Нийгмийн сүлжээний сайтууд хүчээ авч эхэлсэн цагаас хойш facebook дээр “Таалагдсангүй” гэдэгтэй утга дүйх товчлуурыг хэрэглэгчид хамгийн ихээр хүсэх болжээ. Ялангуяа харамсалтай, гунигтай явдал тохиолдоход “Таалагдлаа” гэх нь тохиромжгүй учраас тэр юм.
Тэгвэл компани цоо шинэ товчнуудаа танилцууллаа. “Reactions” буюу хариу үйлдэл гэх эдгээр товчнууд нь уламжлалт таалагдлаа товчноос гадна гунигтай байна, ямар гоё юм бэ, хөөх, бухимдаж байна гэх мэт сэтгэл хөдлөлийг бүгдийг илэрхийлэх аж.
- Энэхүү шинэ товчнууд хэрхэн ажиллах вэ?
Бидний одоо ашиглаж байгаа Таалагдлаа товчноос гадна өөр бусад зургаан төрлийн эможи бий. Утсан дээрээ ашиглах хэрэглэгчид таалагдлаа товч дээр удаан дарснаар шинэ сонголтууд гарч ирэх бол компьютер дээр хулганаа дээр нь аваачихад нэмэлт сонголтууд нь харагдах аж.
Харин нэг зүйлийг сануулахад эдгээр товчнууд бүгд таалагдлаа товчтой ижил үүрэгтэй учраас та нэг зурган дээр нэгийг нь л ашиглаж болно. Таалагдлаа гэж сонгочхоод, тийм ээ эсвэл хөөх гэсэн сонголтыг ашиглаж болохгүй гэсэн үг.
- Би хэзээ ашиглах вэ?
Өнөөдрөөс эхлэн Испани, Ирландын хэрэглэгчид ашиглаж болох бөгөөд харин дэлхийн бусад хэсэгт хэзээ гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ эхний туршилт хэр зэрэг амжилттай болж, хэрэглэгчид ямар хандлагатай байхаас шалтгаалан ойрын хугацаанд, эсвэл хэсэг хугацааны дараа та, бид ашиглах юм.
- Яагаад Таалагдсангүй гэдэг товч байхгүй байгаа вэ?
Түрүүн дурдсанчлан хэрэглэгчид яг ийм товчтой болохыг тун ихээр хүсдэг. Магадгүй зарим тохиолдолд танд зарим хүмүүсийн нийтэлсэн зүйлс, зүй бус зураг таалагдахгүй бол дармаар санагддаг биз дээ.
Гэхдээ Цукерберг ийм товч нэмбэл хэтэрхий их сөрөг хандлагатай болно гэж үзсэн учраас Таалагдсангүй гэдгийг нэмэхгүй тухай байнга хэлдэг.