“TIME” сэтгүүл 2012 оны Дэлхийн Хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг тодруулсан байна. Тэдний дотор улс төр, бизнес, урлаг, спорт гээд олон талын салбарт амжилт гаргасан хүмүүсийн нэрс багтжээ. Мөн жагсаалтанд залуу мөртлөө нэр алдартай олон эмэгтэйн нэрс орсон нь Кембрижийн гүнгийн ахайтан, хунтайж Вилльямийн гэргий 30 настай Кейт Миддлтон, түүний дүү 28 настай Пиппа Миддлтон нар орсон билээ. “Миддлтоны эгч дүүс бүсгүйчүүдийн үлгэр жишээ болж чаджээ.
Бусад эмэгтэйчүүд тэдний хувцаслалт, үйл хөдлөл бүрийг даган дуурайж, нууцлаг гоо үзэсгэлэнг нь бишрэх болжээ” хэмээн эгч дүүсийн талаар товч мэдээлэл дурьдсан байна. (Ялангуяа Кейт Миддлтоны өмссөн Александр МакКьюний загвар зохион бүтээгч Сара Бартоны бүтээсэн хуримын даашинз бүсгүйчүүдийн дунд их алдартай билээ.) Түүнчлэн өөрийн хүчирхэг хоолойгоороо шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа 23 настай дуучин Адель энэ жагсаалтанд шалгарсан байна. Өнгөрсөн жил энэ жагсаалтанд шалгарч байсан нэрт дуучин Пинк хүртэл түүний үнэнч шүтэн бишрэгч болжээ. Пинк Аделийн тухай, “Миний амьдарч буй ертөнцийг шинэчлэх итгэл найдвар, сайхан мэдрэмжийг өгсөн. Энгийн хэрнээ гайхамшигтай. Би түүний дараагийн уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьсан юм.
Нэрт загвар зохион бүтээгч Стелла Маккартни уг жагсаалтанд шалгарсан 24 настай дуучин Рианнагийн тухай ярихдаа, “Тэр бол хамгийн дажгүй, халуухан, авъяастай, сэтгэл хөдөлгөм дуучин. Тэр өөрийн амжилтыг бий болгосон” хэмээн бахархан өгүүлсэн байна.
Түүнчлэн Дэлхийн Хамгийн нөлөө бүхий хүмүүсийг шалгаруулдаг энэхүү хүндэт жагсаалтанд инээдмийн жүжигчин Кристен Виг, телевизийн хөтлөгч, жүжигчин Челси Хэндлер, залуу авъяастан Тим Тибоу, “The Help” киноны жүжигчин Вайола Дэвис болон жүжигчин Жессика Частэйн нар багтсан юм.
shock.mn