П.Шүүдэрцэцэг: “Ад үзээд байсан хамар чинь олны танил болголоо” гэж ээж минь хошигнодог

6f88fcc7451ecada5914efb8786b016b

Яг одоо кино театруудаар үзэгч олонтой байгаа “Бид гурвын болзоо” уран сайхны кинонд Хулангийн дүрийг бүтээсэн, жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгтэй уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

Зураг авалт, нэвтрүүлгийн бичлэгтэй, маргааш шинэ реалити шоунд оролцох гэж байгаа гэсэн. Их ажлынхаа хажуугаар зав гарган редакцид маань хүрэлцэн ирж, ярилцаж буйд баярлалаа.

Би харин маш их баярлаж байна. Цахим сайтууд албан ёсоор ярилцаад юм бичвэл их баярлана. Гэтэл утсаар, фэйсбүүкийн чатаар асуулт асуух гээд байдаг, эсвэл бүр зохиогоод биччихдэг газрууд олон байна шүү дээ. Үнэндээ хүний намтрыг зохиогоод суудаг сэтгүүлчдээс би их айдаг.

Маргаашаас эхлэх шоуныхаа талаар тодруулаач?

25 дугаар суваг телевиз, “Тэсо” группийн хамтарсан шоу юм. Одоогоор илүү дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй байна.

Шүүдэрцэцэгийн тухайд загвар өмсөгч, жүжигчин л гээд олон талаар хүмүүс мэдэх байх. Гэтэл ХААИС, СУИС-д суралцаж байсан юм байна. Ямар мэргэжилтэй вэ?

Хүнд амьдралын ухаан суугаагүй үе, амьдралд алдаж, онох үе гэж байдаг шүү дээ. Мэргэжлээ яг сонгож чадаагүйгээс маш олон жилийг сурах их үйлсэд зориулж, диплом өвөртөлж гаралгүй, олон их дээд сургуулийг сэглэсэн байна.

ХААИС-д Маркетингийн менежер мэргэжлээр гурван жил сураад, 2009 онд Солонгосчуудын зохион байгуулсан “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн дэд байр эзэлж, тус улсад урлагийн сургуульд суралцах эрхээр шагнагдсан. Энэ чиглэлээр БНСУ-д зургаан сар хэлний бэлтгэл хийгээд, эргэж ирсэн. Учир нь бие өвдөж, арьсаар минь харшил гарсан юм. Монголдоо ирсний дараахан харшил ч эдгэсэн. Хоол унд таарахгүй, мөнгө төгрөг ч болохгүй байсан болохоор ээж маань ч явуулахыг хүсээгүй. Ингээд л Монголдоо үлдсэн дээ. Сүүлд СУИС-д “Урлаг судлаач” мэргэжлээр элсэж, өнгөрсөн хавар төгссөн. Жүжигчний ангид элсэх хүсэлтэй байсан ч хувь тавилан ямар нэгэн байдлаар болоогүй.

Уран бүтээл, кино урлаг руу ямар тохиолдлоор холбогдсон бэ? 

2009 онд “Хайрлаж болох уу”, “9009”, “Валенитины захидал” кинонуудад тоглосноор жүжигчний гараагаа эхэлсэн.

Ажил, мэргэжлээс гадна авьяас гэж нэг зүйл байна. Өөрийг чинь шүлэг бичдэг талаар ярих боллоо. 

Миний аав МҮОНТ-д нэвтрүүлэгч, редактор хүн байсан. Шүлэг, дуу бичдэг мундаг хүн. Аавын минь жаахан оч надад тод үлдсэн байх гэж боддог. Гэхдээ би тэгтлээ шүлэг бичээд байсан зүйл байхгүй. Фэйсбүүкийнхээ зурган дээр тайлбар болгон, мөр холбож бичсэн маань зарим хүмүүст таалагддаг байх.

Шүлэг бичдэг гэх яриа өөрийг чинь хамартаа гоо сайхны мэс засал хийлгэсэн гэсэн ярианы хариу болж гарч ирэх шиг болсон. Мэс засал хийлгэсэн юм уу? 

Гоо сайхны хагалгааг би маш их дэмждэг. Хүн ганц л амьдарна, ганц амьдрахдаа өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Гоо сайхны хагалгааг хийлгэж чадаж байна, сэтгэл хангалуун байна, юу нь болохгүй гэж. Гэхдээ, би одоогоор өөртөө ганц ч гоо сайхны мэс засал хийлгээгүй байна л даа. Хийлгэнэ гэсэн бодол бол бий.

Тодруулбал хаанаа? 

Хөх ч юмуу, шанаандаа. Хүн чинь сонин юмаа, ямар ч тохиолдолд өөртөө сэтгэл хангалуун бус байх юм . Хүмүүс хамрыг минь гоочлоод байдаг болохоор хамраа янзлуулчихмаар, нүүр маань өргөн болохоор шанаагаа хасуулчихмаар, зөндөө л бодол төрөх юм байна ш дээ.

Хоёр, гурван хүүхэд төрүүлээд хөх минь унжаад, арьс болчихвол өөртөө сэтгэл хангалуун байхын тулд орох байх даа гэж боддог. Багаасаа би хамрандаа дуртай байгаагүй. Гэхдээ ээжээсээ авсан ганц зүйл минь хамар. Ээж маань хошигнодог юм. “Чиний ад үзээд байсан хамар чинь чамайг олны танил болгож байна” гэж. (инээв) Тэртэй тэргүй дэлхийн татах хүч доошоо татаж байхад дээрээс нь өөрөө элдэв ярианд эмзэглээд, шаналаад байхын шаардлага байхгүй тул намайг доромжилсон, муулсан ярианд огт эмзэглэдэггүй.

Гоо сайхны хагалгаа хийлгэснээ хүлээн зөвшөөрдөг дуучин Анутай найзууд байх аа?

Ану бол төгс эмэгтэй. Би түүнийг хэзээ ч будаггүй байхыг нь харж байгаагүй, ер нь ч будаггүй байдаггүй байх. Анх би Ануг өөрөө төрсөн гэдэгт нь ч итгэдэггүй, тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн гэж боддог, өөрт нь ч хэлдэг байсан. Сүүлд бага охиноо тээж байхад нь итгэхгүй, гэдсийг нь харж байсан. Тэгээд өөрөөсөө маш их ичсэн. Ану бол ямар ч эмэгтэйн хийж чадахгүй хийсэн, хамгийн гайхалтай эмэгтэй. Анугийн нөхөр нь манай ангийн хүүхэд болохоор ч тэр үү бид их дотно байдаг.

Шүүдэрцэцэгийн тухай ярихад найз залуу Тэмпо гэж хүний нэр байнга л дагалдаж явах боллоо. Гэр бүл төлөвлөлтийн тухайд?

Миний хүсдэг амьдрал бол маш олон хүүхэдтэй, нам жим, амар тайван амьдрал. Гэтэл хийдэг ажил маань байнга олон нийтийн нүдэнд ил байдаг. Аль нэг дуртай зүйлээ сонгохын тулд нөгөөхийг нь золиосолж магадгүй, цаг хугацаа л харуулах байх. Намайг ойлгодог, хайрлаж, халамжилдаг хүн л миний нөхөр байна байх. Эмэгтэй хүн халамжинд бөмбөрөөд л байна аа.

Хүүхдийн тухайд бол, тэгтлээ яарахгүй байгаа. Хосууд нэлээдгүй хугацаанд хамт амьдарч үзээд, дараа нь хүүхэдтэй болох хэрэгтэй байх. Тэгээгүй, яарснаас гэр бүл салалт, хүүхэд хохирох тохиолдол олон байна гэж боддог.

 

Найз залуу чинь “Tiger mens shop”-оос зээлээр хувцас аваад, мөнгийг нь төлөөгүй асуудал нэлээд яригдаж, өөрөө ч нэлээдгүй хэл ам хийж явах шиг болсон. Өрөө барагдуулсан уу?

Энэ ёстой гоё асуулт байна, хариулъя. Тэр эмэгтэйн 100 хувь буруу байсан, нэхээд л байсан 200 мянган төгрөгийг нь ч өгөх ёсгүй байсан. Хувцас, мөнгө төгрөг зээлж аваагүй.
Тэр эмэгтэй Микс хамтлагийнхантай хамтарч ажилладаг, клипнийх нь шторкон дээр ч ажилладаг байсан. Гэтэл Тэмпо бид хоёр үерхэж эхэлснээр л тэр эмэгтэйн уур хүрч, элдэв зүйл зохиож эхэлсэн. Намайг “Нялх ногоо зулгаалаа, хөгшин авгай” гээд л утсаар, фэйсбүүкээр доромжилдог байлаа.

Сүүлдээ мөнгө нэхээд, олон нийтийн сүлжээгээр худлаа мэдээлэл цацаж эхэлсэн. Нэхээд байсан мөнгийг нь өгсөн. Гэхдээ нэр төрөө цэвэрлүүлсэн. Видео хийгээд цацсаныг та бүхэн харсан байх. Хүмүүс худлаа гэдгийг мэдсэн тул асуудал намжсан л даа.

Загвар өмсдөг, яагаад болив. Болохгүй зүйл байна уу? 

Байна аа, би хэтэрхий намхан байна. Дизайнерууд тоож, хувцсаа өмсүүлэхгүй байна шүү дээ. Тэгээд одоо үеэ өнгөрөөж байна (Инээв) Гэхдээ загвар өмссөнөөр өнөөдрийн миний амьдралын гараа тавигдсан байх гэж бэлэгшээдэг. Боломж боломжийг нээдэг гэдэг шүү дээ.

Киноны эротик дүрд тоглох санал ирж байв уу? Ер нь тоглох уу?

Ийм саналууд ирж байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө “Цаг нь болоогүй байна. Тоглох байх” гэж боддог байлаа. Гэхдээ одоо бол үгүй ээ.

Яагаад үгүй гэж? 

Гэр бүл. Найз залуу маань ч эсэргүүцдэг, би ч өөрөө “үгүй” гэж боддог болсон. Эротик дүргүйгээр сайхан дүрүүд бүтээгээд, уран бүтээл хийгээд явж болно шүү дээ.

Уран бүтээлийн амжилт хүсье. Мөн маргаашаас эхлэх реалити шоуныхаа ялагч нь болоорой. 

Маш их баярлалаа. Түрүүлэхийн төлөө хичээнэ ээ.

Ц.Анх

time.mn


П.Шүүдэрцэцэг: “Ад үзээд байсан хамар чинь олны танил болголоо” гэж ээж минь хошигнодог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.