“Тээгч эх” хэмээх шинэ төрлийн гэмт хэрэг

indexАнагаах ухаанд “тээгч эх” гэдэг ойлголтыг хэрэглэх болжээ. Энэ нь үр заяах боломжгүй эмэгтэйн өндгөн эс, эрэгтэйн бэлгийн эсийг Анагаах ухаанд “тээгч эх” гэдэг ойлголтыг хэрэглэх болжээ. Энэ нь үр заяах боломжгүй эмэгтэйн өндгөн эс, эрэгтэйн бэлгийн эсийг биедээ суулгаж жирэмслэх замаар хүүхдийг нь төрүүлж өгдөг.

Энэтхэгийн эрүүл биетэй эмэгтэйчүүд ийм аргаар мөнгө олж, бусдад туслах явдал их байгааг саяхан зурагтаар үзсэн юм. Монголд ч ийм зүйл байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэвтрүүлж байна. Тэгвэл сүүлийн үед анагаах ухааны энэхүү шийдэлтэй төстэй гэмт хэрэг гарах болсон байна. Үүнийг мөн л “тээгч эхээр ашиглах” гэж албаныхан тодорхойлж байна. Тодруулж хэлбэл, монгол хүүхнүүдийг жирэмслүүлж нутагтаа аваачаад хүүхдийг нь төрсөн хойно цагаачлалын цагдаа нартаа барьж өгч нутаг буцаадаг шинэ төрлийн хэрэг гарах болсон байна. ЦЕГ- ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт /хуучнаар Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар/ энэ төрлийн хэд хэдэн хэрэг бүртгэлтэй байдаг ажээ. Монголын цагдаа, дипломат албадын санааг зовоож буй хоёр хэргийн талаар сэрэмжлүүлэх үүднээс энд өгүүлье.

Эрүүгийн цагдаагийн газарт энэ оны нэгдүгээр сарын 6-нд нэгэн албан тоот иржээ. Энэхүү албан бичгийг Хан-Уул дүүргийн XI хорооны Засаг дарга Түвшинжаргал явуулсан байж. Хорооныхоо иргэн хоёр хүүхдээ БНХАУ-д алдсаныг сонсоод хүний наймааны золиос болсон байж болзошгүй гээд цагдаад хандсан нь энэ ажээ. Энэ хэргийг хүлээж авсан ЭЦГ-ын Гэмт бүлэглэл, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Халиунбаяр хэргийг шалгуулахаар УМБГ-т хандсан байна. Ингээд цагдаагийнхан холбогдох мэдээллийг цуглуулж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын иргэн Б хэдэн жилийн өмнө БНХАУ-ын иргэн Дүан Юүн Дүнтэй хамтран амьдрах болсон юм байна. Дүан Юүн Дүн Хятадад очиж сайхан амьдаръя гээд бүсгүйг дагуулаад явсан аж. Ингээд Эрээн хотын ойролцоохь сууринд амьдарч байхдаа дундаасаа нэг хүүхэдтэй болжээ. Тэр хүүхэд одоо долоон настай. Ааваар нь овоглож хятад нэр өгч БНХАУ-ын иргэншлээр бүртгэжээ. Үүний дараа хятад эр эмэгтэйд гар хүрч, элдвээр доромжлох болсон байна. Үүний улмаас эмэгтэй хүүхдээ аваад Монголд иржээ. Монголд ирсний хойно Дүан Юүн Дүн хойноос нь ирж Б-тэй эвлэрч хэсэг хугацаанд хамт амьдарчээ. Ингээд тэдний дундаас дахин нэг хүүхэд төрсөн байна. Хос хоёр албан ёсны гэр бүл болоогүй байсан тул хүүхдийг ээжээр нь овоглож Монголын иргэншлээр бүртгэж монгол нэр өгчээ. Хоёр дахь хүүхэд төрсний дараа тэд дахин Эрээний цаана очиж амьдарсан байна.

Гэтэл урд хөршид очсон хойноо өнөөх эр зангаа хувиргаж, эмэгтэйд гар хүрч эхэлсэн байна. Бүр Б-г хууль бусаар БНХАУ-д амьдарч байгаа хэмээн цагаачлалын цагдаа нарт мэдэгдсэн бололтой. Хятадын хууль чанга хатуу учраас эмэгтэйг шууд л албадан буцаажээ. Харин долоон настай болон Монголын иргэнээр бүртгэсэн хоёр настай Т хүүг нь хятад эцгийнх нь гарт үлдээсэн байна. Өөрт нь хайртай, сайхан амьдруулна гэж аваад явсан хятад эр нэг л өдөр бүсгүйн амьдралыг ийнхүү там болгожээ. Амьдын хагацал үзсэн эмэгтэй ядаж өөрөөр нь овоглосон хоёр настай хүүгээ буцааж авъя хэмээн цагдаа, Гадаад харилцааны яамны Консулын газарт хандсан байна. Энэ дагуу холбогдох албаныхан БНХАУ-ын талд хандаж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Харин цагдаагийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг саяхан өөрчлөх үеэр энэхүү хэргийг нэгдүгээр сарын 30-нд Нийслэлийн прокурорын газраас татаж авсан байна. Улмаар хэргийг УМБГ-аас нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Гэтэл саяхан мөрдөн байцаагч нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хятадын шүүх Монголын иргэн Б-гийн хоёр хүүхдийг эцгийнх нь халамжид үлдээх эцсийн шийдвэр гаргасан учраас Монголд ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэн бололтой. Нөгөө талаар иргэн Б цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоо эргүүлэн татсан ч байж магадгүй байна.

Гадаад хүн гэхээр соёлтой, боловсон, эсвэл мөнгө хөрөнгөтэй хэмээн бурханчлан шүтдэг. Гадаад явахыг аз жаргалын үүд нээгдлээ гэж боддог хүмүүс бий. Ийм хүмүүс хүний наймааны золиос болох нь элбэг гэдгийг цагдаагийнхан хэлдэг. Хүний хайр сэтгэлийн асуудлыг хязгаарлах аргагүй. Харь улсад гадаад хүнтэй өнөр өтгөн, баян чинээлэг, сэтгэл түвшин сайхан амьдарч байгаа олон монголчууд бий. Амьдрал баян болохоор бусдад хууртагдаж зовж яваа нь ч цөөнгүй байна. Саяхан ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан охиноо хятад эцэгт нь алдсан эмэгтэйн гомдлыг хүлээж аваад байгаа ажээ.

Энэ талаар эх сурвалж, “Монгол Улсын иргэн Х-гийн хамтран амьдрагч болох БНХАУ-ын иргэн Б нь хүүхдээ авч үлдээд өгөхгүй байгаа талаар гомдол ирсэн. Хэргийг шалгах явцад Хятадын иргэн Б нь өөрийн эгчийн нөхөр болох В-гийн нэрээр хүүхдийг овоглосон болохыг тогтоосон. Хосууд БНХАУ-д амьдарч байгаад эмэгтэй нь түрүүлж ирсэн юм билээ. Гэтэл хятад эр араас нь ирэхдээ найман сартай охиноо хэл сургая гээд Бээжинд үлдээгээд ирсэн байгаа юм. Тэр эрэгтэй Монголын баруун аймагт байдаг нэгэн уул уурхайн компанийн хөрөнгө оруулагч. Монголд ирэхдээ охиноо авчирдаггүй. Ээжтэй нь утсаар яриулдаггүй” гэв.Эмэгтэй охиныхоо барааг хараагүй гурван жил болж байгаа ажээ. Сарын өмнө хятад эртэй арайхийн холбогдож утсаар ярьтал “Охины бие сайнгүй байгаа. Сая хагалгаанд орсон” гэж хэлжээ. Хариуд нь “Охинтойгоо уулзмаар байна. Би одоо яваад очьё” гэтэл утсаа салгасан байна. Эмэгтэй охин дээрээ очих гэсэн боловч БНХАУ-ын хилээр орох эрхийг нь хязгаарласан байжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, охиныг авч үлдсэн хятад эр үе үе манай улсад чимээгүйхэн ирээд буцдаг ажээ.

Индонезийн Жакарта хотын “Мальборн” хэмээх шөнийн цэнгээний газарт монгол бүсгүйчүүд биеэ үнэлж байгаа тухай мэдээлэл дипломат албаны шугамаар манай цагдаагийнханд хүрчээ. Монголд ирсэн гадаадынхан хамгийн түрүүнд Чингисийн талбайд очиж зураг татуулдаг бол Индонезэд очсон жуулчид “Мальборн”-д саатахыг чухалчилдаг байна. Мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт, мансуурлын гол цэг болсон энэхүү шөнийн цэнгээний газарт ихэвчлэн секс-тур хийх гэж хүмүүс очдог ажээ. Хар тамхи хэрэглэвэл турдаг гэсэн ойлголт тэндэхийн биеэ үнэлэгчдэд байдаг бөгөөд зуучлагдаж ирсэн эмэгтэйчүүд нэгнийгээ ийм замаар уруу татдаг байна. Хуулийн байгууллагын эх сурвалж “Гадагшаа явсан биеэ үнэлэгчид Монголд буцаж ирэхдээ хар тамхи оруулж ирэх эрсдэл хамгийн өндөр байгаа. Ийм учраас хилийн цэрэг, гаалийнхантай хамтарч эрсдэл тооцож ажилладаг” гэлээ.

Монголын цагдаа гадаадад ажиллагаа явуулах эрхгүй учраас Интерполын гишүүн орнуудын цагдаагийн байгууллага, Элчин сайд, Консулын газар, Дипломат төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаас өөр аргагүй байдаг ажээ. Одоогоор Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүний наймаатай тэмцэх бүтэц гэхэд 10-хан мөрдөн байцаагчтай. Улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг мөрдөнө гэхэд хүн хүч нь хаанаа ч хүрэхгүй байгаа юм. Хүний наймаатай тэмцэх гэж байгаа бол хүн хүчээ зузаатгах хэрэгтэй гэж зарим хүн хэлж байна.

Эх сурвалж : www.mongoliax.mn


“Тээгч эх” хэмээх шинэ төрлийн гэмт хэрэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.