Ямар ч үед хормогчоо тайлаад үсээ задгайлаад гадагшаа гарахад бэлэн бай бүсгүй минь. Гэрийн ажил гэдэг чамд оноож өгсөн ажил гэж хэн хэлсэн юм бэ? Хэн нэгний атаа хөдөлгөм сүмбэн цагаан урт хуруу, будаг нь халцраагүй сэтгэл соронздон солонгорох гоёмсог будагтай урт хумс харааг чинь булааж байсан биз дээ. Гэрийн ажил гэдгийг халамжтай эрчүүд хийж чаддаг зүйл. Чиний монийсон хуруу эвэршсэн гарыг хэн ч хайрлахгүй, халуун дотноор энхрийлэхгүй. Хааяа гэрийн ажлаа хийхгүйгээр хоол ундаа оройтууланхан хээнцэр даашинзаа өмсөөд хэн нэгэнтэй нөхөрлөлийн болзоо тогтоон хаа нэгтээ суугаад мөрөөдлийн залуугийнхаа харцанд ээрэгдэн дурлалын бяцхан булагнал үүсгэж яагаад болохгүй гэж. Чи бүсгүй хүн болохоос гэрийн үйлчлэгч биш. Хэрэв хайртай залуу тань чамайг гэрийн үйлчлэгч болгон хувиргаж байгаа бол одооноос эхлэн түүнд хариу цохилт өгөөд үзвэл ямар вэ?.
Нэг өдрийн бүх гэрийн ажлыг нөхөртөө даатга. Тэрээр эхэндээ дургүйцэх нь мэдээж. Гэвч эрчүүд гэдэг гэрийн ажил хийдэггүй хээнцэр бүсгүйг хэзээний чамтай зүйрлэн бодолдоо битүүхэн мөрөөдөн догдолж, чиний ажилд нухлагдан ядарсан царайг гайхшран харж, өөр хэн нэгэн сайхан хүүхнийг эрхгүй дурсахдаа толгой хаян шогширч суугаа гэдгийг би тааварлаж байна. Тэгэхээр бид тэр мөрөөдлийнх нь бүсгүй шиг гунхалзах цаг ирсэн гэсэн үг. Энд сар жилээр гэрээс гардаггүй өөртөө цаг зав гаргадаггүй бүсгүйн тухай ярьж байна. Түүнээс биш бүсгүй хүний цэвэрч нямбай өөртөө арчаатай, юухэн хээхнээ дор нь цэвэрлээд гялалзуулчихдаг бүсгүйн төрөлхийн цэвэрч нямбай байдлыг огт үгүйсгээгүй байна.
Буман үрчлээ наснаасаа эрт суугаад байгаа. Мөн өөртөө амьдралын баяр жаргалыг маш бага нялзаагаад байгаа тэр хүүхнүүдийг одоохон гэрийн ажлаа орхиод хэзээ нэгэн цагт өмсөхөөр хадгалсан гоёмсог даашинзаа зориг гарган өмсөөд, жилдээ нэг түрхдэг уруулын будгаа энд түрхээд, хэн нэгэн найз руугаа утас цохин ханьсаад, болор жүнзэнд дарс хундагалан нэгэн оройг сайхан өнгөрүүлэхийг уриалж байна. Энэ орой чи нэг ч хором гэрийн ажилдаа санаа чилээж болохгүй шүү. Угаагаагүй аяга таваг, эмхлээгүй ном дэвтэр, хаа сайгүй хөглөрөх хүүхдийн тоглоомыг энэхэн олдсон эгэлгүй агшинд битгий санан дурсаарай. Чиний өмнө гоёмсог жүнзэнд мэлтэлзэх дарс хундагалаатай байна. Энэ орой анхны хайраа дурсан сана. Анхны захидалын цөөхөн мөртийг сэтгэлдээ төсөөл. Анх чамайг гэргий болгон гуйхдаа хэлж байсан нөхрийнхөө амлалтыг эргэн сана. Тиймээ, чи тэр амлалтын хэдэн хувь нь биелсэнийг харж байна уу?
Одоо л гэнэт ухаарч байгаа биш сэтгэлээр унаад яах вэ? Харин бага багаар байдлыг өөрчлөх гээд энэ мөчөөс эхлэн хичээсэн нь дээр байх. Сэтгүүл дээрх маш гоё хээнцэр загвар өмсөгч хүүхнүүдийг санаж байна уу? За, тэд гэрийн ажил хийдэггүй гэж ам бардам хэлэх байх шүү. Тэр бүү хэл орой болгон хоол хийдэггүй. Идмээр байгаа бол найз залуу өөрөө хийгээд иднэ биз гэж намжиртайхан ярьж байхыг нь сонссон юм байна. Гэрийн ажилтай бүсгүй минь чи бид хоёрт ч энэ хүүхнүүд шиг ганган сайхан явах боломж байна. Оффисын ажилтай гунхсан сайхан хүүхнүүд ч орой очоод гэрийн ажил ер хийдэггүй ээ, гар хуруундаа массаж хийж хуруу хумсаа янзалдаг гэж намба төрх шигтгэн учиртайхан ярьдаг юм билээ. Оройн хоол өдөр бүр хийдэг чи бид хоёр л хоолны амт чанар шалган амталж үмхсээр байгаад галбир төрхөө алдан оворжин мяраалж байгаагаа нилээн хэдэн жилийн хойно арав хорин килограм нэмсэн хойноо нөхөртөө элдвээр чичлүүлэн байж гэнэт мэддэг нь тоогүй.
Яагаад ингэж олон жил гэрийн оройн хоолонд ач холбогдол өгөн гүйвээ. Гэтэл нөхөртөө л зориулж хийдэг оройн хоол үнэ цэнээ аажмаар алдаж гоо үзэмж төгс гэрийн ажил хийдэггүй өнөөх туранхай хүүхэн хэдийн нөхрийн нууцхан мөрөөдөл болоод удаж байгааг хэн ч мэдээгүй явсаар л. Улмаар хормойгоо чирсэн арчаагүй гэж хавийн хүмүүс нүд үзүүрлэнэ. Нөхрүүд тэсгэлгүй зөвхөн өөрөө оройн хоол хийлгээгүй мэт эмэгтэй хүн байж бага идээчээ гэж нэг л өдөр адлана.
Овоорсон их хувцас өнжөөд л угтана. Энд дунд чиний нэг ч хувцас байхгүй нь хачирхалтай. Учир нь гэрээс гарч ажил төрөл хийх биш дээ гэж бодно биз. Ингээд нөхөр хүүхдүүдийн олон хувцасыг гараа монийтол угаана. Цэвэрхэн индүүдлэгтэй хувцастай сайхан залуу өөр хэн нэгэн хүүхний харааг булаана. Залуу энэ байдлыг тааварлавал өнөөх муу гэрийн ажилд нухлагддаг эхнэрийг ор тас мартаж бүсгүйг хэрхэн өөрийн болгох тухай бодолд зөн совингоороо л автана. Энэ төлөвлөгөө бүтэлгүйтвэл гэрт суудаг эхнэр орой нь нөхрийн хорон үгэнд дайруулж, сэтгэлийн дарамтанд зайлшгүй өртөх нь мэдээж.
Бүсгүй минь гэрийн ажлаа хийж болноо бидний үүрэг. Гэвч гэрийн ажилд хэт дарагдан бүх хүсэл мөрөөдлөөсөө татгалзаад сууж байгаа юм биш биз. Улсад хорин жил ажилласан оффисын хүүхэн, гэртээ хорин жил суусан гэх гэрийн ажилтай бүсгүй та хоёрын хэн нь илүү нэртэй зүстэй явна вэ? Хэн нь олон залуусын харцыг булааж сэтгэлийн эгшигийг нь хөглөсөн бэ? Хэнийг нь сайхан бүсгүй гэж шивнэн цэцгийн баглаа барьж хайрын үгэнд уяраасан бэ? Хэн нь олон удаа зоогонд уригдаж одоо тулгах гэж байгаа болор жүнзтэй дарс хүндлүүлэн тулгасан бэ?
Гэрийн ажил гарамгай сайн хийснийг тань үнэлэн гэж төр засгаас цохон талархаж өгсөн сайшаалын бичиг байгаа билүү? Тиймээ, одоо болсон бүсгүй минь. Хормогчоо үүрд тайлаад шүүгээндээ далд хийчих. Үсний хавчаараа аваад үсээ задгайлан хөнгөн сэгсэр. Олон жил хадгалсан өндөр өсгийтөө өмсөөд тов тов тогшлон шадаар хөнгөхөн уруудаад буу. Би гэрийн тань гадаа такси дуудсан байгаа, өнөөдөр найз хүүхний тань төрсөн өдөр гэнэ. Шалавхан инээд цацруулан яваад оч. Энэ орой битгий гэрийн ажлын тухай бодол хөрвүүлээрэй.
Г.Соёлгэрэл