СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН АЛГА

Манай улсад хохирсон иргэн хохирлоо барагдуулж авах нь бүү хэл цагдаа, шүүхийн хаалга татсаар эцэстээ залхаад харин өөрөө гэмтэн мэт болон хохирдог бичигдээгүй шахам хууль журам нэгэнтээ тогтжээ.
Хамгийн энгийн баримт гэхэд л жилийн өмнө хөгжмийн сургуулийн нэгэн оюутан бүсгүй ангидаа хичээлээ давтаж байгаад гараад ирэх хооронд нь хийл хөгжмийг нь хулгайлж орхисон хэрэг гарчээ.

Тухайн үед харьяаллынхаа дагуу Сүхбаатар дүүргийн цагдааг дуудан бараг сургуулийг нь нэгжих шахам бөөн л сүржигнээн болж, дүүргийн цагдаа хэргийг нь бүртгэж авч, дараагийн өдөр хулгайд хөгжмөө алдсан охиныг цагдаа мэдүүлэг өгөхийг шаардсан гэнээ. «Алдсан хүн арван тамтай» гэгчээр хөгжмөө алдсан муу охин л цагдаагийн хаалга үүдийг байн байн татан, өмнө нь өгсөн мэдүүлгээ тоть мэт давтсаар л…

Гэтэл нөгөө талаас нь байцаах ч хүн бараг гарсангүйд охин ихэд гайхсан гэдэг. Сургуулийн жижүүр, эргэн тойронд байсан сурагчдаас асууж сурагласаар, нөгөө юмаа алдсан хохирогчтойгоо зууралдсаар байтал гэмт этгээдийн ул мөрийг аль хэдийн баллаад өнгөрчээ. «Эвдэрч хэмхэрсэн сандал ширээ болсон өрөө тасалгаа, элдэв бусын гэмт этгээдүүдтэй зэрэгцэн цагдаагийн газарт мэдүүлэг өгөх гэдэг үнэхээр хүндрэлтэй юм» гэсээр хохирогч цагдаагийн хаалгыг хаасан аж. «Эцэстээ ингээд л дуусах байх даа» гэсэн цагдаа нарын үл хэрэгссэн тоомжиргүй харц, хийж байгаа ажилдаа хандаж байгаа хариуцлагагүй үйлдлүүд нь өнөөгийн хулгайч нарыг давраадаг гэхэд хилсдэхгүй. Онц ноцтой хүн амины хэрэг, эрх мэдэл бүхий хүмүүст бол харин шал өөр хандана гээч.
Тэд хэзээ хаана, хэний өмнө хэрхэн ямар ааш зан гаргахаа дэндүү сайн мэддэг. Ганц бие, ядарсан эмэгтэйчүүдийг бол чилээн залхааж, хэд дахин асуусан асуултаа давтсаар…
Энэ мэтээр аргаа барсан хохирогч иргэдийг дурьдаад дуусахгүй ээ. Гэр орныг нь тонон дээрэмдээд баригдсан хэдий ч «Хоосон надаас юуг нь авах юм бэ» гээд «тэр орон шорондоо хийвэл чиг хий» гэсэн шиг аягладаг хулгайч нар Монголын шоронд дүүрэн. Тэд аль хэдийн хууль цаазын онгорхой цоорхойг андахгүй судлаж мэдсэнээр хийсэн хэргийнхээ гэм бурууг хэрхэн зувчуулахаа ч андахгүй болж дээ, чааваас. Гэтэл жирийн ард иргэд эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд нөхөшгүй хохирол амсан хохирсоор л…
Мөн түүнчлэн хулгайд эд зүйлээ алдах, дээрэмдүүлэх, бусдад зодуулан хүнд, хөнгөн гэмтэх, хүчингийн хэрэг гээд олон хэрэг шийдэгдэлгүй, цагдаагийн хаалгаа татсаар замхардаг. Хоёр жилийн өмнө болсон нэг гашуун түүхээс харахад л хохирогчийн сэтгэл санаа болон бие махбодийн хохирлыг эргэн төлүүлэх нь битгий хэл дээрээс нь дарамт шахалт үзүүлэн өнгөрөөсөн байх юм.
“Ц” гэдэг бүсгүй нэг танилынхаа хамт нэгэн байгууллагад /байгууллагын нэрийг хэлэхийг хүссэнгүй/ очин найзтай нь танилцан ганц дарс хуваан уужээ. Эрчүүд нь цагаан архи ууж, нэлээн халамцсан хойноо гэнэт бүсгүй рүү дайрч, хамаг хувцсыг нь уран тайчиж хүчирхийлэхээр дайрсан байна. Бүсгүй байдаг хүчээрээ хашгирч, жижүүр ирсэнээр энэ явдал дуусчээ. Хохирсон бүсгүй ч дүүргийнхээ цагдаагийн албанд мэдэгдэн гомдолтой байгаагаа хэлжээ. Гэтэл харин ч эсрэгээр нь бүсгүйг “Дуртайдаа л чи тэднийг дагаж очсон, яах ёстойгоо мэдсээр байж, одоо болохоор мөнгө зоос салгах гээ юү” гэсэн байдлаар асуудлыг эрс хувиргаж орхисон байна. Энэ мэтээр гэнэн томоогүй охид бүсгүйчүүдийн гэнэхэн итгэл сэтгэлийг ашиглан гомдоох арчаагүй залуус олон байна. Иймээс охид бүсгүйчүүд маань өөрсдөө л тун чиг анхаарал болгоомжтой байж, биеэ хамгаалж явахгүй аваас насан туршдаа сэтгэлийн шархтай хоцорно шүү.

Бусдын сул дорой, хүч чадалгүй байдлыг ашиглан хуурч мэхэлсэн, хүчирхийлсэн этгээдийг шийтгэх нь битгий хэл бараг л «Цаадахтайгаа аятайхан шиг тохирох хэрэгтэй» гэх зэргээр хэлж байсан гэх бүсгүй ч байгаа юм. Үүнээс харахад гэмтэн этгээд хийгээд цагдаагийн ажилтан адилхан эр хүн болохоороо ижил хүйстэндээ тал засаад байна уу ч гэлтэй. «Уул шугамандаа бол» хууль дүрмээ баримтлан хохирч үлдсэн ард иргэдээ өмгөөлөн хамгаалж, хэн буруутан хэрцгий танхай нэгнээ буруутган шийтгэх учиртай биш бил үү.
Монгол Улсад «хүний эдлэх ёстой эрх дарх» гэдэг зүйл хоосон цаасан дээр л байдгаас бус харин амьдрал ахуйд бол огт хэрэгждэггүй. Хүмүүс бие биенээ ч хүнлэг ёсоор хайрлаж хандахаа ч больсон мэт.

Уг нь хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн этгээдийн хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх талаар тусгайлсан тунхаглал, зарчим, удирдамжийг НҮБ-аас батлан гаргасан нь эдүгээ олон улсад мөрдөгддөг үндсэн стандарт, хэм хэмжээ болдог билээ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ» хэмээн тодорхойлсон бол харин үндсэн эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөн этгээдийг орхигдуулж орхижээ. Энэ нь хуульд зааснаас бусад хэлбэрээр эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн этгээд эрхээ сэргээлгэж, хохирлоо төлүүлэх боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа юм. Иймээс л иргэн хүний сэтгэл зүй, цаг хугацааг барсан үйлдэлдээ хэзээ ч хариуцлага хүлээдэггүй бөгөөд нэгэнт хуульд заасан заалт байхгүй гэдгээ ч мэддэгээс ажилдаа хайнга ханддаг гэлтэй.
«Миний цагдаа намайг хамгаална», “Манай цагдаа сайн шүү”, гэмт хэрэг зөрчлийг гаргуун илрүүлдэг гэж олон нийтэд сурталчлан, илрүүлсэн хэргээ олон нийтийн хэрэгслээр хэнэггүй ярих, сурталчлах нь үнэндээ ичмээр… Тэд ямар хэргийг илтэд сайн анхаарч хөөцөлдөж байна вэ гэвэл анхаарал татсан, албан тушаал, эрх мэдэлтэй хүнд л өр зөөлөн сэтгэлээс хандаж байгаа юм. Харин жирийн аавын хүү, ээжийн охин бол энэ хаалгад огт хамаарахгүй, хажуугаар нь өнгөрдөг.

Манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар «зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, ял шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш л хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал тавигддаг» учраас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийн цаана олон зуун иргэд хохирч, зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө сэргээлгэж чадаагүй хоцорч байгаа билээ. Хохирлыг бүрэн барагдуулах нь хохирлоо нөхөн төлүүлэх эрх хангагдах үндсэн нөхцөл мөн бөгөөд НҮБ-ын зарчмуудад нөхөн төлбөр нь хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн хэр хэмжээ, учруулсан хор уршигт дүйцэхүйц байх ёстой. Хохирогчийн бие махбод, сэтгэл санаа, зан суртахуунд учирсан хохирол, ажил хөдөлмөр, сургууль боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ зэрэг алдагдсан нөхцөл, бодит болон бий болох орлого, хууль зүй, сэтгэл зүй, эмнэлэг, нийгмийн үйлчилгээний зардлыг бүрэн гүйцэд барагдуулахаар олон улсын эрх зүйн баримт бичигт заасан байдаг.

Харин манайд хохирогчид зөвхөн бодитойгоор учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульчилж, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн таатай орчин бүрдээгүй байгаа. Шүүхийн практикт хүний амь нас, сэтгэл санааны хохирлын талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог төдийгүй амь насаа алдсан хүнийг оршуулах шашны зан үйлийн зардлыг шууд зардал биш гэж үзэн хасдаг аж.
Цагдаагийн байгууллага гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эд хөрөнгөд учирсан хохирол, нас барсан, гэмтсэн хүний тоо гэсэн 3 үзүүлэлтээр, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээний хамт тооцож гаргадаг байна.

Тухайлбал, 2007 оны эхний 11 сард гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад 25,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 525,3 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилж, хохирлын 11,8 хувийг нөхөн төлүүлсэн тухай ЦЕГ-ын даргын илтгэлд тэмдэглэгдсэн байна. Эдгээр тоо баримтаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийг илрүүлэх, гэм бурууг нотлоход голлон анхаарч, хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг орхигдуулж байгаа нь илт харагдаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох нь хохирогч, холбогдогчийн аль алины эрх ашигтай холбоотой юм. «Судалгаанаас үзэхэд эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа хэлбэрийн төдий хийгдэж байгаа нь харагддаг» гэж хуульчид хүртэл баталдаг.
Өнөөдрийн байдлаар хохирогчийн эрхийг хамгаалах, түүнд учирсан хохирлыг барагдуулах хамгийн хариуцлагатай үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд уг ажиллагааны эрх зүйн орчин нь нэлээд өөрчлөгджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээгээр «2006 онд 3316 төлбөр төлөгч 1757 533 300 төгрөг төлөх ёстойгоос 42,5 хувийг нь бодитойгоор биелүүлсэн» гэсэн дүн мэдээ гарчээ. Эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажил төрөлгүй, орлогын эх үндэсгүй, төлбөрийн чадваргүй хүмүүс байдгаас гүйцэтгэх хуудсыг ихэвчлэн хорих анги руу нь шилжүүлэхээс өөр арга байдаггүй гэнэ.
Харин хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд ялыг нь хугацаанаас нь өмнө тэнсэн суллах журмыг бий болгосноор хохирол нөхөн төлүүлэхэд үр дүнгээ өгч байгаа боловч энэ нь зөвхөн төлбөрийн чадвартай ялтнуудын хувьд л хэрэгжиж байгаа аж. Харин төлбөрийн чадваргүй ялтан учруулсан хохирлоо төлөх бараг боломжгүй байна. Хорих ял эдэлж байгаа хоригдлуудын хохирол нөхөн төлөлт дунджаар 22 орчим хувьтай байгаа аж.
Тэгэхээр гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх нь зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүрэг мэт хандлагыг өөрчилж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд хохирогчийн эрхийг хамгаалах, хохирол төлүүлэхэд онцгой анхаарч, нуугдмал хөрөнгийг илрүүлэх, илрүүлсэн хөрөнгийг хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлиййн байгууллагад хүлээлгэн өгөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа аж.


Манай сайт таалагдаж байвал Like дарна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.