоорондын харилцааг маш их сонирхдог хүүхэд байсан. Тэр сонирхол маань зэрлэг амьтдын дунд өссөнтэй маань холбоотой байх.

-Зэрлэг амьтдаас айдаггүй байсан гэж үү?
-Үгүй ээ. Тэд чинь миний найз байсан юм шүү дээ. Тэдэнтэй харьцахын тулд юун түрүүнд би нүд рүү хардаг байсан. Найзууд маань миний аз жаргалтай, гунигтай өдөр бүрийг хуваалцдаг байлаа. Би тэдний л дэргэд чөлөөтэй байж чаддаг байсан.

-Киног үзээд таны эртний дурсамж сэргэв үү?
-Кинонд дүрсжүүлсэн бичлэгээс гадна миний бага насны зургууд гардаг. Энэ кино миний аавын надад өгсөн хамгийн сайхан бэлэг байсан. Ой ухаанд минь хадгалагдан үлдсэн тэр сайхан дурсамжууд киног эхлэхээс дуусах хүртэл бодогдож, би өөрийн эрхгүй уйлсан. Кинонд миний хамгийн хайртай амьтны талаар өгүүлсэн хэсэг бүр их сэтгэл хөдлөгсөн. Нэг удаа аав бид хоёр машинтай явж байгаад замын голд хэвтэх яст мэлхийг олсон юм. Түүнийг би авч асраад Хамелеон гэдэг нэр өгсөн. Харин энэ үе минь кинонд гарах үед маш их догдолж байлаа. Түүнчлэн миний сайн найзын тухай, хайртай зааны маань ч тухай өгүүлсэн. Намибид байх үе хамгийн аз жаргалтай байжээ.

-Найзынхаа тухай яриач?
-Манай овогт байдаг байсан Абу гэх Африк хүүгийн тухай. Тэр бид хоёр нэг үеийнх учраас их дотно нөхөрлөдөг байсан. Абу надад заантай хэрхэн харьцахыг зааж өгсөн. Бид хамтдаа заан унаж, гол руу явж усаар тоглодог байлаа. Түүгээр ч зогсохгүй бид өнчин ирвэсийг хооллож өсгөдөг байсан.

-Зэрлэг амьтад тань руу халдаж байгаагүй гэж үү?
-Над руу дайрч байсан удаа байхгүй ээ. Аав маань зураг дарахаар явж байхад нь нэг удаа ирвэс дайрч байсан. Гэхдээ хүнд бэртэж гэмтээгүй. Би арслангуудтай унтаж, бамбартай тоглодог л байсан. Гэхдээ надруу дайрч байгаагүй юм байна. Тэгээд л 11 нас хүрсэн жил манайх Африкаас нүүсэн дээ. Харин сүүлд том болсон хойноо амьтны хүрээлэнд очиж, зэрлэг амьтадтай харьцах гэж хичээсэн.

-Тэр үедээ айсан уу?
-Үгүй дээ. Хүмүүс зэрлэг амьтдыг аймшигт махчин араатнууд гэсэн нүдээр хардаг. Харин би тэднийг тэгж боддоггүй. Тэдэнд ямар ч муу зүйл хийдэггүй, нөхөрлөхийг хүсдэг над шиг хүмүүст тэд халддаггүй юм. Мэдээж амьтадтай ойр өссөн миний бага насны хүмүүжил нөлөөлсөн байх л даа.

-Өмнө нь амьдарч байсан газраа дахиж очсон уу?
-Тиймээ. Гэхдээ одоо миний амьдарч байсан овог бараг үгүй болсон. Зэрлэг ан амьтад ч тэр бүр үзэгдэхгүй байгаа. Би хэдэн жилийн өмнө Өмнөд Африкт очиж устаж үгүй болж буй нүүдэлчин овгийн эрхийг хамгаалах асуудлыг тавьж байсан.

-Та тэднийг санадаг байх?
-Тиймээ. Тэд надад өөрсдийн ярьдаг хэл болоод үндэсний бүжиг заадаг байсан. Түүгээр ч зогсохгүй нум сумаар хэрхэн харвах, ан хэрхэн хийхийг заадаг их найрсаг овог байсан юм.

-Олон жилийн дараа очиход юу өөрчлөгдсөн байв?
-Маш олон зүйл өөрчлөгдсөн. Өмнө намайг байхад тэнд бүх зүйл тайван, хүмүүс нь аз жаргалтай, зоригтой байсан. Харин одоо тэд тийм байхаа больсон. Би тэндээс явснаасаа хойш хоёр жилийн дараа буцаж очсон л доо. Тиймээс л аавдаа бага насны минь дурсамж үлдсэн тэр газрын тухай кино хийх саналыг тавьсан юм.

-Яагаад тэр вэ?
-Зэрлэг амьтадыг хамгаалах асуудал Африкт хамгийн том асуудал болж байна. Уг нь тэднийг хайрлаж, хамгаалах ёстой. Би тэдний дунд байснаараа ойлгож, харилцдаг болсон. Бусад хүмүүс түүнийг ойлгохгүй байж хууль бусаар агнах үйлдэл хэрээс хэтэрсэн байсан учраас ан амьтнаа хайрлах сэтгэгдэл төрөх болов уу гэх үүднээс энэ саналыг тавьсан л даа. Түүнээс гадна овог аймгуудын мөхөж буйг дуугүй хараад суумааргүй байна гэдгийг холбогдох хүмүүст нь ойлгуулахыг хүссэн юм.

-Овгуудын мөхөл, хууль бус ан авыг зогсооно гэдэг өнө удаан яригдаж буй асуудал. Та өөртөө итгэлтэй байна уу?
-Хэцүү гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ хэзээ ч энэ үзэл бодлоосоо ухрахгүй. Хэр их хугацаа шаардагдахыг мэдэхгүй ч би тэмцсээр л байна.


“Тарзан охин” буюу Типпигийн түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.