Д. Сарандаваад итгээд БАЯЖЛАА ЮУ, компьютерийн цаана суугаад БУРЗАЙЛАА ЮУ?

мөнгө 1

Мөнгийг цаас биш, амьдарлын гол хүчин зүйлээ болгож хардаг цорын ганц амьд биет бол оюун ухаант хүмүүс билээ.  Энэ бөмбөрцөг дээр амьдарч буй бүх л хүмүүний амьдралд “соронз” мэт нөлөөлдөг асар хүчтэй зүйл.

Мөнгө мөрөөдлийнхөө оргилд хүрэхэд хөтөч, буянтан, аль эсвэл төсөөлөшгүй зовлонд унаган зуучлагч, шидтэн юу ч байж болох юм. “Хөдөлмөрийн амт шимт мөнгө” гэх нь ч бий. Тиймээс хэн хөдөлмөрлөж байна, хэн нь бэлэнчилж байна тэр бүхнийг мөнгө алаг үзэж, ангилж орхидог нь оргүй зүйл биш. Мөнгө сүйхээтэй, сэргэлэн нэгний гарт бөөнөөрөө орж ирэх ч, залхуу, самбаагүй нэгэнд од олж харахтай адил тийм л ид шидтэй зүйл. Гэхдээ хар хөлсөө  дуслуулан байж насаараа хөдөлмөрлөөд ч мөнгө гэх ид шидтэнд “сөгдүүлж” амьдрах иргэд олон. Зарим хүний гарын салаагаар урсах мөнгө, зарим нэгэнд үнэхээр хүсээд гуйгаад мөргөөд ч ирдэггүй.

“Хямрал” гэх их шуурга Монголчуудыг тойролгүй ширүүхэн дайрч эхлээд нэлээдгүй хугацааг үдлээ. Хүн бүр хямралын энэ шуургыг давж гарах хэцүүхэн асуудалтай нүүр тулж, зарим нэг нь “сөрж” зогсох тэнхэлгүй болжээ.

Хямралын хор уршгаар олон ч албан байгууллага үүд хаалгаа барилаа, олон ч хүн ажилгүй болж, лааз өшиглөхөд хүрэв. Зарим нэгэн байгууллагууд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж арай ядан ажилчдынхаа цалинг тавиж буй сурагтай. Томоохон уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа хоёр гурван сараар зогсоож, ажилчидынхаа цалинг  60 хувиар бодож олгодог байсан бол сүүлийн саруудад таг хаалгаа барьсан дуулдана.  Нөгөө сул зогсолтын 60 хувийн цалингаа ч бодож олгохоо больсон гэнэ. Энэ мэдээг дуулсан уурхайчин залуус бөөн бөөнөөрөө гурван сарын хугацаатай Солонгос улс руу бэлчиж байгаа аж.

Энэ мэтчилэн эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөөд ч “хямралын хүнд шуурга”-ын өөдөөс эгцэлж зогсох зоригтой аавын хүү, ээжийн охид хүчин мөхөсдөж байх шиг.

Гол үндэс суурь нь өнөөх л мөнгө. Мөнгө үнэхээр хүмүүсийн хүчийг мөхүүлж, хүслийг биелүүлж чаддаг шидтэй зүйл юм гээч.

Хямралд өртсөн Монголчууд сүүлдээ янз бүрийн сүсэг бишрэл, элдэв хялбар аргад итгэж  мөнгө гуйж суудаг болжээ.

Сүүлийн үед  “БУРЗАЙ, БУРЗАЙ” гэх нэртэй арав, хорин мянгатын дэвсгэртүүдийг эгнүүлэн өрсөн, эсвал “АЗ” гэсэн бичигтэй мөнгөний зураг цахим ертөнцөд ёстой “од” болж байх шиг байна.

”"

Тэрхүү зурганд итгэгч,  идэвхитэн гишүүд нь дандаа залуучууд байгаа харагдах юм.

“Лайк дарвал баяжина”, “шэйр хийвэл мөнгөтэй болно“, “коммент бичвэл БУРЗАЙНА” ч гэнэ үү, ёстой арга мухардсан хүмүүс л ийм алхам хийгээд сууж байдаг болов уу.

Фэйсбүүкээр дүүрэн БУРЗАЙ, БУРЗАЙ гэх үгс. Ихээхэн мөнгөний бараа харъя гэвэл фэйбүүкээр аялаад л хормын дотор харах боломжтой.

Эдгээрээс анзаарч байхад манай залуус хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон юм шиг. Компьютерийн цаанаас хэдэн товч дараад, “БУРЗАЙХ болтугай, баяжих болтугай” хэмээн хий хоосон найдвар тавин суух залуус үнэхээр хөөрхийлөлтэй. Ингэж сууснаар хэнч тэдэнд бөөн мөнгө өгөхгүй. Нэг үгээр хэлбэл тэд гэнэт их хэмжээний  мөнгө тэнгэрээс унаад ирэх юм шиг хандлагаар хандаж байна.

За мөн тэнгэр бурхнаас мөнгийг хэтэвчээрээ хэд даллаад буулгаад ирдэг ид шидтэй хүн манай Монголд байна. Тэр нь АУРА ТӨВИЙН ТЭРГҮҮН Б САРАНДАВАА гэх хатагтай.

2500 хүний суудалтай Бөхийн өргөө, 3500 хүний суудалтай УВ пласийн танхимыг фэнүүдээрээ дүүргэж чаддаг Б.Сарандаваа авхайгийн билет олдоггүй гэж байгаа. Мөнгөгүй ядарсан иргэдийн сэтгэхүйг овжин ашиглаж чадсан Б.Сарандаваа үнэхээр маркетинг сайтай, сүйхээтэй нэгэн.

Би өөрөө Сарандаваа хатагтайн лекцинд сууж үзсэн. Үнэхээр л Бөхийн өргөө, Улаанбаатар пласийн суудал пиг дүүрдэг юм билээ. Хурсан олон түмэн итгэж байгаа гэж жигтэйхэн. Иргэд Сарандаваагийн хэлсэн үг бүрийг нь нэг бүрчлэн дагаж хэлнэ. Тэрээр “та бүхэн сэтгэлдээ чин сэтгэлээсээ залбирвал таны гурван хүсэл биелэнэ” хэмээн айлдана.

“Дотроо байр, машинтай болгож өгөн үү хэмээн залбираарай” гэх үгэнд иргэд чин сэтгэлээсээ залбирч, мөргөж байгаа харагдана лээ. Үнэхээр Сарандаваагийн лекцинд суугаад санасан бүхэн нь биелэдэг бол түүнд сөгдөж мөргөхөөс яалтай билээ.

Түүнчлэн “мөнгө минь өсөн арвижиж ,мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай,миний мөнгө борооны дараах мөөг шиг маш хурдан олон болж өсөн үржих болтугай “ хэмээн хурайлуулж, даллуулж байгаа харагдсан.  Сарандаваа эгчээ та үнэхээр ингэж шившээд л мөнгөтэй болгож чаддаг бол  буяныг бодоод ард түмнээ бүгдийг нь энэ жилдээ багтаагаад баян болгочих л доо.

”"

Б. Сарандаваагийн цол гуншинг дурдвал хэтэрхий их юм билээ.

“Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозабекийн хүндэт эдийн засагч, философич гэх мэт цол гуншинтай.

Зөн билэг, бурхан тэнгэр, бөө мөргөл хайж хаа нэгтэйгээс ид шид гараад ирээсэй гэж хүсдэг хүмүүсийг хөөрхөн ашиглаж бизнес ухаан гэдгийг утгаар нь харуулдаг Б.Сарандаваа ийм олон цол гуншинтай байхаас ч яахав.

Дэлхийн шилдэг лекторын лекцэнд мөнгө төлөх нь бүү хэл, үнэгүй байсан ч танхим нь үзэгчдээр дүүрдэггүй шахам атал Б.Сарандаваагийн лекцинд сууж хэтэвчээрээ мөнгө даллавал баяждаг гэх сургаар тасалбарын үнэ төлөнхөн хэтэвчээ барин шаагилдах иргэд өрөвдөлтэй.

Тархиа гашилган бодож, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж олсон мөнгө үнэ цэнэтэй, үргэлжийн баяр баяслыг дагуулна.

Мөнгө зоригтой хүнийг дагана. Эргэж буцсан, эргэлзэж тээнэгэлзсэн зориггүй хүнд мөнгө ил гарч нэг харагдан, далд орж нэг нуугдан тохуурхана. Зоригтонд хувь заяа тусалдаг. Мөнгө тэвчээртэй хүнийг дагана. “Гайхамшгийг хүсч байгаа хүнд тэвчээр хэрэгтэй”. Их мөнгө хүсч байгаа бол бүр их тэвчих учиртай.

Түүнээс биш ид шидийн юм шиг тэнгэрээс танд бэлэн мөнгө буугаад ирэхгүй. Компьютерийн цаанаас удирдаад бороо шиг их мөнгө сул ороод ирэхгүй.

Сарандааваад итгээд, компьютерийн хэдэн товч дараад мөнгөтэй болно гэдэг юу л бол. Эцэст нь хэлэхэд  Д. Сарандаваагийн лекцинд суугаад БАЯЖЛАА ЮУ, компьютерийн цаанаас товч дараад БУРЗАЙЛАА ЮУ?  л гэмээр байна.

Bolod.mn

 


Д. Сарандаваад итгээд БАЯЖЛАА ЮУ, компьютерийн цаана суугаад БУРЗАЙЛАА ЮУ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: зочин Огноо: 14 October 2015 Reply

ЯГ ҮНЭН. ЗҮГЭЭР СУУГААД МӨНГӨ МӨРӨӨДӨӨД ХҮМҮҮСИЙГ МУУЛААД СУУЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД ҮНЭХЭЭР ӨРӨВДМӨӨР.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.