Олон сайхан бүтээлээр ард түмнээ мялааж яваа Завхан нутгийн Гавьяат С.Батсүхтэй сонирхдог зүйлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Юм бодож суух дуртай. Мөн ан гөрөө хийж, хээр хэвтэх сонирхолтой. Аялсан газруудаасаа дурсгалын зүйл авдаг зуршил минь миний хобби юм даа.
-Ямар зүйл худалдан авдаг вэ?
-Шар өнгийн урлагийн бүтээл авдаг. Цөгц, хөөрөг, бөгж, бугуйвч гээд багагүй зүйл бий.
-Таныг найзууд чинь олон хөөргөөр гангардаг гэх юм билээ?
-Нэг их олон биш ээ. 10 гаруй л хөөрөг бий. Өндөр өртөгтэй ч биш. Хамгийн сүүлд нил яагаан болор хөөрөг авсан. Бас нэг хобби гэвэл бөгж, бугуйвч, бугуйн цаганд дуртай шүү.
-Таныг дуулж байхад бөгж, бугуйвч чинь их содон харагддаг?
-Хүүхэд байхдаа гуулин бугуйвч зүүдэг байлаа. Одоо бол цэвэр алтан бугуйвч зүүдэг. Эр хүн бөгж, цаг, бугуйвчаар гангардаг гэж боддог. Үнэт эдлэлээр хийсэн 4-5 бугуйвч, мөн тооны бөгж бий.
-Цаашид Таны хобби өөрчлөгдөх болов уу?
-Би нэг хэсэг буу цуглуулдаг байсан. Манай нэг найз зэвсэг цуглуулах муу гэхээр нь больсон. Бөгж, бугуйвч, цаг гурав л миний мөнхийн хобби юм даа.
Б.Анхцэцэг “Unen.mn”