Мандухай сэцэн хатан

Мандухай хатанТүмэд аймгийн Энхүд овогтон. Цоросбай төмөр гэдэг хүний охин болж 1448 онд төржээ. Мандуул хааны \1463-1467 онуудад хаан ширээнд сууж байсан\ бага хатан болжээ. Мандухай төрөлхийн цэцэн сэргэлэн бөгөөд залуу бага насандаа Мандуул хаантай ураглаж эш хатан болсон тул мандухай цэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай цэцэн хатан хоёр гүнжтэйгээ бэлэвсэн хоцорчээ. Энэ үеэс Чингис хааны алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн нь Мандуул хааны ач Баянмөнх  жононгийн өнчирч хоцорсон хөвгүүн Батмөнх байв. Гэвч энэ хүү насан бага байлаа. Гэтэл хааны суурийг хоосон удаан байлгавал феодалууд хоорондох самуун дайн улмаар ширүүсч зөрчил тэмцэл нь хурцдаж Мнголын хаант төр хямрах болно гэдгийн Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан шинэ хааныг тодруулж хаан ширээн залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай цэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Сурвалж бичигт тэмдэглэсэнийг үзвэл Батмөнх нь Мандуул хааны хүү Баянмөнх жононгийн хатан шихир тайхугаас төрсөн хөвгүүн юм. Ойрад монголын Исмэл тайж зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугатааж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч хоол унд муутай байлгаснаас бэтгэ өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангуудын Төмөр хадаг гэдэг хүн Батмөнхийг Багайгаас булаан авч өөрийн эхнэр сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан иргэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийг илаарь болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай цэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан алтан ургийн ганц ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хорчин аймгийн Хавт Хасарын хойчис Өнөболд ван илч илгээж мандухай хатанд “Галыг чинь цохиж, нутгийг чинь өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:
Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү?
Хасарын үр чиний өвийг бид иднэ үү?
Өргөж үл болох үүдтэй билээ
Алхаж үл гарах босготой билээ
Хааны минь үр байтал
Хасарын үр чамтай юу гэж гэрлэх юм бэ? гэж хариу барив.
Гэвч тэр зөв шийдвэр гаргахын тулд бас бусдын саналыг сонсож Алагчигуудын сатайгаас: өнөболд вантай гэрлэж суувал таарна уу, үгүй юу? Гэвэл Сатай: Өнөболд ванд зусардан Өчүүхэн хүүхдийг хүлээхийн оронд Өнөболдод очих нь таарна гэж хариулжээ. Мандухай сэцэн хатан үүнийг дахин бодолхийлэн Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асуувал:
Хасарын үрд очвол
Хар мөр татаж
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдана
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт автагдаж
Хамаг улсаа эзэлж
Хатан нэрээ алдаршуулна
Цагаан хөвгүүнд очвол
Цагаан мөр татаж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршина гэж хэлжээ.

Энэ хоёр хүний саналыг сонсоод Мандухай сэцэн хатан өмнө нь хоёр зам байгааг олгож байв. Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаант төр Чингис хааны алтан урагтнаас хасарын хойчист шилжих учраас зөрчил тэмцэл хурцдаж, их самуурал үүсэх болно. Тиймээс Өнөболдын саналыг хүлээж авахгүй, Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж хаан суурийг хадгалахаар шийдэж өөрийн хайр сэтгэлийг хойш тавихаар сэтгэл зориг шулууджээ. Тэгээд Мандухай сэцэн хатан Сатайд:
Хааны үрийг өчүүхэн гэж
Хамаг улсыг үгүй гэж
Хасарын үрийг их гэж
Хаашаа үг хэлэх буй
Хэмээгээд халуун цайг тэргүүн рүү нь асгаж гэрээсээ хөөн гаргажээ. Үүний дараа 33-тай байсан Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан, гурван давхар гутал өмсгөн, Алагчуудын үнээний алаг лонхтой архийг авч, эзэн Чингисийн найман цагаан ордны өмнө очоод, суут хаан, хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөхдөө:
Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ
Хааны чинь үр нярайдав гэж
Хадар авхайн үр гавьяа гэхэд
Хан ордны дэргэд ирэв
Алаг морины зүс үл танигдах газар бэрлэм билээ
Ачит үр чинь авья гэхэд
Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би
Айх амь минь алдарав
Ичих нүүр минь эвдэрэв
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өнө-балад энд эчихүл
Уурга чинь урт, хуйв чинь агуу буй намайг уураглж ав
Чиний үрийг өчүүхэн гэж басан авахул
Өнөбалад унг уургалж ав
Харь бүрсэн хан хөвгүүн төрж
Хан хөвгүүн чи халив гэж
Хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу
Эр богд эзэн минь хөвгүүн төрж бүлгээ
Эзэн хөвгүүнийг минь алдав гэж
Эм биеэ мэдэж ичвээс
Эш хатан чиний өмнө эвдүүлсү би гэж хэлжээ хэмээн тэмдэглэжээ.
Мандухай сэцэн хатаны өргөсөн энэхүү өчиг тангарагын үгнээс үзэхэд тэрбээр Монголын хаад язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндлэсэн нь элт ажгуу.  Хар морины зүс үл танигдах газар бэрэм билээ гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг Чингис хаан, эш хатан Бөртэ нарын онгонд мөргөхөөр очихдоо л холоос бэрлэх заншлийг ёслон гүйцэтгэснийг харуулж байна. Монголчуудын дунд эрт дээр үеэс бэрлэх заншлийг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун бэлгийг үнэлэн ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхгүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хадмын талынхаа өөрөөсөө ахмад хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг Хавт Хасарын нэрийг хүртэл Хадар авгай гэж халтируулан хэлсэн бололтой.
Монголын нүүдэлчдийн гэр бүлийн эртний уламжлалын нэг болох Асараху ёс заншлын дагуу эр нөхөр нь хальж одсоны хойно түүний төрөл төрөгсөдийн хэн нэгэн нь бэлбэсэн хоцорсон эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асран тэжээдэг ба энэ ёсыг зөрчин хааны үрийг нялх, балчир хэмээн басан хатан болох хүнийг нь авья гэж Өнөболдыг гуйхад Мандухай журамт бэрийн ёсыг дагаж нөхрийн талын удмын Батмөнхтэй суухын тулд өндөр дээд хадмын орд гэрт ирж тангараг тавьхад хүрчээ.
Монголын эртний заншил ёсоор айлын бэр хүн, хадмын гэрт хамаагүй орохгүй, хадам эцгийн голомтноос өнгөрч хоймор гарах ёсгүй ба гэрээс гарахдаа нуруугаа үзүүлэх цээртэй байжээ. Гэвч нөхцөл байдал ийм болсон тул Мандухай арга буюу бэрийн хүндэтгэлийн ёсыг алдаж өндөр өвөг хадмын гэрт ирж өчил өчиж тангараг тавих болсноо “Айх сэтгэл минь алдрав, ичих нүүр минь эдэв” гэж хэлжээ. Үнэхээрч суут богд Чингис хаан, суутай хатан Бөртэ үнсний онгоныг оршуулсан орд гэр бол Мандухайд тэр цагийн ёс журмийн үүднээс бол өргөж болохгүй  үүдтэй, алхаж болохгүй босготой, алдар хүндэт өндөр хадмын өргөө орд мөн билээ.
Мандухайн тангараг “Хаан хөвгүүн чиний халив, гэж хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу, эзэн хөвгүүнийг чинь алдав гэж эм хөвгүүн биеэ мэдэн эчивээс эш хатан чиний өмнө эвдүүлсү би ” хэмээн хатуу чанга өгүүлснээс үзэхэд эр нөхөр нь нас барсан боловч эмэгтэй хүн биеэ мэдэж нөхрийн ургаас гадуур дахиж ураглаж үл болохыг маш тодорхой заасан хэрэг мөн.
1470 онд Мандухай сэцэн хатан нас бага Батмөнхийг хаан ширээнд залж суулгаад даяар олныг нэгтгэн зангидах, “Даян хаан” хэмээн өргөмжилж удалгүй арван хэдтэй байсан Батмөнх даян хаанд биеэ залуулж хатан нь болж “Эрхт боржигоны галыг шатаасан” байна.
Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд Сайтар саадаглаж садарсан үсээ хураан сайн даян хааныг үхэглэж \үхэр тэргэнд суулгаж\ мордов гэж тэмдэглэсэн байдаг.
Мандухай сэцэн хатан зүүн баруун түмэн Ойрадын нилээд хэсгийг улс төрийн арга эв дүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзлэж аваад тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ.
Ийнхүү Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан:
Бурхан тэнгэрийн ивээлд шүтэж,
Богд эзний үрийг тэтгэн
Буруу гэмтнийг гишгэн оруулж
Бутарсан төрийг нь хашиж өглөө
Эзэн хаан өссөн тул
Эрхэм түшмэл таньд тушаасугай
Үүнээс цаашид та нар засгаа баригтун
Эм хүн над хамаа юун хэмээн Батмөнх даян хаан, бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд, өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхагласан байна.
Мандухай, Батмөнх нарын үед феодалын дотоодын дажин хямрал түр дарагдаад сурвалж бичигт тэмдэглэгдсэнчилэн хүн ард нэг хэсэгтээ гар газар, хөл хөсөр, харьцангуй амгаландуу байсан учир тус орны үйлдвэрлэх хүчний хөгжил болон тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд дөхөм үзүүлжээ.
Мандухай сэцэн хатан Батмөнх Даян хаанд биеэ залуулах үед, Чингис хааны найман цагаан ордны өмнө даатган залбираад үрийн хутаг гуйхдаа:

Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваа
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлье гэсэн бөлгөө.
Ийн мөрөөдлөө биелүүлэх мэт Долоон хүү нэг охин заяажээ. Тэдгээр нь Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Ачиболд, Очирболд, Ар болд хэмээн долоон хөвгүүн, Төрөлт гүнж нэртэй нэгэн охин төрүүлжээ. Түүний Улсболд хөвгүүн баруун гурван түмэнд алагдаж, үлдсэн зургаан хөвгүүн тус тус Урианхай түмэн, Цахар түмэн, Халх түмэн, Ордос түмэн, Түмэд Түмэн, Еншөөбү түмний ноён болов. Мандухай сэцэн хатан Монгол улсын түүхнээ үүрд дурсагдах гавьяатай бөгөөд түүний дэмээр Батмөнх даян хаан бүх Монгол улсаа 40 жил нэтгэн захирч, “… Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” билээ.


Мандухай сэцэн хатан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.