Н.Батцэцэг: Хүмүүний аз жаргал хорвоогийн жижигхэн мухарт нуугдаж байдаг

н. батцэцэгГавьяат жүжигчин Н.Батцэцэгтэй уулзаж ярилцахаас өмнө залуу нас гэгчийг задгай мөнгө адил халаасны мухарт үнгэгдэж явсаар үрэгдэж дуусдаг гэж ойлгодог байв. “Би завгүй гүйж, хийж бүтээж буйдаа сэтгэл ханаж, түүгээрээ өөрөө өөрийгөө сэргээж, нөхөж явдаг. Ядаж л ой ухаанаа хөгшрүүлчихгүйн тулд завгүй амьдрах хэрэгтэй” гэх түүнийг харсан хэн ч нас гэдэг зүгээр л тоо гэдэгтэй эрхгүй санал нийлнэ. Нүүр үрчлээтэв ч зүрх сэтгэл үрчлээтдэггүйн учир залуу нас гэгч үрэгдэж барагдаж дуусдаггүй зүрх сэтгэлд, хүний мөн чанарт оршдог аж. “Суварган цэнхэр уулс”, “Жинжиймаа” зэрэг 20 гаруй кино уран бүтээлээр үзэгч түмний танил болсон түүнтэй завгүй өнгөрүүлсэн амьдрал, залуу нас мөн кино урлагийн тухай ярилцсанаа хүргэе.

-Таныг Монголд кино урлаг үүсч хөгжсөн түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлаар зав муутай гүйж явааг дууллаа. Энэ тухай яриагаа эхлүүлье гэж бодож байна?
-Тийм ээ, Баянчандмань руу зураг авалтаар явах зам зуураа чамтай уулзаж ярилцаад гаръя гэж бодлоо. Энэ жил Монгол Улсад кино урлагийн салбар үүсч хөгжсөн түүхэн тэгш ой тохиож байна. Ойн хүрээнд ирэх ням гараг буюу энэ сарын 11-нд Монгол кино нэгтгэлээс нээлттэй өдөрлөг хийх гэж байгаа юм. Энэ бол Монгол кино нэгтгэлийн захиргаанаас явуулж буй дэс дараатай арга хэмжээний нэг. Энэ хүрээнд өнгөрсөн 80 жилд үндэсний кино урлаг ямар сан хөмрөг бүрдүүлж, хэчнээн уран бүтээл үзэгч олонд хүргэв мөн ямар ямар техник, аппарат, эд зүйлсийн тусламжтай кино уран бүтээл бий болдгийг харуулах зорилготой. Машин л гэхэд зөвхөн хүн, ачаа тээвэрлэдэг зүйл биш. Кинонд гарч буй цаг үеийг, ард иргэдийн ахуй амьдрал, өнгө төрхийг илэрхийлнэ. Жишээ нь, “Зис-110”, “Газ-53” зэрэг хуучны машины түлхүүр хаа нэг хүний гарт байхаас ихэнх нь манай кино үйлдвэрийн гаражид бий. Бид жүжигчин машин гэж нэрлэдэг юм. Тэгэхээр энэ бүх зүйлийг үзэгч олонд дэлгэн харуулна гэдэг тэр бүр тохиохгүй зүйл. Энэ өдөрлөгт Ардын жүжигчин Сувд, Цэрэндагва, Мэндбаяр, Төмөрбаатар, Тунгалаг, “Хөх чоно”-ын Дамдин гээд Монголын кино урлагийн салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцоно.

-Тэгэхээр 80 жилийн түүхтэй кино үйлдвэрийн үүд хаалга үзэгч олонд нэг өдөр нээлттэй болох нь?
-Тийм, үзэгчид монгол кинонуудаа цээжээр шахуу мэддэг хэр нь дэлгэцийн ард ямар баг хамт олон ажиллаж, ямар үйл ажиллагаа өрнөж байдгийг тэр бүр мэддэггүй. Тийм болохоор бид дуу оруулдаг заал, зураг авдаг павильон, оркестр бичдэг тавдугаар заалаа ч гэдэг юм уу энэ бүхнийг харуулах юм. Ер нь, кино үйлдвэрийн тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, техник хэрэгсэл гэж ямар зүйлс байдгийг хүмүүст үзүүлэх зорилготой. Түүнчлэн, 11-ний өдөрлөгийн дараа ойн эрдэм шинжилгээний хурал болно. Энэ хуралд кино судлаач, найруулагч, уран бүтээлчид, эрдэмтэн багш нар оролцож өнөөгийн кино урлагийн чиг хандлага, анхаарах ёстой асуудал зэргийг хөндөнө. Дараа нь, арванхоёрдугаар сарын 5-ны өдөр нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөөд байна. Энэ тоглолтод ард түмний дунд түгэж, сэтгэлд нь хоногшсон киноны дуунууд дуулагдана.

-Ойн хүрээнд олны хүртээл болж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч буй ажил бол “Гайхамшигт дэлгэц”. Эл ажлын ард маш том баг ажиллаж байгаа байх. Анх санаачлан хэрэгжүүлэх болсон тухай сонирхвол?
-Кино нэгтгэлийн дарга Солонго бид хэд нэг үеийн уран бүтээлчид. Тиймдээ ч тэгш ой тохиож буй учир ач холбогдол өгч олон ажил амжуулах ёстой гэж ярилцаж, санаа нийлсэн. Улмаар, “Гайхамшигт дэлгэц” гэгч цувралыг хийх болж 80 жилээ тав юм уу арван жилээр нь үечлэн тухайн цаг үед хийгдсэн шилмэл кинонуудаас дээжлье, хажуугаар нь үүх түүхээ хүмүүст хүргэе гэж тохирсон. Түүхийн асуудлыг дангаар нь хүмүүст хүргэнэ гэдэг нэг талаар уйтгартай. Тиймээс тодорхой цаг хугацаанд үзэгчдэд хүрсэн шилдэг кинонуудаар дамжуулж тухайн цаг үеийнх кино урлагийн түүхийг хүргэж буй хэрэг. Жишээ нь, “Цогттайж” кинонд Цогзолмаа гуайг урьж, өөртэй нь төстэй охин олж тоглуулсан. Үзэгчид одоо ч уйдаагүй “Аман хуур” киноны Соном өвгөнийх нүүдэг хэсэгт яг тийм машин олж, Бадамгарав гуайн дүрд Ундармаа, өвгөнийх нь дүрд Хүрэлхүү нарын жүжигчин тоглосон. Жүжигчид нь төстэй байхаас гадна кадр, план планаар нь яг ижил өнцөг, гэрэл сүүдрээр зураг авсан. Ер нь л бүх л юмыг яв цав хийж, хуучин киноны хэсэгтэй сөөлжилж гаргасан нь хүмүүст их хүрсэн юм билээ.

-“Гайхамшигт дэлгэц”-ийг үзээд шинэ юм гэж удаан мартагдсан хуучин юмыг хэлдэгтэй санал нийлсэн л дээ. Наанадаж л “Сэрэлт”-ийн орос эмчийн дүрд УИХ-ын Гишүүн С.Оюун тоглосон?
-Тийм, Оюун гишүүн улс төрийн хүрээний хүн мөн маш завгүй нэгэн. Тиймдээ ч кинонд тоглох санал тавихад эргэлзэж байгаагаа хэлсэн. Гэлээ ч Солонго захирал “Ээжийнхээ дүрд тоглох ийм боломж тэр бүр тохиохгүй. Хожим үр хүүхдүүдэд чинь ч үлдэхийг нь бодоорой” гэсэнд зураг авалтад орсон. Энэ нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон болов уу.

-Одоогоор хэчнээн киноны хэсэг хийгдээд байна?
-Нэг удаагийн дугаарт 4-5 уран бүтээл багтааж байгаа гээд бодохоор 20 орчим кино үзэгчдэд хүрч. Энэ хүрээд дуусахгүй, цаана нь төлөвлөсөн хэдэн кино бий. Энэ дашрамд бидэнтэй нягт уялдаа холбоотой ажилладаг хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд талархсанаа илэрхийлье. Манай “Гайхамшигт дэлгэц”-ийг хэд хэдэн телевиз дамжуулж байна. Мөн сонин, сэтгүүлүүд ч үзэгчдэд хүргэж байна шүү дээ.

-Сүүлийн үед улс орнууд кино урлагт их анхаардаг болж. Нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх, улс орны гадаад бодлогыг агуулсан байх жишээтэй. Жишээ нь, Орост жилд найман киног төрөөс санхүүжүүлдэг тухай дуулсан юм?
-Би л хувьдаа Монголын кино урлагийн ирээдүйд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэж үздэг. Нийгэм солигдсоноос хойш кино урлаг, киночид биеэ дааж өдий хүрлээ. Маш олон хувийн студи, продакшнууд бий болж, шинэ залуу уран бүтээлчид эрсдэл ихтэй энэ салбарт зориглон хөл тавьж байна. Эдгээр залуус зохиолоо бичихээс аваад үзэгчдэд хүрэх хүртэлх маркетинг менежмент гээд бүх ажлыг өөрсдөө хийж байна. Гэвч энэ нь эрсдэл ихтэй. Манай “Монголжин” студи ч ийм зарчмаар л ажиллаж байна. Эдгээрээс ихэнх нь зарлагаа нөхөж чадалгүй үлдэх нь бий. Тиймээс л киног бодлогоор, төрөөс тодорхой хэмжээнд санхүүжүүлдэг байх хэрэгтэй.

-Тийм цаг үе ч ирсэн гэж ойлгодог?
-Тийм шүү, кино гэдэг нийгэмд маш их нөлөөтэй, шууд тусгал нь гэж хэлж болох салбар. Өнөөдөр кино театрын ихэнх суудлыг хүүхэд залуус дүүргэж байна. Тиймдээ ч тухайн уран бүтээлийн үр дагавраас аваад үг хэллэг, өрнөл зэрэг нь тодорхой босготой баймаар санагддаг. Шинэ кино гарлаа гээд хүүхдээ дагуулаад театр ордог дэлгэц дүүрэн цус нөж, алаан хядаан болж болж дуусдаг. Элдэв гаж сонин үг хэллэг эсвэл садар самууны шинжтэй зүйлс гарах нь ч бий. Энэ бүхэн мэдээлэл харилцаа өндөр хөгжсөн өнөө үед хүүхэд залууст шууд тусах нь их. Гэвч хөрөнгө зарж хийсэн уран бүтээлийг буруутгах аргагүй. Тиймээс бодлого бас дэмжлэг хэрэгтэй гээд байгаа юм.

-Үнэнийг хэлэхэд өнөөгийн кино урлагийн хөгжил, ногдох ачааны ихэнхийг эл студи, продакшнууд үүрч яваа гэж бодож байна?
-Тийм ээ, санал нэг байна. Үнэхээр уран бүтээл хийе гэсэн залуус байна. Тэдний жаахан гал дөлийг нь нэмээд, дороос нь жаахан түлээ түлш нэмж асаагаад, түлхээд өгвөл энэ хүүхдүүд их юманд хүрэх боломжтой. Гэвч эдийн засаг доройтно, хүмүүс кино үзэхтэй манатай болоод ирмэгц нэг шаталтан дээрээ зүрх нь үхнэ, цаашдаа кино хийх хэцүү юм гэсэн бодолтой үлдэнэ. Ийм үед нь л дэмжлэг хэрэгтэй.

-Энэ тухай ярихад Монголд киноны зах зээл байхгүй гэдэг. Таны бодлоор?
-Улс орон хэцүү үед хүмүүс үзвэр үйлчилгээ гэх мэт хоёр дахь хэрэглээнд мөнгө зарах нь ховор. Талх тариагаа авч, байр сууцныхаа мөнгийг төлж байж дараа нь бусад хэрэгцээнд мөнгө зарна. Тиймээс эдийн засагтай шууд хамааралтай уналт, доройтол манай салбарт бий.

-Яахав, цагийн шалгуураар энэ салбарт үлдэх нь үлдэж илүү чанаржихын зэрэгцээ зах зээл ч өргөжих биз?
-Хуучин цагт жилд долоон кино улсаас санхүүжүүлдэг, тэр хэрээр кино ч тэр дүрүүдээ ч тэр өндөр шалгуураар шүүдэг байж. Тиймдээ ч уран бүтээл маш чанартай гардаг байлаа. Хуучны кинонууд яагаад ийм амь бөхтэй, үзэгчдийг одоо ч уйдаахгүй байна гэхээр цаанаас хяналттай, тодорхой хэмжээнд бодлоготой, халамжтай ч байж.

-Бид анх адал явдалт эсвэл инээдмийн кино илүүтэй барьж авдаг байсан бол одоо телевизийн цувралууд хийж эхэллээ. Мөн сэтгэлгээний, нийгэм нийтэд хандсан, хөшигний цаад асуудлыг сэдэв болгосон уран бүтээлүүд гарч байна. Түүнчлэн, гадны дэлгэцээр гарч, фестивальд хүч үзэх нь ч байна?
-Энэ салбарт нэлээн туршлагажсан, өндөр хэмжээнд мэргэшсэн хүмүүсийн кино гайгүй сайн яваад байна. Мөн хэл устай нэгний холбоо сүлбээ сайн байна. Тиймээс кино уран бүтээлчид үүнийг илүү анзаарах, анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Гадны уран бүтээлд үнэхээр монгол жүжигчин тоглох шаардлага гарахад хэл хамгийн чухал асуудал шүү. Дэлхийн гэж тодотгох болсон ганц нэг хэлийг гадарладаг тийм уран бүтээлчдийг сургуульд бэлдмээр байна. Түүнчлэн, манай киноныхон авьяастай байна. Харамсалтай нь олон улсын хэмжээнд тавигддаг техникийн шаардлага, үзүүлэлтэд хараахан хүрч чадахгүй байх шиг. Техник гэдэг хувь хүний халааснаас мөнгө гаргаад авчихдаг юм биш, тиймээс зураг авалтад хэрэгтэй аппарат, гэрэл гэгээ, зам, телешки зэргээр дээрээс дэмнэх ёстой болов уу. Үүний дараа Монгол гэдэг нэрээр овоглох кино уран бүтээл нөгөө дэлхий дахины дэлгэцээр хүрч, нэр нь тодрох болов уу. Орчин үеийн шаардлага ийм л байна.

-Таныг багадаа орчуулагч эсвэл жүжигчин болно гэж мөрөөддөг, тэр мөрөөдөлдөө ч хүрсэн гэж сонссон. Уншигчид, орос хэлний орчуулагч гэдгээр тань тэр бүр мэдэхгүй байх?
-Хүүхэд багын хүсэл мөрөөдөл байлаа. Гэхдээ яагаад ч юм би орчуулагчийн хуваарь авчихсан юм. Тухайн үед жүжигчин болно гэхэд өөрөө ч зүрх хүрээгүй тал бий. Гэхдээ  хувь заяа миний зүрх хүрээгүй юмыг “Чи жаахан зоригтой бай” гээд надад өгчихсөн санагддаг. Энэ миний хувьд алдаж болохгүй боломж байсан, би ч алдаагүй. Одоо эргээд бодоход өөрийн хүсэл сонирхлоор өдий хүртэл ажиллаж, амьдарч ирсэндээ сэтгэл хангалуун байдаг. Ер нь, хүн өөрийн зорьсон юм руу зүтгэх л хэрэгтэй. Нэг зорьсон бол буцах сонголтгүй. Яахав, залуу насанд няцах үе байдаг. Гэвч өөрийн зүрх сэтгэлийн дуудлагыг дагаж чадсан хүний сэтгэл баяр жаргалтай байдгийг энэ биеэрээ мэдэрч явна даа.

-Орчуулагч болоод ч тэр үү Америкт байхдаа хийж байсан “Үгүйлэн санана” нэвтрүүлгийн тань эхлэл, оршлын эх, текст анхаарал татсан л даа. Тэгээд шүлэг яруу найраг сонирхдог, оролддог болов уу гэж бодсон?
-Баярлалаа. Үүнийг манай нөхөр Машбат бичдэг юм. Машка маань бичиж нэвтрүүлэг бүрийн толгойд би уншдаг. Харьд суугаа бүх монголчуудын сэтгэл зүрх нутаг руугаа л тэмүүлж байдаг. Хүн залуу байхдаа сайхан амьдрал, үзэж хараагүй алсын улс гүрэн, өөр зүйл мөрөөддөг. Улмаар явж үзээд нас нь ч ахиад ирэхээр хүний аз жаргал гэдэг хорвоогийн нэг жаахаан буланд, хайртай улсуудынх нь дэргэд, сэтгэлд дотно тэр харгуй жимээр алхаж явах л баяр баясгалан юм байна гэж ухаардаг. Тэр цагт айхтар орд харш, машин тэрэг хэрэггүй. Өөрт нь гэрэл гэгээ бэлэглэдэг хүмүүс, өсч төрсөн нутаг, хорвоогийн жижигхээн булан болж таарна. Тэндээ л шигдэж суухыг хүсдэг. Тиймээс л “Эрдэнийн зургаас үсгээр эхэлдэг Монгол гэж орон…” гэж нэвтрүүлэг эхэлдэг. Энэ бол гадна сууж буй, өөрсдийнхөө сэтгэл зүрхийг таньж мэдсэн хүмүүсийн зүрхний үг гэж болно.

-Таны хувьд арваад жил болсон байх?
-Тийм.

-Энэ хугацаанд магадгүй хорвоогийн жижигхэн буланд нуугдсан аз жаргалаа таньж, олсон байх?
-Би залуудаа Польш, Германд хэд хэдэн жил ажиллаж, амьдарч байлаа. Тухайн үед надад ингэж бодогддоггүй байсан, энэ бас настай холбоотой. Залуу байхад хүн гоё ганган унаа унштай, давхар давхар байшинтай, элбэг хангалуун, эд мөнгөтэй явахыг жаргал гэж сэтгэдэг. Гэвч нас нь ахиад ирэхээр хэдий гоё сайхан байвч нэг л юмаар дутдаг, тэр нь эх орон. Угтаа эх орон гэдэг гаднах өнгөөрөө бус тэр нэг үл үзэгдэх мөн чанараараа бидний сэтгэлд уяатай явдаг байх. Үүнийг л таньж мэдсэн хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар нутгаа гэдэг. Нөгөө, хүн өтлөхөөрөө нутгаа, тураг өтлөхөөрөө уулаа гэдэг шиг л.

-Энэ сэдвээр ярьсных, агтны бийд газар үз гэдэг. Одоо ч цахим ертөнцөд Монголд байгаа монголчууд, харьд байгаа монголчууд гэсэн ойлголт олныг хоёр талцуулсан хэвээр. Хүмүүс сэтгэгдэл хэсэгт “Наадуул чинь ясаа тавих гээд ирнэ дээ” гэхчлэн хатуу үгс үлдээдэг?
-Гадаадад байгаа, дотооддоо үлдсэн гэж хүнийг ялгаж үзэх ямар ч хэрэг байхгүй. Гадаадад буй хүнийг эх орноосоо урвасан гэж яллах нь оюуны хоцрогдолд орсон хүний үг. Ер нь бол цөөхөн монгол хэдэн биенээ зааглаж ялгаад юу олж долооно гэж. Дашбалбар агсны хэлсэнээр бид нэг амьдралаар амьдарч, нэг агаараас амьсгалж байна. Тэр хүмүүс сурч мэдсэн юмаа эргээд эх орондоо аваад л ирнэ. Тэд хөлсөө дуслуулж олсон доллараа гэр бүлдээ явуулна, тэнд сурч боловсорсон нь энд ирээд эх орон, эдийн засгаа авч явна. Магадгүй тэр хүмүүсийн оруулж буй хөрөнгөөр энд өчнөөн олон хүүхэд сургуульд сурч, өчнөөн хүн байртай болж байгаа.

-Америкт байх хугацаандаа уран бүтээл завсардсан байх?
-Кино уран бүтээл л гэхээс цуврал нэвтрүүлгээ Америкийг хөндлөн гулд туулж хийж явсан. Монголчууд их суурьшсан Вашингтон, Нью-Йорк, Чикаго, Денвер, Сан Франциско, Сакрамэнто, Лос Анжелос зүүнээс баруун эрэг хүртэл явж сурвалжлага хийсэн. Тэнд бидэнд кино хийх ямар ч боломж байсангүй. Харин ч бид нэвтрүүлэг хийсэн нь харьд буй монголчуудаа энд буй эцэг эх, элгэн садантай нь холбосон гүүр болсон гэж хийсэн ажилдаа баяртай явдаг.

-Гүүрээр барахгүй нэвтрүүлэг болсон шүү?
-Яахав, хүн хүний төлөө сайн сайхан юм хийчихээр зэрэг өөрөө тэрэндээ сэтгэлээрээ жаргаж явдаг. Энэ л надад сайхан санагддаг даа.

-Таныг залуудаа юм юм хийж явсан тухай дуулсан. Жүжигчний ажил мэргэжлээ хэсэг орхих болсон шалтгааныг сонирхвол?
-Би 1979 онд буюу  их сургууль төгсөөд л кино үйлдвэрт орсон юм. Явсаар зах зээл эхэлж кино үйлдвэр жүжигчингүй болов оо. Тэгэхтэй зэрэг хүн талхаа олж идэхийн тулд чадах зүйлээ хийнэ биз. Тухайн үед урлагийн бидэнд амьдар, амьдрахын тулд шинэ юм сур гэсэн ганц л сонголт гарч ирсэн. Сурахгүй бол амьдралын салхи шуурганд алгадуулаад нэг газар хэвтэнэ. Тиймээс л босоогоороо үлдэхийн тулд сурах юмаа сурсан. Улмаар Польш, Герман руу гарч эхэн үедээ хувийн цирк хүртэл ажиллуулж байв. Дараа нь бид контейнерт тавилга, барилгын материал тэргүүтэй элдэв шалдав юм нааш зөөдөг байлаа. Хөлөө олох гэж нэлээн зовсон ч сүүлдээ ажилдаа гаршсан л даа. Ер нь тэгээд ямар нэг эрсдэлийг зүрх зоригтой туулж чаддаг хүн л амьдралаас авахаа авдаг. Эрсдэлээс айж байна гэдэг амьдрахаас айсантай агаар нэг. Тиймдээ ч эрсдэлээс айдаггүй хүн ямар ч нийгэмд амьдарч чаддаг. Эрсдэлийг давж чадсан хүнд амьдрал ахиухан шагнал өгдөг гэж боддог. Наадах эрсдэлийг биш ар талыг нь харж чаддаг хүн давж гарах зүрх зориг, тооцоотой л явдаг.

-80 жилийн түүхтэй Монголын кино урлагийн 40-өөд жилийн түүхийг бичилцэж яваа хүн байна шүү дээ?
-40-өөд ч биш ээ, би анхны кино Их бүрдийн домогтоо 1975 онд тоглосон гэхээр яг 40 жил болж байгаа юм байна. Тэгэхээр би Монголын кино урлагийн 40 настай байхад босгыг нь давж нэгэн дөчнийг хамт элээж байгаа гэхээр сайхан байна. Энэ хувь заяаг илгээж, энэ боломжийг олгосон бурхандаа ч юмуу тэнгэртээ баярлах нь зүйтэй.

-Хүн хийж бүтээж буй ажилдаа гаршаад, хөлөө одоод ирмэгц улам бүр шунаж, мөнгөнд дурладаг. Таныг хөлөө олчихсон байсан тэр бизнесээс тань буцааж кино урлаг руу татсан зүйл юу байв?
-Сэтгэл зүрх. Нөхөр маань ч адилхан урлагийн хүн. Манай хүн нийгэм солигдоод байсан үед надад зориулж барьсан, бэлэглэсэн байшингаа тэр хэвээр нь үлдээх хүсэлтэй байсан ч би хэлсэн л дээ “За, энэ байшинг сахиад суувал би хэзээ ч уран бүтээл хийж, хөдөө гадаа явж чадахгүй юм байна. Би хэзээнээсээ алтан дээр сандайлж төрөөгүй. Тийм учраас барилга байшин сахиж, мөнгө төгрөг арвижуулах гээд сууж чадахгүй нь ээ, тиймээс зарна. Чи кино зохиолоо бичээд хоёул уран бүтээлээрээ амьдаръя” гэхэд манай  хүн “За” л гэсэн.

-Нууц биш бол хаана байсан байшин юм бол?
-Циркийн хажуу талд, одоо Капитрон банк байдаг жижигхэн байшинг манай хүн бариулж надад бэлэглэж байсан юм. Энэ бол 2000 он. Магадгүй, урлаг соёлын зориулалттай баригдаж байсан барилгын анхных нь ч байж магадгүй. Тэгээд яахав, залуу байхад адтай ч байдаг одтой ч байдаг. Бид хоёр янз бүрийн л юм барьж авч хийж байлаа. Эцэст нь зүрх сэтгэлээ дагаж урлагтаа үнэнч үлдсэн. Одоо бид хоёр байшин барилгагүй байна гэж хэзээ ч гонсойж харуусдаггүй. Бид хоёр үнэхээр сайхан амьдрал туулсан. Нөгөө хатан хаан ч над шииг жаргахгүй гэдэг шиг тэгэж л амьдарч байна. Хөдөө гадаа явж, уран бүтээл хийж явсан минь бидний аз жаргал.

-Амьдрал богино, аар саархан зүйлд цаг бүү үр гэж үг байдаг..?
-Тэгж зарцуулах цаг зав ч алга. /инээв/

-Завгүй амьдарсан нь сүүлд бодоход аз жаргал байдаг юм уу даа?
-Тийм, хүн ер нь хором мөч бүхэнд өөрийгөө маргаашдаа зориулж байх хэрэгтэй. Би орой орондоо орохдоо эсвэл өглөө босоод хийх ажлуудаа толгой сэргэг байгаа дээр жагсаагаад биччихдэг юм. Хийгээд, амжуулаад гүйгээд байхаар ажил ар араасаа л ундраад байдаг. Жагсааж бичсэн ажлуудаа нэг нэгээр нь балаар дарж суух сайхан шүү. Тэр ажил хэр олон байгаад өдөртөө хэдийг нь амжуулж чадна оройдоо би сэтгэл их хангалуун байдаг. Өнөөдөр амжуулсан ажлын минь үр дүн маргааш надад ирэхийг мэддэг учир. Ер нь унтаад л байвал унтаад л байна. Гэхдээ унтсаныхаа шанг хүртэнэ. Бүхний ард хоцорсон хойно ажил амьдрал гээд бүх юм нь унтаагаараа хоцорно.

-Гэхдээ зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэдэг бодол хүн бүрийн толгойд явдаг байх. Насны бөгсөнд ч гэж ярьдаг. Цаг завгүй амьдралд амсхийхсэн гэдэг бодол төрнө биз?
-Би тэгж боддоггүй, тэтгэвэрт гарсан ч гэлээ хийх ажил минь дуусаагүй. Тийм болохоор би тэтгэвэрт гарсан цагаасаа өөрийгөө завгүй байлгаж байна. Би завгүй гүйж явахдаа жингээ барьж байдаг, хийж бүтээж буйдаа сэтгэл ханаж түүгээрээ өөрөө өөрийгөө сэргээж, нөхөж явдаг. Ядаж л ой ухаанаа хөгшрүүлчихгүй гэж завгүй явдаг. Одоо л гэхэд КУДС-т багшилж хүүхдүүдийн дуу шуун дунд ажиллаж байна, надад сайхан байна. Зарим хүн залуус мөрөөдлөөр, хөгшчүүд дурсамжаараа амьдардаг гэдэг. Үнэн. Гэхдээ би дурсамжаараа амьдарч байна гээд хэвтээд байж чаддаггүй. Дурсамж дурдатгалынхаа төгсгөлийг сайхан байлгамаар байна шүү дээ. Тиймдээ ч надад өөртөө таарсан хийх юм байж л байдаг.
Эх сурвалж: www.assa.mn


Н.Батцэцэг: Хүмүүний аз жаргал хорвоогийн жижигхэн мухарт нуугдаж байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex