Өөрийгөө ихэд голдог нэгэн хүн байжээ. Шувууд түүнд нэг удаа ингэж хэлэв. Миний далавч чинийх шиг ч болоосой” гэж…
Сэтгэл гэж чухам юу вэ? Сэтгэл зүрх гэж холбодог ч чухамдаа зүрх бол бодь биеийн эрхтэн харин сэтгэл нь оюун санааны эрхтэн юм. Хүн гэгч оюун санаандаа юуг ч услан ургуулж, хатааж хагдруулж болдгийн жишээ болсон <сэтгэл>бол хүн төрөлхтний нийтээрээ бүтээсэн хамгийн ижил төст ухагдахуун билээ. Түүнд цус цутгахгүй, тэр цохилохгүй, тэр харагдахгүй бас баригдахгүй атлаа хамгийн чангаар уйлж, хамгаас сайхан инээмсэглэж, ямарч эрхтнээс илүүтэй өвдөж, сульдан доройтох нь бий.Эго болгон бодит амьдралаас хүртсэн туршлага, мэдрэмж, сэтгэхүйгээрээ оршдог ч түүний жолоодлого нь сэтгэл гэх эрхтэн мөн. Хүн сэтгэлдээ юуг хэр хэмжээгээр багтааж чадна тэр хэрээр өсч ургаж, бөхийн мөхөж байдаг. Аливаамэдрэмж бүхэн байх ёстой хэр хэмжээнээсээ хэтэрч сэтгэл дүүргэвээс үерлэн сүйтгэгч хүч болно. Тэдгээрээс эерэг бас сөрөг нөлөөллөөрөө хамгийн хүчтэй нь шунал хүсэл юм. Зүгээр л нэг махан бие, цусан гүйдэлтэн байхгүйн тулд ямар нэг зүйлд шунан дурлаж, түүн рүү тэмүүлэн тэмцэж байдаг хүний төрөлх араншингийн төгс үнэмшлийг хүсэл мөрөөдөл гэе.Үгүй дутуугаа нөхөн өрөөлд буйг өөртөө бий болгох гэж хэзээ ч гүйцэхгүй эрэлт хэрэгцээний төлөө махран зүтгэх ажилчин шоргоолж мэт амьдралд юуг та эрхэм болгодог вэ? Хааяа бид жинхэнэ эрхэм зүйлсээ бүдэгрүүлэн мартчихаад нийгмийн үнэлэмжид нийцүүлсэн шунал хүслээ мөрөөдөл гээд итгэчих нь олонтой. Яг үнэндээ хэтэрхий холоос, хэн нэгнээс хайсан тэр мөрөөдлүүд танд, таны амьдралд агуулагдаж байдаг.
Жишээлэхэд, би намарт дургүй. Хоног өдөр цаашлах тусам хүйтэн жавар наашилдаг учраас тэр. Өвөлд ч мөн адил. Даарах дургүй, зутрах бүр ч дургүй.Гэвч дэлхийн хаа нэгтэй хэн нэгэн намрын ойн навчин дэвсгэр дээр хэвтэж буцах нарыг аргадан аяархан дуу аялахыг мөрөөдөж суугаа. Гэрэл нэвчсэн шаргал навчсын зургийг хараад хөл нүцгэн туучих хүсэлдээ автан байгаа. Газар гаслам халуунд зүдэрсэн олон сая хүн шинэхэн цасны сэнгэнэсэн үнэрийг ховх сорж, нүд гялбуулсан цасан талстууд дээр мөрөө гаргажүзэхийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн буй. Тэдэнд мөрөөдөл болон үгүйлэгдэх бүхнийг бид агуулдаг. Эсрэгээр бидэнд их усан далай, тэнгэр баганадсан орд харш,алмас эрдэнэс, газрын тос, ганган тансаг нь дэндсэн хөгжил дэвшил үгүй. Өрөөл бусдад буй тэднийг бид мөрөөддөг. Гэвч шопрод шиг эгнүүлж өрсөн өндөр байшингуудын жижиг зайнд давчданамьдрах сая сая хүмүүс бужигнаж төөрөлдсөн нийгмээс залхахдаа зүгээр л жирийн малчны аж амьдралынамар жимрийг нэг насаар хайдаг. Хиймэл ногоон эсвэл хэтийдсэн дулаан уур амьсгалд хатаж чанараа гээсэн зүлгэн дээр алхах залуус өглөөний шүүдэр өвсний толгойг бөхийлгөж наранд гялбах агшинд чийгтэй зүлгэн дээр алхаж үзэхийг хүсэмжилдэг. Химийн найрлага нэвчсэн бороонд хэдэн ширхэг үсээ мулзлуулчихгүйн төлөө айж зугтаж явдаг бусдын зовлон, амиа зогоож л байвал шаар шавхруутай ч хамаагүй ганц балга ус олохын төлөө тамираа барах их гачаал бол бидний үл мэдэх ертөнц. Гэтэл хаа нэгтэй хэдэн сардаа л хэдхэн дуслаар ордог бороог бид хувин хувингаар асгарах чимээтэй нь, өнгө алаглуулан татах солонготой нь, эрхэс гялбуулан цахилах гэрэлтэй нь, эрвээхэй наадах эрээн цэцэгстэй нь эзэгнэдэг. Газар нутгийнх нь тэн хагасаас илүүг ноёрхсон гүн усан далайн хязгаарт хаяагүй уудам их газар байдгийг сонсох төдий мэдэх хүмүүс эцэс төгсгөлгүй тэр л тал нутгийн тэг дунд нь зогсож, торох зүйлгүй нисэлдэх салхины өрөөсөн жигүүрч атугай болохсон гэх мөрөөдөлтэй.
Газрын тосоор хөлжиж, алт мөнгөнд “живлээ” ч эгэлгүй амиа эрдэнэсээс болж алдагсдын байгаа бүхнээ төлөөд авах эцсийн хүсэл нь энх тайван. Тэнд эндгүй бөмбөг дэлбэрч, түгшүүрийн дохио хангинах чимээгээр амьдрал нь заагддаг дайны бүс дэхь эгэл иргэдийн туйлын мөрөөдөл нь эрх чөлөө. Торонд хашигдсан тоть байснаас торгомсог элсний гүрвэл ч болтугай болохсон гэх мянга мянган гэм зэмгүй ард түмэн тийм нийгэмд хүн болж төрсөндөө харамсан шүүрс алддаг.Хөгжиж цэцэглэсэн гүрний баян тансаг, бартаа саадгүй амьдралтан байлаа ч эдээр эзнийг нь шалгадаг хорвоод чин сэтгэл, гүн итгэлгүй ангалд унахдаа хүнээс мөнгө биш хайр үнэрлэхийг мөрөөсч ганцаарддаг. Далайн чийглэг уур амьсгалаас шалтгаалан үргэлжид бүрхэг тэнгэр дор амьдрах арлын жижиг улсын иргэдийн дээш харах бүртээ тэнд бий гэж итгэж найдах мөрөөдөл нь гялалзах одод, мэлтийх саран, цэлийх цэлмэг тэнгэр. Тэдэнд харагдахгүй ч тэнд л байгаа тэр мөрөөдөл нь бидний дэргэд буй.
Зүүдэндээ ч үл үзэх бусдын мөрөөдөл бүхэн бидэнд агуулагддаг. Учир нь будрах цас, шиврэх бороо, нахиалах цэцэгс, унах навчист дөрвөн улирлын онцгой мэдрэмж бүхэн биднийх. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах амар амгалан, дэлгээд тавьчихсан хадаг шиг ээрэм тал, тал зүсэн урсах цэнгэг ус, түүнд зүсээ тольдох цэлмэг нүүртэй цэнхэр тэнгэр, түүнээс урсах ариун нулимсан хур, хурын усыг тэнгэрт нь амтлах даль жигүүртэн, нүдний аяганд унах мэт илхэн харагдах гараг эрхэс цөм биднийх. Гудамжинд явсан этгээд араас буу тулгавал “битгий тоглоод бай найз аа” гээд инээмсэглэн харахаар тийм л амар амгалан, эрх чөлөөний орон манайх. Дээш харсан савыг хэсэгхэн авахдаа хоосон буцаадаггүй өглөгч сэтгэл, дөтлөөд ирэх гийчинг угтаж тосоод ундаар цайлах хүн чанар биднийх. Ийм л учраас зүгээр ч нэг олдоогүй аз жаргалаа, танд л гэж заяагдсан хувь тавилангаа, өөрт тань агуулагдах бусдын мөрөөдөл бүхнийг үнэл бас хайрла.
Т.Номин-Эрдэнэ