Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ

32611b5f347e617092b6da54baa794c6Олон нийтийн сүлжээг ашиглан сүрдүүлсэн, дарамталсан, хүчирхийлсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад олон ирэх болжээ. Facebook хуудсаараа хэн нэгэнтэй холбогдож, харилцаа тогтоодог, үүнээсээ болж хохирогч болох тохиолдол ихэссэн байна.

Өөрөөр хэлбэл, Монголд шинэ төрлийн гэгдэж байсан секс сүрдүүлгийн гэмт хэрэг аль хэдийнэ дэлгэрчихжээ. Цахим хуудастаа хувийн мэдээллээ дэлгэдэг, хаана яваагаа зарладаг нь гэмт хэрэгтнүүдэд хөнгөхөн олз болчихдог аж. Он гарсаар Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст секс сүрдүүлгийн шинжтэй 15 хэргийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид нь шилжилтийн насны охид, залуу бүсгүйчүүд байдаг гэнэ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс цахим гэмт хэргийн шинжтэй үйл явдлыг тоймлон хүргэж байна. Эл хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн секс сүрдүүлэгт өртсөн, дарамтлуулсан олон эмэгтэй бидэнтэй холбогдсон юм. Шалгуулж байгаа иргэний гэм бурууг шүүх тогтоогоогүй байгаа учраас цахим гэмт хэргийн шинжтэй гэж онцоллоо.

ОХИД, БҮСГҮЙЧҮҮД РҮҮ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬСНААР ХОЛБОО ТОГТООДОГ

Сэжигтэн Ө facebook-т хоёр, гурван хаягтай. Мөн эрхэлсэн ажил, бизнестэй нэгэн. Тэрбээр арав гаруй жил гэрэл зурагчнаар ажиллаж буй. Өөрийгөө “Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч”, “Хэвлэл мэдээлэл, гэрэл зургийн Asmo press компанийн захирал”, “Ардын язгуур урлагийн чуулгын дарга”, “Сайдын зөвлөх” гэж танилцуулдаг байжээ. Мөн “World Global Network” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг хариуцдаг гэх аж.

Манай сонинд мэдээлэл өгсөн хүмүүсийн ярьснаар 2006, 2007 оны үед Төв шуудангийн ойролцоох гэрэл зургийн газарт ажилладаг. Тэнд ажиллаж байхдаа зураг авахуулахаар ирсэн бүсгүйчүүдэд нүцгэн зургаа авахуулахыг санал болгодог, үгүй гэвэл элдвээр зүхдэг байсан гэнэ. Хүмүүс facebook ашиглаж эхлэх үеэс залуу бүсгүйчүүд рүү хандаж, хамтран ажиллах санал тавьдаг болжээ. Түүний охид, эмэгтэйчүүд рүү хандаж бичсэн захидлыг уншихад эхэндээ энгийн л бизнесийн санал мэт харагдана. Харин захидалд нь хариу бичсэнээс хойших нь дотно харилцаа тогтоох, од болгож өгөх зэрэг амлалтууд хөврөх юм. Тэр амлалтад нь итгэж уулзсан бүсгүйчүүд дарамт, хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан.

Тэрбээр охид бүсгүйчүүд рүү “Сайн байна уу. Дэлхийн гайхамшиг болж байгаа манай компанийн гайхамшигт шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай. Холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтран ажиллах санал тавьж байна. Холбогдох дугаараа үлдээгээрэй”, “Сайн уу. Найзаар бүртгэж байгаад миний facebook-ийн бүх зургуудыг үзээрэй. Өөрт чинь хэрэгтэй маш гоё саналуудыг тавьж байна аа. Тодруулах зүйл байвал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэж захидал бичдэг. Улмаар 9911…. дугаараа үлдээдэг байна. Мөн “World Global Network” компанийн борлуулдаг гэх хоёр сим карттай гар утасны талаарх мэдээллийг явуулдаг. Өөрийнх нь санал болгосон хаяг руу хандахад өнөөх гар утасны мэдээллээс гадна модель болов уу гэмээр маш олон охидын зураг байдаг. Нэгэн эмэгтэй “Санал болгосон хаягаар нь ороход нүцгэн зургаа хүртэл тавьчихсан байсан. Эвгүй санагдаад facebook-т найз байхаа больсон” гэсэн юм.

“ОДГЭРЭЛ МИНИЙ ШАВЬ. ТҮҮН ШИГ ОД БОЛГОЖ ӨГНӨ”

Хамтарч ажиллах санал нь юу болохыг сонирхож, захидалд нь хариу бичсэн охид, бүсгүйчүүдэд “Би гэрэл зурагчин. Топ модель Одгэрэл миний шавь. Ах нь чамайг тэд нар шиг од болгоод өгнө. Чиний царай төрх яг од болоход тохирно” гэх мэтээр санал тавьдаг аж. Ингэж захидлаар харилцаж байгаад гар утасных нь дугаарыг авдаг. Дараа нь утсаар ярьж ажил дээрээ урьдаг аж. Гэрэл зургийн студид нь очиход яалт ч үгүй зургийг нь авдаг, гоё гарвал сэтгүүл дээр гаргаж өгнө хэмээн амладаг гэнэ. Фото модель болгохын тулд биеийн галбирыг харуулна хэмээн хувцсыг нь тайлуулж, дараа нь нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн эрхшээлдээ оруулдаг талаар хохирогчид мэдүүлжээ.

Ө-тэй холбогдож, хохирогч болсон гэх бүсгүй олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл тавьжээ. Тэрбээр “Би одоо 20 настай. Одоогоос гурван жилийн өмнө бусад охидын л адил загвар өмсөгч болно гэсэн цагаахан мөрөөдөлтэй байсан. Гэтэл нэг өдөр гэрэл зургийн студийн захирал ах намайг элдвээр магтаж, миний гэгээхэн хүслийг минь гэрэлтүүлэх шиг л санал тавьсан. Монголын бүх топ моделийг амжилтад хүргэсэн гэх ярианд итгэж саналыг нь хүлээн авсан юм. Ажил дээр нь очтол, жижиг харанхуй хүйтэн нэг л тийм сонин өрөөнд орж хаалгаа түгжсэн. Зураг дарах талаар ярилцаж “Гоё гарвал сэтгүүлд тавина” гэх яриагаа итгүүлж чадсан. Би эхлээд хувцастайгаа зургаа даруулж байсан. “Миний дүү жаахан нимгэл” гэж дээгүүрх цамыг минь тайлуулж, эцэст нь бүх хувцсаа тайлахыг шаардсан. “Уучлаарай би тэгмээргүй байна” гэхэд “Яаж чи модел болох гэж байгаа юм бэ”? гэж загнаж, хайран цаг зав гэх яриагаараа ятгаж, бүтэн нүцгэн зургийг минь хүчээр шахуу дарсан. Хэсэг дарсны дараа, биеийн нууц хэсгүүдэд хүрч эхэлсэн. Тэгснээ гэнэт шууд “Хайраа” гэж дуудахад хэрэг бишдэж байгааг ойлгож хувцсаа өмсөх гэтэл, жижиг буйдан руу чирж, 17-хон настай намайг хүчиндсэн. Энэ үйлдлийг би мартахыг хичээсэн, гараад цагдаад хандвал дурандаа чи очсон гэж загнуулах гэхээс айж, хэнд ч хэлэхгүйгээр шийдсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, тэр дурсамж үнэхээр эмэгтэй хүний зүрх сэтгэлд маш муухай айдсыг мэдрүүлдэг. Би нүдээ аньж нүүрээ угааж чаддаггүй, харанхуй орцоор орж чаддаггүй. Урьд нь би ийм байгаагүй одоо маш аймхай, эрэгтэй хүнийг зүрх сэтгэлдээ маш муухайгаар хардаг болсон. Бүх эрчүүд ийм биш л байх. Цаг хугацаа өнгөрөхөд нөгөө ах “Чи надтай ирж … .Тэгэхгүй бол нүцгэн зургийг чинь сайтуудаар тараана” гэж айлгадаг байсан. Надтай адил яг ийм зовлонтой олон эмэгтэй байгаа гэж би бодож байна. Намайг очиход, тэр ахын РС дээр маш олон охины шалдан зураг байсан” гэжээ.

Ё.Лхагвасүрэн: СЕКС СҮРДҮҮЛГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ НЬ ШАЛГАЖ БАЙГАА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Гэрэл зурагчин Ө-тэй холбогдож, зургаа авахуулаад хохирогч болсон гэх эмэгтэй олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьсан байсан. Түүний бичсэн зүйлд айлган сүрдүүлсэн, хүчирхийлсэн байж болох мэдээлэл байсан учраас Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ө-г шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад секс сүрдүүлгийн шинжтэй баримт олдсон учраас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн” гэлээ. Гэрэл зурагчин Ө-ийн сүрдүүлэгт өртсөн гэх гурван эмэгтэй цагдаагийн байгууллагад ханджээ. Тэдний нэг нь насанд хүрээгүй охин аж. Мөн гэр бүлийнхнээсээ нууж байсан, хамт олноосоо ичсэн гэх мэт шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаагүй олон хохирогч байгааг эх сурвалж мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад дээрх охид, бүсгүйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байгаа гэнэ.

Ц.ӨРНӨХ



Фэйсбүүкээр танилцаж, од болгох нэрийдлээр секс сүрдүүлэг хийдэг болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.